“Ковид-19” цар тахлын эсрэг эхний шатны вакцинжуулалтыг энэ жилийн турш өргөн хүрээнд хийсэн нөхцөлд дэлхийн эдийн засаг дөрвөн хувиар өсөх боломжтой. Гэвч бодлого тодорхойлогчдын цар тахлыг хумих, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх дорвитой арга хэмжээнээс эдийн засгийн сэргэлт ихээхэн хамаарна” хэмээн Дэлхийн банкнаас гаргасан “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайланд дурджээ. Тус тайланд Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.2 хувиар агшсан гэж таамагласныг тэмдэглэв. Тэгвэл 2021 онд 4.3, ирэх жил 5.4 хувиар өснө хэмээн таамаглажээ. Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Малпасс “Цар тахлын сөрөг нөлөөг даван туулах, хөрөнгө оруулалтад сорилт болж буй хүчин зүйлсийн эсрэг үр дүнтэй ажиллахад бизнесийн орчин, хөдөлмөрийн болон бүтээгдэхүүний зах зээлийн уян хатан байдлыг сайжруулах, ил тод байдал, засаглалыг бэхжүүлэх тал дээр дорвитой анхаарах шаардлагатай” хэмээн онцолсон байна.
Дэлхийн эдийн засаг 2020 онд анх төсөөлснөөс харьцангуй бага агшсан нь хөгжингүй орнуудын эдийн засгийн хүчин зүйлсээс шалтгаалсан гэнэ. Ялангуяа Хятадын эдийн засаг төсөөлснөөс илүү хурдтай сэргэсэн нь гол түшиг болжээ. Харин үсрэнгүй хөгжиж буй болон хөгжиж буй орнуудын эдийн засгийн идэвхжил анх төсөөлснөөс илүү саарсан байна. АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 онд 3.6 хувиар агшсан. Тэгвэл 2021 онд 3.5 хувиар өсөх таамаг гарчээ. Өнгөрсөн жил 5.3 хувиар агшсан Японы эдийн засаг 2021 онд 2.5-аар тэлэх төсөөлөл дэвшүүлсэн аж. БНХАУ-аас бусад хөгжиж буй орны эдийн засаг 2020 онд таван хувиар агшжээ. Тэгвэл 2021 онд 3.4 хувиар өсөх төсөөлөлтэй гэнэ. Бага орлоготой орнуудын эдийн засаг 2020 онд 0.9 хувиар агшсан бол энэ жил 3.3 хувиар тэлэх таамаг дэвшүүлжээ.