Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан өчигдөр болж, ялын дээд хэмжээ оноосон гурван хэргийг хэлэлцлээ. Хуралдаанаар Н.Хатанбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс ногдуулсан цаазаар авах ялыг 25 жил хорих болгон өөрчиллөө.
Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд өндөр настан хоёр иргэнийг олон удаа хутгалж, амь насыг нь хөнөөсөн. Түүнийг үйлдсэн хэргээ үнэнээр мэдүүлсэн, гэмшиж байгаа зэргийг харгалзан ялыг нь өөрчилжээ. Мөн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн нутагт нагац эгчийгээ нөхөртэй нь хамт хэрцгийгээр хөнөөж хүчирхийлсэн Д.Цэрэндоржид холбогдох хэргийг хянан хэлэлцээд ялын дээд хэмжээг хэвээр нь үлдээхээр шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн эл хуралдаанаар ”хилчдийн” гэх тодотголтой Э.Оюунболд, М.Тулга, Г.Лхагважав, Р.Энхжаргал нарт оноосон ялыг хэвээр үлдээв.