АНУ-ын Калифорни мужийн Пасаденагийн шүүх өнгөрсөн даваа гаригт Монгол Улсын иргэн Дашдаваагийн Жавхлангийн тус улсад улс төрийн орогнол хүссэн өргөдлийг хянан хэлэлцсэн байна. Д.Жавхлан хэмээх эмэгтэй 2000 онд Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төсөл дээр ажиллаж байсан гэнэ. Тэрбээр АНУ-ын Цагаачлалын албанд гаргасан өргөдөлдөө “Өвөө минь лам хүн байсныхаа төлөө 1937 онд коммунистуудын гарт тамлагдаж алуулсан. Энэхүү эмгэнэлт хувь тавилан миний гэр бүлд давтагдах гээд байна.
Монголын нууц цагдаагийнхан (Эрүүгийн цагдааг хэлж байгаа бололтой) надад хамт ажилладаг НҮБын ажилтнуудыг тагнах даалгавар өгсөн боловч хүлээн зөвшөөрөөгүйн улмаас амь насанд минь халдахаар заналхийлж эхэлсэн. Гэр бүлийнхнийг минь хүртэл дарамталж шоронд хорино гэж утасдах болсон. Иймд АНУ-д зугтаж гарахаас аргагүйд хүрсэн” хэмээн бичжээ.
Эл өргөдлийг 2001 онд өгсөн юм байна. Тухайн үед шүүх өргөдлийг хянан хэлэлцээд улс төрийн орогнол олгохоос татгалзсан хариуг өгч байжээ. Гэвч есөн жилийн дараа дахин хэлэлцэх болсны учир нь Д.Жавхлан “Би Монгол Улсад буцаж очсон тохиолдолд алуулах болно” хэмээн энэ онд дахин өргөдөл бичсэн явдал байлаа.
Түүнийг гэр бүлийн хамт АНУ-д ирэхээс өмнө үл таних хүмүүс зодож, гэмтээсний ул мөр нүүрэн дээр үлдсэн хэмээн сорвитой зургаа өргөдөлдөө хавсаргасан ажээ. АНУ-ын олон нийтийн хандлагаас анзаарахад Д.Жавхланд улс төрийн орогнол олгох ёстой гэсэн байр суурьтай байгааг Шүүхийн хэвлэлийн албаны төлөөлөгч мэдэгджээ.
Ш.АЛТАЙ