Дэлхийн аялал жуулчлалын байгууллага “Ковид- 19”-тэй холбоотой олон улсын аялал жуулчлалын хязгаарлалт” судалгааны үр дүнг танилцууллаа. Энэ оны тавдугаар сарын байдлаар улс орнуудын 75 хувь нь хилээ бүрэн хааж, жуулчин авахаас татгалзаж байсан бол өдгөө 70 гаруй хувь нь тодорхой нөхцөлтэйгөөр, хязгаарлагдмал хүрээнд аялал зохион байгуулж буйг онцлоод “Хаалттай газрын тоо буурах хандлагатай” гэж дүгнэжээ. Бүс нутгаар нь авч үзвэл Ази, Номхон далайн орнууд жуулчдад хамгийн хаалттай буюу 59 хувь нь хилээ бүрэн хаасан байна. Харин Европ, Ойрхи Дорнод, Америкийнх эсрэгээрээ аж. Жуулчлалын идэвхтэйд тооцогддог 217 чиглэлийг судлахад 152 нь эрсдэл багатай бүс нутгийнханд “үүдээ нээж”, аяллын коридор байгуулсан, үлдсэн нь хилээр орж, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж буйг дурдав. Олон улсын жуулчлал идэвхжихэд цар тахлаас улбаатай ямар хүчин зүйлс нөлөөлж, аялагчдын урсгалыг “боож” байгааг доорх графикт бүсчлэн үзүүллээ.