Баянгол дүүргийн XVIII хороонд байрлалтай “Цэцгэн бууз” цайны газарт өчигдөр 12.00 цагт ороход үүд орчимдоо цаасан хайрцаг дэвсэн алх, хадаас тавин засвар, үйлчилгээ хийж буй байдалтай, ундуй сундуй харагдав. Цааш орох, эсэхээ азнан тэр хавьд зогсоход лангууны араас хэн нэгэн “Онгорхой шүү, ороорой” хэмээн уриалгахан хашхирав. 4-6 хүний суудалтай, 15 ширээтэй тус газарт үйлчлүүлэгч байгаагүй ч “Бүх хоол гарна, эндээ идэж, эсвэл савлуулан аваад явж болно” хэмээн тайлбарласан. Нийслэлд бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг өчигдрөөс бууруулсантай холбоотойгоор ресторан, кафе, сүлжээ болон бусад зоогийн газар, автомашин угаалга, ахуйн зарим үйлчилгээний төвийн үйл ажиллагааг нээсэн. Энэ талаар сурвалжлахаар хамгийн түрүүнд орсон нь дээрх хоолны газар байлаа. Тэндээс гараад мөн тус дүүрэгт байрлалтай “Зочин” рестораныг зорив. 20 гаруй ширээний хоёрт нь дөрвөн хүн суужээ. Бүх ширээндээ хоёр үйлчлүүлэгч суухаар зохион байгуулсан бөгөөд иргэдийн халууныг хэмжин оруулж байсан юм. Үйлчлүүлэгчид и-баримт аппликэйшний тусламжтайгаар QR код уншуулж, ингэх боломжгүй нь нэр, утасны дугаараа бичиж үлдээнэ гэсэн.
Тус рестораны зохион байгуулагчаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээгүй байхад болон өдгөө үйл ажиллагаагаа эхлүүлснээр ашиг орлого нь ямар байгаа, цаашдын төлөвийнх нь талаар тодруулахад “Хэвийн ажиллаж байсан үеийнхээс үйлчлүүлэгч 70 хувиар багассан. Орлого ч тэр хэмжээгээр буурсан. Үдийн цай, оройн хоолны цагаар манай тогооч нар ачааллаа дийлэхгүй байх нь олонтоо. Гэтэл өнөөдөр үдэд нийт ширээний 10 хувьд хүн суусныг та харж байна. Гэхдээ архи, виски зэрэг спиртийн агууламж өндөртэй бүтээгдэхүүн зарах учраас орлого нэмэгдэх болов уу гэж найдаж байгаагаа нуухгүй ээ” хэмээв. Түүнчлэн “Korea bull” сүлжээ хоолны газрын ажилтан хаалга нь онгоймогц жингэнэдэг хонхны дуутай зэрэгцэн “Тавтай морил” хэмээн чанга дуугаар урих нь хоёр сар гаруй “гэртээ байгаа” надад лав таатай сонсогдсон. Тус хоолны газар үйл ажиллагаагаа эхлүүлээд нэг жил ч болоогүй, нийтэд танигдаагүй байхад хөл хорио тогтоосон нь анх гаргасан зардлаа нөхөж чадахгүйд хүргээд буйг эзэн нь дурдав. Харин зэргэлдээх “Арвай” рестораныг ажиллуулдаг бүсгүй “Хэдэн өдөр ажиллаж байтал ахиад бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, “хорьчих” магадлалтай учраас манайх онгойхгүй. Тэгээд ч үйлчлүүлэгч багатай, цагийн хязгаартай болохоор ажилчдынхаа цалинг ч тавьж хүч хүрэхгүй байна, хэсэгтээ харзнаж байгаад цаашид ажиллах, эсэхээ шийднэ” гэлээ.
Өчигдөр 13.00-14.00 цагт KFC үйлчлүүлэгч олонтой байв. Тус сүлжээ хоолны газрын Баянгол дүүрэг дэх хоёр салбарт иргэд захиалга өгөхөөр дугаарлан, зарим нь хүлээгээд сууж байв. Хүмүүсийг хооронд нь зайтай зогсоох, халууныг нь үзэх, QR код уншуулж буй, эсэхийг нь шалгах 1-2 ажилтан томилжээ. Иргэдийн олонх нь захиалсан хоолоо авч гарч байсан бол цөөнгүй хүн сууж үйлчлүүлж байлаа. Үйлчилгээний танхим дахь хүмүүс нэмэгдээд ирмэгц хаалгаа барин, цөөрөхөөр нь оруулж байсан бөгөөд гадна нь хүлээх иргэд ч ганц, хоёр байна билээ. Нэмж хэлэхэд, хоол үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдээс үйлчлүүлэгч хамгийн багатай нь кофе шопууд гэж болохоор байв.
Үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх эрхтэй болсон иргэд, аж ахуйн нэгжүүдийн тоонд гутал болон цаг завсар, барилгын материалын борлуулагчид, автоамашин угаалгын газар багтсан.
Бидний нэрлэж заншсанаар 25 дугаар эмийн сангийн ар талд байрлалтай гутал засварын газраар орлоо. Энд 10 орчим жил гутал засаж буй М.Гансүрэн “Төр онгой гэвэл онгойгоод, хаа гэвэл хаагаад л сууж байна. Хэвийн үеийнхээс орлого мэдээж хэд дахин буурсан. Ажлын байр маань жижигхэн учраас олон хүн орж ирэх боломжгүй. Иргэд гол төлөв утсаар ярьж, засуулах зүйлээ үлдээгээд явж байгаа ч үйлчлүүлэгч ч цөөн байна” гэсэн юм. “Номин” дэлгүүр, зарим эмийн сан дотор байрлалтай, нүдний хараа шалган, шил тааруулагчид, түлхүүр зарж, хувилдаг иргэд лангуугаа нээн, тоосоо арчицгаан, спиртийн агууламжтай бололтой цацлага ийш, тийш цацан, зарим нь арц уугиулаад зогсож байсан нь олон үйлчлүүлэгч ирэхийг хүлээж буй бололтой. Харин автомашин угаалгын газруудад үйлчлүүлэгч олон байв. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт байрлалтай “Аму” автомашин угаалгын газарт нэг ээлжид 7-8 автомашин угаан, дараалалд нь гурав, дөрвөөрөө хүлээж байсан нь ачаалал их байгааг илтгэсэн. Өчигдрөөс үүдээ нээсэн үйлчилгээний аль ч салбарынхан иргэдэд шуурхай үйлчилж, бага цагт аль болох олон хүнээс орлого олохыг чухалчилж буй нь илт. Мөн үүдэндээ гар ариутган, халуун хэмжин, QR код уншуулан, хаана дугаарлах, эсвэл сууж үйлчлүүлэхийг зөвлөх ажилтан томилж, бэлтгэлээ сайн базаажээ гэхэд болно.
Нийслэлийн хэмжээнд ресторан, цайны газар 1800 гаруй, 200 орчим кофе шоп, түргэн хоолны 51 салбар буюу хүнс үйлдвэрлэлийн нийт 2800 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа эхлүүснийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан дурдав. Харин барилгын материалын дэлгүүр, цаг, хувцас, гутал болон авто засвар, угаалга, хими цэвэрлэгээ зэргийг ажиллуулахаар 2564 иргэн, аж ахуйн нэгж өчигдрөөс үүдээ нээснийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба мэдээллээ.