УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар Коронавируст халдвар (“Ковид-19”)-ын цар тахлын улмаас эдийн засагт үүссэн хүндрэл, бэрхшээлийг бууруулах, бизнес эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа. Цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлогыг хамгаалж, зээлийн дарамтыг нь бууруулах зорилгоор ипотекийн зээлийн төлөх хугацааг ирэх долдугаар сарын 1 хүртэл хойшлуулсан. Гэвч жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгчид болон иргэн, аж ахуйн нэгжийн орлого тасарсан хэвээр байгаа тул дээрх төслийг боловсруулжээ. Үүнд банк, банк бус санхүүгийн байгууллагаас олгосон зээлийн хүүг 50-иас доошгүй хувиар бууруулах, төлөх хугацааг нь хойшлуулах талаар тодорхой чиглэлийг УИХ-аас холбогдох байгууллагуудад өгөх талаар тусгасан аж. Тухайлбал, зээлийн төлөх хугацааг энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл хойшлуулж, хүүг нь 50-иас доошгүй хувиар бууруулан, зөрүүг нь санхүүжүүлэх ажлыг зохион байгуулах тухай дурджээ. Мөн банк, банк бус санхүүгийн байгууллагад үүсэх хүндрэлийг нарийвчлан тооцож, шаардлагатай хөрөнгийг гадаад, дотоодын эх үүсвэрээс олох арга хэмжээ авахаар тусгасан байна.