УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны эхэнд хүчирхийллийн эсрэг аянд гишүүд нэгдэж байгаа талаар мэдээлж, үг хэллээ. Тэрбээр “Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн өдийд жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аян өрнүүлдэг. Манай улс уг аянд нэгдэн, 22 дахь жилдээ Олон улсын хүний эрхийн өдрийг тэмдэглэж байгаа. Хүчирхийллийн эсрэг хүчээ нэгтгэхийг УИХ-ын гишүүд, ард иргэддээ уриалъя” гэв. Хүний эрх, хөгжлийн тусламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “People in need” олон улсын байгууллагаас зохион байгуулж буй, хүчирхийллийн эсрэг “Цагаан тууз” аянд гишүүд нэгдэж, цагаан тууз зүүж хуралдаанд оролцсон юм. Мөн Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн гишүүдийн санаачилгаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийн хийсэн зөөлөн тоглоом, арьсан хэтэвчийг худалдан авч, ширээндээ байрлуулсан байв.
Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хууль, тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг өмнө нь 1998, 2001, 2005, 2009, 2017 онд баталж байжээ. Дээрх төсөлд тусгасан 149 хуулийн төслийн 54 нь шинэчилсэн найруулга, 43 нь анхдагч, 42 нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 10 нь олон улсын гэрээг соёрхон батлах тухай төсөл байгааг санаачлагч нь илтгэлдээ дурдав. Яаралтай батлах хуулиудыг үүнд оруулаагүй, эсвэл бүр 2022, 2023 онд хэлэлцэхээр тусгасан, түүнчлэн ойр ойрхон олон салбарын эрх зүйн орчныг нь өөрчилж, тогтворгүй байдал үүсгэхээр төсөл боловсруулсныг гишүүд шүүмжиллээ. Тухайлбал, Л.Энх-Амгалан гишүүн “Бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг 400 орчим хууль бий. Үүний 149-д нь өөрчлөлт оруулна. Энэ нь гурван хуулийн нэгэнд өөрчлөлт оруулна гэсэн үг. Монгол Улсын хууль эрх зүйн орчин тогтворгүй байдгийн тод жишээ. Амьдралд хэрэгждэггүй, “цоорхой” хууль баталдгийн илрэл. Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлснээр давхардсан тоогоор 5.6 сая хүнийг торгосон байна. Манай улс 18 нас хүрсэн 2.2 сая иргэнтэй. Тэгэхээр нэг иргэнд 2-3 зөрчил ногдож байна. Татвар төлж буй бүх аж ахуйн нэгжээ торгож дууслаа. Торгуулиас босгосон мөнгөн дүн нь 173 тэрбум төгрөг болжээ. Тэгэхээр дээрх төсөлд тусгасан хуулиудын жагсаалтыг зөв эрэмбэлэх ёстой. Ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудал бол Зөрчлийн тухай хууль. Нэг алхаад л торгуулж байна” гэв. Г.Мөнхцэцэг гишүүн хүүхэд, залуусын үгийн баялаг эрс муудаж, цахим сүлжээний хэрэглээ ихэссэнтэй холбоотойгоор эх хэлний хэрэглээ багасаж байгааг тодотгоод Монгол хэлний тухай хуулийг дээрх төсөлд оруулах шаардлагатайг онцолсон юм. Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “УИХ, Засгийн газар байр сууриа өөрчилчихлөө. Хууль тогтоох дээд байгууллага нь Засгийн газар болжээ. Батлах шаардлагатай хууль тогтоомжийн жагсаалтыг Засгийн газар яаралтай оруулж ирнэ. Ард түмний төлөөлөл гээд байгаа бид үг хэлж, асуулт тавьдаг л хүмүүс боллоо. Гишүүд хууль санаачлах гэхээр үндсэн чиглэлийн төсөлд тусгаагүй хэмээн үгүйсгэчихдэг. Энэ тогтоолын төсөл Үндсэн хууль зөрчиж байна. Үндсэн хуульд төрийн эрх барих дээд байгууллага ард түмний төлөөллөөс бүрдэнэ гэж заасан. Тэгэхээр ард түмний санаачилж, батлуулаарай гэсэн хуулийг санаачлах гэхээр хязгаарлах нь. Засгийн газар ингэж ажиллавал цаашид төрийн тогтворгүй байдал үүсэж магадгүй” гэлээ.
