Эрүүл мэндийн шалтгаантай буюу коронавирусийн халдварт цар тахлын хорио цээрийн дэглэмийн үеийн эдийн засгийн хямрал Монгол Улсад үргэлжилж байна. Коронавирусийн халдварыг дотооддоо алдсанаа өнгөрсөн сард мэдсэнээс хойш Улсын онцгой комиссоос хатуу хөл хорио тогтоож, бүх байгууллагын үйл ажиллагааг хязгаарлалаа. Ингэснээр эдийн засгийн хямрал улам гүнзгийрсээр байна. Хямралд хувийн хэвшлийнхэн ихээхэн хэмжээний хохирол амсаж, ажлын байр эрсдэлд ороод буй. Хувийн хэвшлийнхэнд ямар хүндрэл тулгараад буйг Улаанбаатар хотын “Мөнгөтэй бууз” цайны газар, арьсан эдлэлийн “Агни”, барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Тэсо пропертис” компанийн бодит жишээгээр хүргэе.
“АЖИЛЧДАА ЦАЛИНГҮЙ СУЛ ЗОГСООСОН”
Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Төрийн ордны хойно үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөтэй бууз” цайны газрын эзэн зургаан хүнийг ажлын байраар хангаж, тэдэнд сард 600 мянгаас нэг сая төгрөг хүртэлх цалин олгодог. Коронавирусийг дотооддоо алдаж, хатуу хөл хорио тогтоосноор тэднийх ажилчдаа цалингүй амраажээ. Тус цайны газрын эзэн Н.Гэрэл “Хэцүү цагт ажилчдадаа ямар ч тусламж, дэмжлэг үзүүлээгүй” гэлээ. Цайны газар өмнөх өдрийн олсон орлогоороо дараагийн хоол хийх түүхий эд, материалаа авч, мөнгөө эргэлдүүлдэг гэнэ. Тиймээс өнгөрсөн сарын хугацаанд ажилчдадаа цалин олгох боломж хомс байжээ.
Тэднийх аравдугаар сард хэрэглэсэн дулаан, цахилгааны төлбөрөө ч төлөөгүй гэсэн. Засгийн газраас дулаан, цахилгаан, ус, хогны төлбөрийг тэглэсэн нь дэм болох нь гарцаагүй. Арав, арваннэгдүгээр сард хэрэглэсэн цахилгаан, дулаан, ус, хогны мөнгөө төлчихвөл ирэх жилийн долдугаар сар хүртэл энэ тал дээр санаа амар байж болно. Н.Гэрэл хувийн санхүүгийн дарамтаа бууруулахын тулд ипотекийн зээлээ хойшуулах хүсэлтээ банканд гаргажээ. “Мөнгөтэй бууз” цайны газарт ирж буй хамгийн том санхүүгийн даdрамт бол ажлын байрны түрээсийн төлбөр гэнэ. Хэдэн сая төгрөгөөр хэмжигдэх түрээсийн төлбөр төлөх шаардлагатай ч тэднийд мөнгө байхгүй. Тэрбээр ажлын байр түрээслүүлэгчтэй уулзаж, хөнгөлөлт үзүүлэх тохиролцоо хийхээр төлөвлөж байгаа аж. Өнөөдрөөс цайны газруудыг ажиллуулахыг зөвшөөрсөн. “Ажилчид маань мөнгөгүй болж, хүнд байдалд орж байгаагаа утсаар дуулгасан. Ажилчдаа гурав, гурваар нь долоо, долоон хоногоор ээлжлэн ажиллуулахаар төлөвлөж байна. Үйл ажиллагаагаа эхлүүллээ гэхэд үйлчлүүлэгч орж ирэхгүй бол яах вэ. Ийм эрсдэл харагдаж байна” гэж тэрбээр ярьсан юм.
