Энэ сарын 1-нээс гурил, боорцог, ахуйн болон ариун цэврийн бүтээгдэхүүн, даршилсан ногоо, хиам, шар айраг зэрэг өргөн хэрэглээний барааны үнэ кг, ширхэг тутамдаа 50-100 төгрөгөөр өсжээ. Тодруулбал, Баянгол дүүрэг дэх “Барс” захад гурил, будаа, гоймон худалддаг Г.Тамир “Он гарснаар “Улаанбаатар гурил” бүтээгдэхүүнийхээ үнийг кг тутамд нь 80 төгрөгөөр нэмсэн. Мөн импортоор оруулж ирдэг, дотоодод үйлдвэрлэдэг гоймонгийн үнэ сүүлийн зургаан сард ширхэг болон кг тутам нь 50 гаруй төгрөгөөр өссөн бол герман, савхан гоймонгийнх жилийн хугацаанд хамгийн их буюу 500 төгрөгөөр нэмэгдэн нэг уут нь 4600-д хүрсэн. Нийлүүлэгчид бүтээгдэхүүнийхээ үнийг 2-3 сард, эсвэл хагас жилд, үгүй бол тэмдэглэлт баяруудын үеэр 50-100 төгрөгөөр өсгөчихдөг нь нууц биш” гэлээ. Тэгвэл тус дүүргийн “Таван-Эрдэнэ” захад цагаан идээний лангуу түрээслэгч Ш.Б “Нэг кг хорхой ааруулыг 18 000, дугуй хэвлэснийг нь 20 000, хэвлээгүй, томыг нь 30 000 төгрөгөөр борлуулж байна. Өрөм кг-ыг нь 22 000, шар тосыг 25 000 төгрөгөөр үнэлсэн. Энэ нь өнгөрсөн долдугаар сарынхтай харьцуулахад хэвлээгүй ааруулаас бусад нь 1000 гаруй төгрөгөөр өссөн дүн. Энэ жил Цагаан сарыг өргөн тэмдэглэхгүйтэй холбоотойгоор малчид, фермерүүд сүү, цагаан идээнийхээ үнийг харин ч ихээр өсгөөгүй” гэсэн юм. Мөн тус захад борлуулж буй “Сэнгүр” шар айраг, “Мах импекс” компаниас бусад 2-3 үйлдвэрийн хиам, ариун цэврийн цаас, нойтон болон хуурай салфетка, даршилсан өргөст хэмх, алаг салат, бүх төрлийн цай, кофены үнэ гурван сарын хугацаанд нэг кг, уут, эсвэл ширхэг тутамдаа 50-100 төгрөгөөр өссөнийг анзаарч болох нь.
“Хүчит шонхор” захад өнгөрсөн бямба гарагт хонины ястай мах бөөндөө 8000-8500, цул нь 8800-9000 төгрөгийн үнэтэй байв. Харин үхрийн ястай махыг бөөний үнээр 8800-11 500, цулыг нь 11 500-12 500, адуу болон ямааны махыг дунджаар 8800-8500 төгрөгөөр борлуулж байлаа. Энэ нь долоо хоногийн өмнөхөөс хонь, үхрийн мах 200-500 төгрөгөөр хямдарсан, адуу, ямааных 500-гаар нэмэгдсэн үнэ аж. Үхрийн цул махны жижиглэнгийн үнэ дээрх захад 13 000 төгрөг байгаа нь долоо хоногт 500-600 төгрөгөөр өссөн дүн болов. Адуу, ямаа, хонины махны үнэ өөрчлөгдөөгүйг борлуулагчид нь хэлсэн юм. Харин “И-март”, “Номин”, “Бөмбөгөр” зэрэг зах, дэлгүүрт үхрийн мах кг-ыг нь 14 000-17000, хониныхыг 10 000-12 000 төгрөгөөр борлуулж буй нь 2020 оны нэгдүгээр сарынхаас нэг кг мах дунджаар 1000-2000-гаар дээшилсэн дүн аж.
Нийслэлийн Статистикийн газрын тайланд дахь 13 зах, худалдааны төвөөр борлуулдаг өргөн хэрэглээний 32 нэрийн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийг эш татдаг. Эдгээрээс ерөнхийдөө тогтмол өсөлттэй байдаг бараанд сүү, цөцгийн болон ургамлын тос, мах, хүнсний ногоо зэргийг багтааж болох юм. Их биш боловч долоо хоног, нэг сар, хагас жилийн хугацаанд 50-500 төгрөгөөр нэмэгддэгийг үнийн графикаас нь харж болно.