“АТГ-ЫН ДАРГА НЬ ДЭД ДАРГАА ТОМИЛДОГ БОЛНО”
Дараа нь Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад төрийн албанд захирах, захирагдах ёсыг баримтлахаар заасныг хэрэгжүүлэх зорилгоор, түүнчлэн УИХ-ын шийдвэрээр удирдлагыг нь томилдог байгууллагын дэд даргыг тухайн байгууллагын дарга томилж байгаа жишгийг харгалзан Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дэд даргыг тус газрын дарга нь томилдог байхаар дээрх хуульд тусгажээ. Хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд Ерөнхийлөгч зөвхөн АТГ-ын даргыг санал болгож, УИХ томилохоор заасан аж.
Засгийн газраас Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсан. Үүнийг хэлэлцэх, эсэхийг чуулганы хуралдаанаар шийдлээ. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хууль санаачлагчийн танилцуулгыг хийж, манай төмөр замын салбарт дэвшил авчрах, чөлөөт өрсөлдөөн бий болгон, хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхээр зорьж байгааг хэлсэн юм. Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авсан бөгөөд энэ үеэр төмөр замын асуудлаарх Монгол, Оросын 1949 оны хэлэлцээрийг өөрчлөх боломжтой, эсэхийг хөндлөө. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Төмөр замын салбар одоо либералчлагдах болсон. Өмчийн олон хэлбэртэй, чөлөөт зах зээлийн нийгэмд төмөр замыг онцгой объект гэж хаацайлан бүх асуудлыг нь тусгай зөвшөөрлөөр шийддэг. Тиймээс хуульд заасан, чөлөөт зах зээлийн нийгэмд тохирохгүй зохицуулалтыг өөрчилж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдүүлэхэд анхаармаар байна” гэсэн юм. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Бид “Монголын төмөр зам” компанийг 2008 онд байгуулахдаа УБТЗ компанитай өрсөлдөхүйц орчныг бий болгоно гэж тооцсон. Өдгөө энэ компани өөрийн эзэмшлийн 100-гаад км замтай, хөдлөх бүрэлдэхүүн, зүтгүүртэй болсон. Цаашид Монголын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг уг компаниар гүйцэтгүүлэх зорилго тавьж байгаа”-г онцоллоо. Мөн тэрбээр “Монгол Улсын Засгийн газар 1992 оноос эхлэн төмөр замын асуудлаарх Монгол, Оросын 1949 оны хэлэлцээрийг өөрчлөх тухай саналаа ОХУ-ын талд хэд хэдэн удаа тавьсан. Ямар ч хариу өгөөгүй өдий хүрсэн”-ийг хэллээ. Түүнчлэн хуулийг баталснаар хувийн хэвшлийн компаниуд төмөр замыг түрээслэн үйл ажиллагаа явуулах боломжтойг тайлбарлаж байв.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ГАДААДАД БАЙГАА МОНГОЛ ИРГЭД САНАЛАА ӨГӨХ БОЛОМЖТОЙ
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид 50 нас хүрсэн хүнийг нэр дэвшүүлэхээр тусгасан бөгөөд зургаан жилийн хугацаатай, нэг удаа бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр заасан. Үүний хүрээнд дээрх төслийг боловсруулсныг санаачлагч илтгэлдээ дурдлаа. УИХ-ын гишүүн Т.Доржханд одоогийн Төрийн тэргүүн Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхтэй, эсэхийг тодруулсан юм. Үүнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан уг хуульд Ерөнхийлөгчийн сонгуулийг хэрхэн зохион байгуулах талаар л тусгасан хэмээн хариулсан юм. Гадаадад байгаа монгол иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх боломжтой аж. Ингэхдээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гадаадад байгаа иргэдийн санал өгөх ажлыг зохион байгуулах төв болон салбар комиссыг байгуулах гэнэ. Түүнчлэн Сонгуулийн зардлын дээд хэмжээг Үндэсний аудитын газар ирэх гуравдугаар сарын 1-нээс өмнө тогтоох юм байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.