“БИЗНЕСЭЭ ХАМГААЛАХ ЗЭЭЛ АВНА”
Арьсан эдлэл үйлдвэрлэлийн “Агни” компани Япон улсад бүтээгдэхүүнээ экспортлох гэрээ байгуулжээ. Эхний 100 цүнхээ экспортлоод, барааныхаа загварыг батлаад үйл ажиллагаа нь “мандан бадрах” гэж байтал коронавирусийн халдварыг дотооддоо алдсанаар зорилго нь талаар болов. Тэднийх 22 ажилчинтай байжээ. Хатуу хөл хориотой сул зогсолтын үед оффисын ажилтнуудаа цахимаар ажиллуулан бүтэн цалинжуулжээ. Харин оёдолчдодоо тус бүр 500 мянган төгрөгийн цалин олгосон байна. Гэсэн ч хөдөө орон нутгийн харьяалалтай ажилчид нь орон сууцны түрээсээ төлж чадахаа болилоо, аюулт өвчин тусахаас болгоомжилж байна гэсэн шалтгаанаар ажлаас гарч нутгаа зорьжээ. Зарим оёдолчин нь ажлаасаа халагдаж, ажилгүйдлийн тэтгэмж аваад гэртээ суумаар байна гэсэн өргөдөл гаргасан байна. Ийм байдлаар есөн ажилчнаа алджээ. Тус компанийн захирал Д.Төгсжаргал “Дахин хүн сургаж авах хэрэг гарах нь. Ажилчнаа сургах нь маш их зардалтай байдаг” гэв.
“Агни” компанийнхан энэ оны эдийн засгийн хямралыг даван туулахын тулд зургадугаар сард 55 сая төгрөгийн зээл авчээ. Үүгээрээ эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлж өдий хүрсэн байна. Харилцагч банк нь Монголбанкнаас хөтөлбөр хэрэгжүүлснээр зээлээ дахин санхүүжүүлж, бага хүүтэй болгох, хугацааг нь сунгах боломж үүссэнийг тэднийд дуулгажээ. Ингээд зээл олгоод зургаан сарынх нь төлбөрийг барьцаалж үлдэх болзол тавьсан байна. Эргэлтийн санхүүжилттэй болж, ажлын байраа хамгаалж үлдэхийн тулд болзлыг нь зөвшөөрч зээлээ дахин санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн гэнэ. Д.Төгсжаргал “Байдал бишдэж мэднэ гэж боломжлоод ажлын байр түрээслэдэг дэлгүүрүүдээ хаасан нь зөв боллоо. Өнгөрсөн сарын 9-нд татвар, төлбөр, хураамжаа бүгдийг нь төлчихсөн. Төлөөгүй бол дахиад хэдэн ажлын байр хадгалж чадах байсан юм” гэж ярилаа. Тэрбээр зээлийн хүүг бууруулах боломж олгосныг том дэмжлэг гэж үзэж байна. Гэвч ажлын байраа хадгалахын тулд дахиад дэмжлэг хэрэгтэй нь ойлгомжтой. Аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны мөнгийг тэглэсэн нь тус компанийн үйл ажиллагаанд бага боловч дэмжлэг болох гэнэ. Нэгэнт үйл ажиллагаа явуулах нь хориотой байгаа учраас бүх төрлийн татвар түүнд дарамт болох аж.
Уг нь манайд захиалга байгаа. Ажиллаад эхэлбэл санхүүгийн хүндрэлээ шийдээд явах боломжтой гэж Д.Төгсжаргал ярьж байна. Ижил салбарт дөрөө харшуулан ажилладаг найз нь түүнээс гурил, будаа авах мөнгө зээлэхийг хүсжээ. Найз нь дансан дахь мөнгөө шавхаад ажилчдадаа өгчихсөн гэнэ. Тэрбээр “Уг нь арьс, ширний салбарынхны үйл ажиллагаа өөдлөх замдаа орчихсон байсан юм. Зарим найз маань компаниа татан буулгаад, татвар хураамж төлөхгүйгээр хувиараа ажиллая гэж шийдэж байна. Хямрал арьс, ширэн эдлэлийн үйлдвэрлэлийг уруудах замд нь орууллаа” хэмээн халаглав.
