УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой гурван том өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсан учир хуулийг үүнд нийцүүлэх, нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ялангуяа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэх шаардлага үүссэн. Хуулийг шинэчлэн найруулснаар нутаг дэвсгэр, засаг захиргааны тогтолцоог өөрчлөх, орон нутагт улстөржилтийг хязгаарлах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэнэ гэж төсөл боловсруулагчид хэлж байна.
Хуулийн төсөл дэх онцлох зохицуулалтуудыг дурдвал, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх, шинээр байгуулах боломжийг нээхээр төсөлд тусгажээ. Тодруулбал, Монгол Улс засаг захиргааны хувьд 21 аймаг, 330 сум, 1613 багтай, нийслэл есөн дүүрэг, 152 хороонд хуваагддаг. Энэхүү нэгжийг иргэдээс санал авсны үндсэн дээр өөрчлөх эрхийг Засгийн газарт олгох зохицуулалт бий болгоно гэж буй. Иргэдээс санал авах ажлыг тухайн орон нутгийн ИТХ зохион байгуулахаар төсөлд тусгажээ.
Мөн сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлэхгүй байх, бусад хурлын хувьд нэр дэвшүүлсэн нам нь төлөөлөгчөөр сонгогдсон гишүүндээ үүрэг хүлээлгэхгүй байхаар зохицуулжээ. Орон нутагт улстөржилт хэрээс хэтэрч жирийн ард иргэдийн дунд талцал, хуваагдал бий болгодог. Олон хамаатантай хүн багийн дарга болдог гэх зэрэг шүүмжлэл гардаг. Энэ байдлыг залруулахын тулд дээрх заалтыг хуулийн төсөлд оруулсан аж.
Түүнчлэн орон нутагт тодорхой эрх мэдлийг шилжүүлэхгүйгээр засаг захиргааны шинэчлэл хийх боломжгүй, төсөв, санхүү, өмч, татвар гэсэн эдийн засгийн багц асуудлыг орон нутагт шилжүүлснээр тэдний бие даан шийдвэр гаргах бололцоо нь нээгдэж, төсөв хөрөнгөө захиран зарцуулж орон нутгийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ хэмээн төсөл санаачлагчид үзэн, холбогдох заалтуудыг оруулсан байна. Чиг үүргийн давхардлыг арилгаж, илүү оновчтой зохион байгуулах, боловсон хүчний эрх мэдлийг орон нутагт өгөх, ингэхдээ Монгол Улс бол нэгдмэл улс бөгөөд Засаг дарга бол төр засгийн төлөөлөгч гэдэг утгаараа томилох субъект нь Ерөнхий сайд, нэр дэвшүүлэх субъект нь ИТХ-д байх заалтууд төсөлд бий.
Үндсэн хуулийн өөрчлөлт орон нутгийн амьдралд хэрхэн тусахыг шийдэх гол хууль болох Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн хэлэлцүүлэгт гишүүд маш идэвхтэй оролцож, асуулт тавьж, санал хэлж байв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Маш том шинэчлэлийн хууль орж ирж байна. Шинэчлэлийг зоригтой хиймээр байна. Засаг захиргааны нэгжийн асуудлаа одоо ярья. Яаж нэгтгэх вэ. Тэгэхгүй бол улс хөгжихөө байчихлаа. Монгол Улс сүүлийн 30 жилийн хугацаанд хөгжсөнгүй, сүүлийн 10 жилд эдийн засаг 10 тэрбум ам.долларт гацчихлаа. Улс хөгжихгүй, хөрөнгө оруулалт оновчтой болохгүй байгаагийн нэг шалтгаан нь 330 сум, 21 аймаг. ЗХУ-ын үеийн нэгдэл, сангийн аж ахуйд үндэслээд 330 сумд хуваачихсан. Одоо тэнд нь 500-1000 хүн л амьдардаг, нэгэнт засаг захиргааны нэгж болохоор сумд соёлын төв, музей, 200 хүүхэдтэй байхад нь 600 хүүхдийн сургууль барьдаг. Энэ байдал Монгол Улсыг хөгжүүлэхгүй хойш татаад байна. Тиймээс 330 сумаа нэгтгэе. Ажлын байр бий болгоё” гэв.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Хуулийг шинэчлэн найруулснаар засаг захиргааны нэгжийг нэгтгэх, томруулах боломж нэмэгдэнэ. Ажлын хэсэг ярилцаад, ямар заалт нэмж болох вэ гэж санал солилцсон. Сүүлийн 30 жилд дэлхийн улс орнуудад засаг захиргааны шинэчлэл хийсэн. Манайд ийм өөрчлөлт хийгээгүй байгаа. Бид энэ хуулиар шууд засаг захиргааны нэгжийг нэгтгэх асуудлыг шийдэхгүй ч гох, дэгээг нь арилгана. Энэ ажлыг хийх боломжийг УИХ, Засгийн газарт олгоно” гэлээ.
Ийнхүү төслийн анхны хэлэлцүүлэг бүтэн өдөржин үргэлжилж дугаар шилжих мөчид дуусаагүй байв.
Бэлтгэсэн: А.Амина