Өргөн хэрэглээний хүнс, ахуйн бараанаас гадна хамгийн ихээр өссөн бүтээгдэхүүн бол өвс, тэжээлийнх байв. Орон нутагт арванхоёрдугаар сарын дунд үед нэг боодол өвсний үнэ хамгийн ихдээ 24 000 төгрөгт хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс хоёр дахин нэмэгдсэн дүн болжээ. Хорголжин болон багсармал тэжээл, хивэг, тэжээлийн будаа 25-1000 кг нь 16 000-700 000 төгрөгийн хооронд хэлбэлзэж буй нь жилийн хугацаанд 40-50 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг ч малчид хэллээ. Говь-Алтай аймгийн Төгрөг сумын малчин Ж.Цог “Манай нутагт зуншлага тааруу, ногооны гарц муу байсны улмаас хадлан тэжээл бэлтгэх боломж бага байв. Өдгөө нэг боодол алаг өвсийг бид 15 000, 25 кг хивгийг 20 000 орчим төгрөгөөр худалдан авч буй нь 2020 оны өвлийнхөөс 60 хувиар өссөн гэхэд болно. Гэтэл эм ямааг 50 000, эрийг нь 100 000 төгрөгөөр борлуулах боломжтой байгаа нь арьсных нь үнийг хасвал нас гүйцсэн ямаа эм нь 20 000, эр нь 70 000 төгрөгөөр үнэлэгдсэн гэсэн үг. Энэ бол нэг жилийн дотор малын ханш огт өсөөгүй, харин ч 10 000-20 0 00 төгрөгөөр буурсан үзүүлэлт” гэлээ.
Хэрэглэж дадсан чийгшүүлэгч, тос, энгэсэг зэргийг худалдан авахаар арванхоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт эдгээр бүтээгдэхүүний борлуулалтын цахим хуудсанд хандлаа. Нэг ширхэг нь 60 000 төгрөгийн үнэтэй байдаг бүтээгдэхүүнүүд 20 хувиар хямдарсан гэсэн ч 60 000 хэвээр байв. Хямдралтай бараанд и-баримт олгохгүй гэж хэлэхээ ч борлуулагчид нь мартсангүй. Энгэсэг, тосныхоо үнийг хэзээ өсгөөд, хямдруулсныг нь тодруулбал цахим хаягийн цаад эзэн хариу өгөөгүй юм. Танил бүсгүй маань мөн л цахим худалдаанаас гэрийн эсгий шаахайг 16 000, тэмээний ноосон оймс, бээлийг нийт 18 000 төгрөгөөр худалдан авсан нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарынхаас 20-30 хувиар өссөн дүн болсныг хэллээ. Бас ноосон цамц, дотортой зузаан өмд, өвлийн гутлын үнэ хүргэлтийн хөлсийг нь оролцуулбал нэлээд ахисныг дурдах хүн олон байна. Түүнчлэн бэлэн хувцасны дэлгүүрүүд ажиллаагүй, бараа, бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээг хориглосон зэргээс шалтгаалж тухайн аж ахуйн нэгжүүд хувийн автомашинаараа, оройн цагаар “хулгайгаар” наймаагаа хийж буй. Ингэснээр и-баримт олгохгүйгээр борлуулалт хийх нөхцөл үүсгэсэн бололтой. Хүнс, ахуйн хэрэглээний болон гоо сайхны бараа, бэлэн хувцасны үнэ өссөөр байгаа талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэдээс гомдол, санал хэр ирүүлснийг тодрууллаа. Тус байгууллагад ялангуяа хүнсний бүтээгдэхүүний үнэ үндэслэлгүй нэмэгдсэн гэсэн гомдол нийт санал хүсэлтийн 70 хувь буюу 7401 иргэн, аж ахуйн нэгж ирүүлжээ. Түүнчлэн сүүлийн гурван сард ирүүлсэн гомдлын хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 200 хувиар нэмэгдсэн юм байна. 2019 онд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн болон чанар, нийлүүлэлтэд нь сэтгэл дундуур байсан талаарх гомдол 3150-ийг бүртгэжээ. Ийнхүү жилийн хугацаанд санал, гомдлын хэмжээ гурав дахин өссөн нь хөл хорионы улмаас иргэдийн цалин, орлого буурсан ч мах, гурил, будаа, хүнсний ногоо зэрэг өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсээр байгаатай холбоотой гэж болохыг ШӨХТГ-ынхан дурдлаа. Тус газрынхан импортын бараа, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэн нийлүүлж буй бүх бүтээгдэхүүний үнэд хяналт тавьж, зохицуулах боломжгүйг тайлбарласан юм. Гэхдээ үндэслэлгүй үнэ хөөрөгдсөн, үйлчилгээгээ зохих ёсоор үзүүлээгүй зэрэг шалтгаанаар өнгөрсөн онд иргэдийн 103 сая төгрөгийн хохирлыг барагдуулжээ. Түүнчлэн сүүлийн нэг жилд шатахууны үнэ тогтвортой байж, улаан буудай, бүх төрлийн будаа, ургамлын тосны импортын татварыг тэглэн, цахилгаан, дулаан, хий зэрэг суурь үнийг чөлөөлснөөр компани, аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөхгүй байх боломж бүрдсэн гэдгийг ч ШӨХТГ-аас онцлов. Мөн иргэдэд и-баримт олгоогүй, хураамждаа тохирсон үйлчилгээ үзүүлээгүй, интернэт болон бусад технологийн дамжуулалт саатсан талаарх гомдлыг ШӨХТГ болон Татварын ерөнхий газарт мэдээлэхийг сануулсан юм. Эдгээрээс харахад бараа, бүтээгдэхүүний үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдэхэд бид төдийлөн анзаарч, ач холбогдол өгдөггүй юм байна. Мөн улирал солигдох, баяр ёслол болох, эрэлт ихсэхэд аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөөд дараа нь бууруулдаггүй байдал нэгэнт тогтжээ.