“ХОЁР САРААС ЦААШ ТЭСЭХГҮЙ”
Маршалын гүүрний баруун хойд талд тансаг зэрэглэлийн “Sky garden residence” хотхон захиалан бариулж буй “Тэсо пропертис” компанийн гүйцэтгэх захирал П.Лхагвадорж “Арваад жилийн өмнөх шиг барьсан орон сууц зарагдахаа больсон. Иргэдийн үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдлэг сайжирч, барилгын хийц, материалын чанар, зохион байгуулалтаас гадна хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж зэрэг хүрээлэн буй орчныг нь харгалздаг болсон. Тиймээс зөв төлөвлөлт, зохион байгуулалт, онцлог ялгаатай орон сууцны төслийн борлуулалтын орлого хямралын үед буурахгүй гэж төсөөлж байна. Гэхдээ хатуу хөл хориотой нэг сарын хугацаанд борлуулалт буурлаа” гэж ярив.
Тэднийх үндсэн 160 ажилтантай. П.Лхагвадорж захирал хатуу хөл хорионы үед ажилтнууддаа сул зогсолтын нөхөн олговор олгожээ. Тус компани “Sky garden residence” төсөлдөө хэд хэдэн туслан гүйцэтгэгч компани ажиллуулж буй. Туслан гүйцэтгэгч компаниуд нь нийт 240 ажилчинтай гэнэ. Барилгын туслан гүйцэтгэгч компани гүйцэтгэлийнхээ хэмжээгээр хөлсөө авдаг аж. Ажил гүйцэтгээгүй компаниуд төлбөр аваагүй. Тиймээс хатуу хөл хорионы үед ажилчдадаа нэг ч төгрөгийн цалин олгоогүйг түүнд туслан гүйцэтгэгчдийнх нь удирдлага дуулгасан байна. Барилгачид хэдэн ам метр талбай шавардсан, төдөн шоо метр тоосго өрсөн гэх мэтээр ажлын үзүүлэлтээрээ цалинждаг. Тэгэхээр хүч хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг хүмүүс гэсэн үг. П.Лхагвадорж “Барилгын салбарт ажилладаг 75 мянган хүн орлогогүй болсон. Барилгын ажлын 60 хувийг нь задгай орчинд хийдэг. Нэг танхимд олон хүн цуглуулж ажилладаг үйлдвэрийн цехээс үүгээрээ ялгаатай. Вирусийн халдвар тархах эрсдэл бага. Тиймээс халдвар хамгааллын дэглэм сахиулаад барилгачдыг ажиллуулах боломжтой” гэв.
Орлого нь буурсан компаниуд санхүүгийн дутагдалд орох нь мэдээж. Газрын, үл хөдлөх хөрөнгийн, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх шаардлага компанид үүснэ. “Хойно хойноосоо дараалан нэхэгдэх татвар, хураамж хүндрэл үүсгэх нь мэдээж. Манайх хоёр сарын хугацаанд татвар, хураамжаа төлөөд, ажилтнууддаа сул зогсолтын нөхөн олговор олгох боломжтой. Цаашид цаг үе өнөөгийнх шиг хэвээр байвал хоёр сарын дараа ажилтнуудаа цомхотгохоос өөр аргагүй” гэж П.Лхагвадорж ярилаа. Тэднийх төслөө санхүүжүүлэхийн тулд өндөр хүүтэй, их хэмжээний зээл авчээ. “Жилийн 18 хувийн хүүтэй зээл авахаар хоёр жилд 36 хувийн хүү төлнө. Үүнийг бүтээгдэхүүнийхээ өртөгт шингээдэг. Зээлийн хүүг буруулах нь орон сууцны үнийг хямдруулах, компанийн үйл ажиллагааг дэмжих хамгийн чухал арга” гэж тэрбээр тодотгосон.