Завхан аймгийн Тэс сум дахь хилийн отрядын V заставын хилчин М сумны шарх аван нас баржээ. Энэ талаар тус аймгийн Цагдаагийн газрын нэгэн ажилтнаас лавлахад “Тэс сумын хилийн заставын нэг ахлагч өөрийгөө буудаж егүүтгэлээ гэж аймгийн Цагдаагийн газарт мэдээлэл ирүүлсэн.
Орон нутгийн цагдаагийн ажилтнууд шалгаж байгаа” гэв. Завхан аймгийн хойд сумдыг Тосонцэнгэл дэх цагдаагийн тасаг хариуцдаг аж. Тус хэсгийн жижүүрийн утсанд холбогдоход “Манай даргаар ахлуулсан Ажлын хэсэг Тэс сумыг зорьсон. Ахлагч М өөрийгөө буудсан юм билээ. Ажлын хэсгийнхэн холбогдох шал галт хийж байгаа. Тэдэнтэй холбоо барих боломжгүй байна” гэлээ.
Өөр нэг эх сурвалж “Талийгаач ахлагч байлдааны АКМ буугаар толгойдоо буудсан. Заставын удирдлагаас цагдаагийн байгууллагад мэдээлснээр гэр бүлтэйгээ маргалдсаны улмаас амиа хорлосон бололтой. Гэрээслэл үлдээсэн байсан. Шалгалт дууссаны дараа бүх зүйл тодорхой болох байх” гэсэн юм. Завханд гарсан хэргийн талаар ХХЕГ-ынхан товч мэдээлэл өглөө.
Тус газрын ОНХА-ны ажилтан “Завхан аймаг дахь хилийн отрядад ахлагч М гэр бүлийнхээ хүнтэй маргалдаж, улмаар “Миний үхэлд хэн ч буруугүй” гэсэн гэрээслэл үлдээгээд амиа хорлосон. Цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж байгаа” гэлээ. Талийгаач М нь Завхан аймгийн харьяат, 22 настай нэгэн аж.
Г.РАВЖАА