Баянгол дүүргийн нутагт ээж хүү хоёрыг хөнөөж, саатуулахаар очсон цагдаагийн алба хаагчдын өөдөөс хутга барин эсэргүүцэн дайрсан хэрэг өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр гарсан. Энэ хэргийг С.Нэргүй гэгч 50 орчим насны эр үйлдсэн.
Тэрбээр Төмөр замын нэгдсэн эмнэлгийн орчимд ээжийгээ сураглахаар очсон П-г хөнөөсөн. Шалгалтын явцад ээжийг нь түүнээс дөрөв хоногийн өмнө егүүтгэж, Гандангийн дэнж дэх байшинд нь цоожлоод үлдээсэн байжээ.
Түүнд холбогдох хэргийг цагдаагийнхан шуурхай илрүүлэн шалгаж, удахгүй яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэх гэж байгаа аж.
Мөрдөн байцаалтын явцад яллагдагч С.Нэргүй нь Баянзүрх дүүргийн нутагт таксины жолоочийг цээжинд нь хутгалж, хүнд гэмтээсэн нь тогтоогдсон байна.
Тэрбээр өмнө нь гурван ч удаа ял шийтгүүлж байсан нэгэн. Хууль хяналтын байгууллагын албаны хүний мэдээлснээр 1973 онд хулгайн хэргээр хоёр жил, 1979 онд хулгай, дээрмийн хэргээр найман жилийн хорих ял эдэлж, 1987 онд суллагдсан юм байна.
Хамгийн сүүлд 2006 онд автомашин жолоодож яваад хүн дайрсан хэргээр хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж байжээ.