Таны үг, Тамгын газрын үйл ажиллагаа хоёр тэнгэр, газар шиг ялгаатай байна, УИХ-ын дарга аа. “Ковид-19”-ийн улмаас тогтоосон хөл хорионы үед бараг бүх байгууллага мэдээлэл, үйл ажиллагаагаа цахим хувилбарт шилжүүлчихээд байхад УИХ л бахь байдгаараа. Улмаар хууль тогтоох үйл явц үндсэндээ хаалттай болж хувирлаа. Ийм цаг үед УИХ-ын Тамгын газар ядаж 11 байнгын хорооныхоо хуралдааныг албан ёсоор дамжуулах санаачилга яагаад гаргаж болсонгүй вэ. Энэ нь УИХ-ын даргын элдэв хурал, зөвлөгөөний нээлтэд хэлсэн үгийг шууд дамжуулахаас хэцүү юм гэж үү. Эсвэл цар тахлаар далимдуулан хаалттай орчинд хууль хэлэлцэх нэрээр “хор найруулах” гээд байна уу.
УИХ-ын тухай хуулийн 16.1-т “УИХ-ын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь чуулган байна” гээд энэ нь нэгдсэн болон байнгын, дэд, түр хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаанаас бүрдэхээр хуульчилсан байдаг. Мэргэжлийн байнгын хороодод тухайн чиглэл, салбараар мэргэшсэн, ажиллаж ирсэн гишүүд орж ажилладаг бөгөөд тэнд хамгийн чухал хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнөдөг гэж хэлж болно. Холбогдох хуулийн төслийг УИХ-ын хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийнхэн анхны хувилбарыг хэрхэн өөрчлөх саналаа ч ул суурьтай танилцуулдаг учраас байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад гишүүдийн ашиг сонирхлын зөрчил тод ялгарч харагддаг. Харин УИХ-ын Тамгын газраас зөвхөн нэгдсэн хуралдааныг телевизээр шууд дамжуулдаг. Цар тахалтай нүүр тулахаас өмнө сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхан бүхий л хуралдааныг биечлэн сурвалжилж, мэргэжлийн үүргээ биелүүлж ирсэн. Хэдийгээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед үйл ажиллагааг нь хязгаарлаагүй цөөн хэдэн салбарын нэг нь хэвлэл мэдээлэл ч өдгөө бараг бүх редакц ээлжийн горимд шилжиж, сэтгүүлч, ажилтнуудынх нь олонх цахим эх сурвалжид түшиглэн гэрээсээ ажиллаж буй. Үнэндээ сэтгүүлчид коронавирусийн халдвар аваагүйгээ нотлох PCR шинжилгээний хариу бариад өдөр бүр Төрийн ордонд нэвтрэх нь хаана хаанаа эрсдэлийг нэмнэ үү гэхээс бууруулахгүй. Тиймээс ч хэвлэл мэдээлэл гэлтгүй төрийн болон төрийн бус, бүх шатны байгууллага цахим хэлбэрээр ажиллаж, үйл ажиллагаагаа улам боловсронгуй, хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд хүндрэл, чирэгдэлгүй байхаар зохион байгуулж, түүндээ дадаж, хэвшиж байна. Ийм үед УИХ санаачилга, сэтгэл гаргаж, үйл ажиллагааныхаа ил тод, нээлттэй байдлыг хангах нь тийм хэцүү биш байлтай. Үүнийг хийхэд техник, технологийн өндөр хөгжил ч шаардагдахгүй шүү дээ. Цар тахлын үед цахим парламент ингэж ажилладаггүй юм, Г.Занданшатар дарга аа.
УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ “Зөвлөлдөх ардчиллын суурь зарчмыг хэрэгжүүлж, ард түмэнтэйгээ зөвлөлдөн хууль баталдаг, тэдний засаглах эрхийг хангасан парламент болохыг зорьж байна. Үүний тулд ил тод, цаасгүй, цахим парламент болох эхний алхмаа хийлээ. Ингэснээр иргэн та бүхэн УИХ-аар батлах хууль, тогтоолын төсөлд саналаа өгөх, хэлэлцүүлгийн шатанд оролцож, хамтдаа хууль батлах боломж бүрдэнэ. Таны төлөө, тантай хамт хууль боловсруулах, хэлэлцэх, батлах цахим системийг танилцуулж байна. Дэлхийн шинжлэх ухаан, технологийн дэвшлээс бид хоцорч, яст мэлхийн хурдаар араас нь нэхэн дагаж болохгүй. Хөгжлийн түлхүүр болсон технологийн дэвшилд хамтдаа нэгдэж, цэгцрэхийг уриалж байна. Цахим шилжилтийг хурдацтай хийж, улсаа богино хугацаанд орчин үеийн хөгжсөн орон болгоход технологи бидэнд тусална” хэмээн онцолсон. Мөн тэрбээр энэ удаагийн ээлжит чуулган эхэлсний дараахан Цахим бодлогын байнгын хорооны даргын хамт “Монголын парламент цахим боллоо” хэмээн мэдэгдэж байлаа. Харамсалтай нь, цар тахлын энэ үед түүний даргалсан парламент, тэр дундаа байнгын хороодын хуралдаан, тэнд өрнөж буй хэлэлцүүлгийг сурвалжилж, иргэдэд олон талт мэдээлэл хүргэх нь хамгийн бэрх ажил болчих гэж.
Мэдээж цахим парламент гэдэг өргөн ойлголт. Ийм болгохын төлөөх бүх ажлыг нь үгүйсгэх гэсэнгүй. Гэвч хууль, шийдвэрийн төсөл санаачлахаас авхуулаад батлах хүртэл бүхий л шатанд ард түмний дуу хоолойг сонсож, хамтын оролцоог хангана гэдэг чинь худал амлалт болчихлоо, хууль тогтоогчид оо. Тэр дундаа хуулийн төсөл хэлэлцэх үйл явц нээлттэй, ил тод болох нь бүү хэл цар тахлын үед улам ч хаалттай болж байгаагийн илрэл энэ. Аливаа төслийн хэлэлцүүлгийн шатанд хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчдийн үүрэг, оролцоо хамгийн өндөр. Иргэд, олон нийт ямар санал гаргасныг, яаж боловсруулаад, хэрхэн хэлэлцэж байгааг сэтгүүлчид л эхний ээлжид мэдээлдэг. Сэтгүүлчид хүрч чадахгүй байгаа мэдээллийг парламент нь хэчнээн цахимжсан байлаа ч жирийн иргэд, ард түмэн олж авах нь юу л бол. Тэгээд ч мэргэжлийн, мэргэшсэн сэтгүүлчдийн бэлтгэсэн олон талт мэдээлэл парламентын цахим санд байршуулсан төслөөс тэс өөр.
Нэн ойрын жишээ хэлье. Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж эхэллээ. Өнгөрсөн мягмар гарагт Хууль зүйн байнгын хороо 18 цаг хуралдаж, 03.00 цаг хүртэл ажиллахдаа үүнийг хэлэлцсэн юм билээ. Хонон өнжих шахам хуралдахдаа хоёр асуудал хэлэлцсэний нэг нь энэ бөгөөд дийлэнх цагийг нь Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад зарцуулсан сурагтай. Хууль зүйн байнгын хороо 19 гишүүнтэй. Хүндэтгэх шалтгаантайгаар ганц, хоёр гишүүн оролцоогүйг эс тооцвол хууль тогтоогчид байнгын хорооны хуралдаанд бараг бүгд хүрэлцэн ирж, идэвхтэй ажилласан бололтой. Тэгвэл 76 гишүүн бүгд оролцдог нэгдсэн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхдээ хэдэн өдөр зарцуулах бол.
Үнэндээ Шүүхийн тухай хуулийн төслийг шөнө дүл болтол хэлэлцсэнийг нь Хууль зүйн байнгын хорооны зарим гишүүн, ажлын хэсгийн нэр бүхий судлаач, албаны хүмүүсийн нийгмийн сүлжээнд хуваалцсан мэдээллээс гадарласан гэхэд болно. Тухайлбал, уг төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Хууль зүйн байнгын хороо тасралтгүй 17-18 цаг хуралдаж, Шүүхийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн нь нэг онцлог. Парламентын түүхэнд анх удаа байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай шинэ хуулийн дагуу чөлөөт мэтгэлцээнийг нэг цаг хийсэн нь үр дүнтэй, сайн жишиг байлаа” хэмээн фэйсбүүк хуудсандаа бичсэн байв. Харин Хууль зүйн байнгын хороо 20 шахам цаг хуралдаж, түүхэнд байгаагүйгээр ажилласныг нь лхагва гаргийн өглөө УИХ-ын албан ёсны цахим хуудаснаас олж мэдсэн юм.
