Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, тус сумын Хурх багт өнгөрсөн ням гаригийн үдэш хоёр ч хүн амины хэрэг гарчээ. Тус сумын төвд мод банз бэлтгэж зүсдэг иргэн Н-ын компанид ажиллахаар Улаанбаатараас очсон хоёр залуу архи ууж муудалцан, зодолдсон аж.
Өглөө сэрэхэд нэг нь амиа алдсан байжээ. Орон нутгийн иргэд “Тэдний амьдарч байсан байр нь Д-ын эзэмшлийн баартай залгаа бөгөөд тэндээс нь дээрх хоёр залуу архи авч уусан юм байна. Нэг нь биедээ ил шархгүй нас барсан байсан” гэв.
Харин хэргийн газарт ажилласан цагдаагийн ажилтнууд “Нэгнийгээ зодож амийг нь хохироосон нь шүүх эмнэлгийн шинжилгээгээр батлагдсан.
Уг хоёр залуу Улаанбаатар хотын харьяат, ажилгүй, Д-ын уулнаас бэлтгэсэн модыг зүсэх, ачиж авчрах ажил хийж, цалин авдаг байсан” гэлээ.
Хурх багт гарсан хэргийн хувьд мөн л залуус нийлж архидан зодолдож, нэгнийгээ бүрэлгэсэн гэж цагдаагийн эх сурвалж мэдээллээ.