Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам баталжээ. Энэ нь мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт чиглэсэн биржийн бус зах зээлийн нарийвчилсан эрх зүйн зохицуулалт аж. Ингэснээр олон улсын жишигт нийцсэн биржийн бус зах зээл хөгжих үндэс суурь тавигдаж буй гэнэ. Уг журмаар үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудын төлөөллийг багтаасан Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо биржийн бус зах зээлийг удирдан зохион байгуулах үүрэг хүлээх болов. Тус холбооноос биржийн бус зах зээлийн нарийвчилсан харилцааг зохицуулах журмууд боловсруулж, арилжааны цахим программ хангамжийн бэлэн байдлыг ирэх улиралд багтаан бүрэн хангаж, ийм зах зээлийн үйл ажиллагааг эхлүүлэх нь.
Биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа явуулснаар компаниудын хувьд хаалттай өрийн хэрэгсэл арилжих эрх зүйн орчин бүрдэж, үнэт цаас гаргахад цаг хугацаа, зардал хэмнэх нөлөөтэй аж. Мөн хаалттай өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээл үүсэх, үнэт цаасны хөрвөх чадвар сайжрах, мэдээллийн ил тод байдал хангагдах ач холбогдолтой. Бас нийтэд санал болгон гаргах үнэт цаасны шаардлага, шалгуурыг хангахад хүндрэлтэй байгаа жижиг, дунд үйлдвэрлэгч нарт биржийн бус зах зээлээс санхүүжилт босгох боломж бүрдэх гэнэ. Ийм зах зээлд оролцогч хөрөнгө оруулагчдад тодорхой шаардлага, шалгуур тавьснаар зах зээлийн талаар хангалттай мэдлэг, мэдээлэлгүй, эрсдэл даах чадвар сул, жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах боломж бүрдэх нь.
Түүнчлэн “Эрдэнэ ресурс девелопмент” компанийн Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 263 885 433 ширхэг хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрчээ. Дээрх үнэт цаасыг бүртгэснээр Монголын болон Канадын иргэн, аж ахуйн нэгж тус компанийн эзэмшлийн хувьцаагаа өмчлөх эрхийг бүртгэгч байгууллагадаа хүсэлт гарган Торонто, Монголын хөрөнгийн биржээр дамжуулан чөлөөтэй арилжих нөхцөл бүрдсэн юм. Энэ нь гадаадын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд дотоодын биржид хувьцаагаа давхар бүртгүүлэх сонирхлыг өдөөж, хөрөнгийн зах зээлд шинэ төрлийн бүтээгдэхүүн нэмэгдэх, үнэт цаас эзэмшигчдийн эрх ашиг хамгаалагдах, гадаадын хөрөнгө оруулалтыг дотоодын хөрөнгийн зах зээлд татах ач холбогдолтой аж.