Эрхэм гишүүд унтах нойр, идэх хоолоо хугаслан хууль тогтоох үйл хэрэгт зүтгэж буй нь сайн хэрэг. Урьд нь байнгын хороо битгий хэл, нэгдсэн хуралдаан ч ийм удаан үргэлжилж байгаагүй нь ч үнэн биз. Гэвч хугацааны хувьд дээд амжилт тогтоосон эл хуралдаан нөгөө талаас хамгийн удаан, хаалттай үргэлжилсэн болж таарах нь. Хууль тогтоогчид энэ олон цагийн турш чухам юу ярьсан, хэн нь ямар байр суурь илэрхийлсэн, гишүүд хэрхэн мэтгэлцсэн хийгээд шүүхийн өнөөгийн тогтолцоог яаж өөрчлөх гээд байгаа талаар тодорхой мэдээлэл, ойлголт авах боломж тун хомс байлаа. Тухайн өдрийн хуралдааныг “Ийгл” телевиз л тодорхой хугацаанд буюу 19.00 цаг хүртэл шууд дамжуулсан. Ингэхдээ тус телевизийн төлөвлөгөөт нэвтрүүлэг, мэдээллийн хөтөлбөр, зар сурталчилгааны дундуур алдаг оног үзэх боломж бүрдэж байв. Үүнд тухайн телевизийг буруутгах гэсэнгүй. Харин ч УИХ-ын Тамгын газрынхнаас ч илүү сэтгэл гаргаж, бүрэн биш ч гэлээ тус хуралдааныг шууд дамжуулсанд нь талархууштай.
Гэтэл анхны хэлэлцүүлэг бол хууль тогтоох хамгийн чухал, шийдвэрлэх үе шат байдаг. Энэ шатанд дэмжлэг хүлээсэн санал үндсэндээ батлагдлаа гэсэн үг. Эцсийн хэлэлцүүлгийн шатанд холбогдох зүйл, заалтууд өөр хоорондоо уялдаж байна уу, бусад хуультай нийцсэн үү гэдгийг тодруулж, төсөлд тусгадаг. Шүүхийн тухай хуулийн төслийн хүрээнд гэхэд л ажлын хэсгээс 76 санал боловсруулж, танилцуулсан бөгөөд тэдгээрийг нэгбүрчлэн хэлэлцэж, дэмжсэн, эсэхээр нь нэгдсэн хуралдаанд танилцуулах ёстой. Нийгэмд шударга ёс тогтоох хөшүүрэг хэмээн хүлээж, найдаж буй Шүүхийн тухай хуулийн төслийг ийн хэлэлцэж байгаа нь харин ч хардлага дагуулж байна. “Энэ хуулийн төслийг унагаах, шүүхийн шинэчлэлийг зогсоох, мөн бүлэглэлийн болон албан тушаалтны сонирхлыг хуульд шингээх гэсэн лобби, санаархал ил, далд янз бүрээр ирж байна. Бүр өдөр, шөнөгүй ч гэж болно” хэмээн ажлын хэсгийн ахлагч нь ярьсан байна лээ. Харамсалтай нь, үүнийг дэнслэх боломж хагас дутуу л бүрдлээ, бидэнд. Үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй эрх баригчид шударга ёс тогтоох уу, эсвэл шууд, нууцаар батлах гээд байна уу гэж хий хардахаас өөр сонголтгүй үлдээлээ.
“Бага Үндсэн хууль” гэгддэг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн батлахдаа ч иймэрхүү бүдэг бадаг нөхцөлд хэлэлцүүлэг нь өрнөсөн. Цар тахал цаашлах сураг ч үгүй энэ үед үргэлжлүүлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн өөр олон чухал хуулийг шинэчилж, УИХ-ын даргын хэлсэнчлэн эрх зүйн хувьсгал хийхдээ бас л ийм байдлаар хандах уу.