- Эцэг, эх нь “Ковид-19”-өөр өвчилсөн, тусгаарласан 600 орчим хүүхэд байна -
Хүссэн, хүсээгүй коронавирустэй нүүр тулахаас өөр сонголтгүй цаг үед бид амьдарч байна. Хүн бүр өвчлөх эрсдэлтэй хэрнээ халдвар авсан нэгнээ ялгаварлан гадуурхаж, өөрт хамаагүй мэт аашлах явдал хэрээс хэтрэв. Тэр ч бүү хэл өвчилсөн иргэний үр хүүхдийг ялгаварлан гадуурхаж, хүн ёсноос гажууд үйлдэл гаргасан нь саяхан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн IV хороонд амьдардаг нэгэн байрны орцны жижүүр эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрч, ХӨСҮТ-д тусгаарласан. Энэ хойгуур хүүхдүүдийг нь тухайн байрны оршин суугчид гэрт нь оруулахгүй гэж хөөсөн гэх мэдээлэлд хүмүүс таатай хандаагүй. Өвлийн хүйтэнд балчир үрсийг гудамжинд гаргасан бусармаг энэ явдал олны анхааралд өртсөний эцэст тэднийг улс хамгаалалтдаа авсан билээ. Энэ бол бидэнд мэдэгдсэн ганц жишээ. Өөр хаана, хэчнээн хүүхдийн зүрх шархалж, нулимстай суугааг мэдэхгүй. Гэнэт хатуу хөл хорио тогтоож, замын хөдөлгөөнийг хязгаарласны улмаас ажил, амины хэргээр Улаанбаатарыг зорьсон орон нутгийн олон иргэн үр хүүхдэдээ очиж чадахгүй “хоригдсон”.
Тэдний дунд хөхүүл хүүхэдтэй эмэгтэй хүртэл байв. Энэ сарын эхээр орон нутгийн иргэдийг нутаг буцааснаар цөөнгүй хүүхэд эцэг, эхтэйгээ уулзжээ. Гэхдээ коронавирусийн халдварын улмаас эцэг, эх нь эмнэлэгт хэвтэж, эсвэл тусгаарласан 600 орчим хүүхэд улсын хэмжээнд бий аж. Асран хамгаалагчгүй үлдсэн тэдэнд хатуурхах бус, харин ч энэ хүнд цагт аав, ээжийнх нь оронд эцэг, эх нь байх эрхэм үүрэг хамаатан садан гэлгүй, монгол хүн бүрт ногдож байна.
Ялангуяа коронавирусийн голомт үүссэн Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь, Архангай, Говьсүмбэр аймгийн иргэд, хүүхдүүдэд онцгойлон анхаарах хэрэгцээ шаардлага үүсжээ. Хорио цээрийн бүсэд тусгаарлагдан ажиллаж буй албан хаагч, хөл хорионд орсон, тусгаарлагдсан ажилтан, иргэний гэр бүл, хүүхэд нийлсэн 7718 хүнд холбогдох байгууллагууд тусламж үзүүлжээ. Өөрөөр хэлбэл, “Ковид-19” цар тахлаар эцэг, эх нь өвчилсөн, тусгаарлагдсан, гэрийн хяналтад байгаа 597 хүүхэд, 199 гэр бүлийнхэнд сэтгэл зүй, эрүүл мэндийн тусламж үзүүлж, хараа хяналтгүй үлдсэн хүүхдүүдийг ах, дүү, хамаатан садных нь асаргаанд шилжүүлсэн байна.
Тэдний аюулгүй байдал, эрүүл мэнд, хоол, хүнстэй байгаа, эсэхэд хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллагын ажилтнууд хяналт тавьж буй гэнэ. Тухайлбал, нийслэлд 586, Ховдод 1500, Завханд 120 иргэн, хүүхдэд тусламж үзүүлсэн бол Дархан-Уул аймагт тусгаарлагдсан ажилтнуудын 66, гэрийн хяналтад буй 59 хүүхдэд, хөл хорионд орсон 632 иргэнд дэмжлэг үзүүлжээ. Мөн Орхон аймагт эцэг, эх нь хөл хорионд байгаа, хараа хяналтгүй 82 хүүхэд, өөр орон нутагт “хоригдсон” 15 сурагч, Сэлэнгэд аав, ээж нь хөл хорионд орсон 148, өвчилсөн 29 хүүхдэд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 21 аймгийн салбар нэгжээрээ дамжуулан тусалж байгаа гэнэ. Өдгөө Сэлэнгэ аймагт 208 иргэн коронавирусийн халдвар авсан. Энэ хэрээр асран хамгаалагчгүй үлдсэн хүүхэд цөөнгүй аж. Тэднийг хэрхэн анхаарч буй, эсэхийг аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга П.Оюунаас тодруулахад “Манай аймгийн найман сумд цар тахлын улмаас эцэг, эхээсээ тусгаарлагдсан 3-17 настай 148 хүүхэд байсан. Орон нутгийн иргэдээ татан авсантай холбоотойгоор цөөнгүй хүүхэд эцэг, эхтэйгээ уулзлаа. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 30 ортой тасаг нээж, хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдээ эмчилж байгаа.
Өчигдрийн байдлаар (энэ сарын 12) 12 хүн эмчлүүлж байна. Улаанбаатар хот, өөр аймаг, сумд очоод хөл хорионд орсон хүмүүсийн хүүхдүүд асран хамгаалагчгүй гэртээ үлдсэн. Тэднийг хамаатан садныд нь хүлээлгэн өгсөн. Манай аймагт хүүхэд хамгааллын хамтарсан 38 баг ажилладаг. Хамтарсан багийн бүх гишүүн хүүхдүүдийг өдөр бүр эргэж, аюулгүй байдал, эрүүл мэндэд нь анхаарч ажиллах үүрэгтэй. Алтанбулаг, Мандал, Сүхбаатараас бусад сумд коронавирус илрээгүй учраас гэрт нь очиж, хүүхдүүдийг эргэж байгаа. Харин халдвар илэрсэн сумын хүүхдүүдийг зайнаас буюу цахимаар, гар утсаар холбогдох болон цонх, хашааны гаднаас нь хянаж байна. Мөн хоол хүнс, дулаан хувцас, түлээ нүүрсний дэмжлэг үзүүлж байгаа. Ах, эгч нар нь дүүгээ асарч хамгаалж байна. Ах, дүү хамаатан садангүй хүүхдүүдийг хөрш айлд нь хариуцуулсан. Ингэхдээ тухайн хүүхдийг сайн асарч, хамгаалах үүрэг өгч, хэрэгцээтэй эд зүйлсээр нь хангаж байгаа. Мандал сумд түр хамгаалах байр бий. Хүүхдийн ордныг түр хамгаалах байр болгосон. Сүхбаатар сумд түр хамгаалах байр байхгүй учир аль болохоор ойр дотнынх нь хүмүүст хүүхдүүдийг даатгалаа. Алтанбулаг сумд дөрвөн хүүхдийн ортой түр хамгаалах байр бий. Цар тахлын улмаас эцэг, эхээсээ хол байгаа хүүхдүүд ямар нэгэн эрсдэлгүй, эрүүл саруул байна” гэв.
Коронавирусийн улмаас эцэг, эх, асран хамгаалагчаасаа салсан 600 орчим хүүхдэд холбогдох байгууллагууд нь ийн анхааран ажиллаж буй юм байна. Бүх нийтээрээ цар тахлын эсрэг анхаарлаа хандуулаад, эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа ч хүүхэд, тэр тусмаа эцэг, эхээсээ холдсон багачуудыг мартаж хэрхэвч болохгүйг дахин сануулахад илүүдэхгүй биз.