Засгийн газар, УОК цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр бараг нэг жил шахмын хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Ингэж ажиллаж буй гол зорилго нь ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах юм. Өөрөөр хэлбэл, таны, миний, бид бүхний, Үндсэн хуулиар олгосон эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийн төлөө, өөрсдийн хүлээсэн үүргээ гүйцэтгэж буй юм. Гэвч нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэгчээр хүний эрхийг хамгаалах бус, хөлөөрөө гишгэж буйн жишээ олон.
ХАЛДВАР ТАРААСАН, ГАДААДАД АМЬДАРСАН, “СЭЖИГТЭЙ” ХҮН ЭРХГҮЙ ГЭЖ ҮҮ
Тохиолдол 1. Манай улсад коронавирусийн халдвар дотоодод бүртгэгдсэнийг өнгөрсөн сарын 11-нд УОК-оос зарласан. Уг анхны тохиолдол болох ачаа тээврийн жолооч Д-гийн нас, хүйс, сүүлийн таван хоногт хаагуур явж, юу хийсэн талаарх мэдээллийг УОК-ын холбогдох албаныхан нийтэд түгээв. Мөн тухайн иргэнтэй хавьтал болсон хоёр хүний нэрийг маршрутад нь бичиж тараасан юм. Ингэх төдийд “29-хөн настай байж зохиолын дууны тоглолт үзээд ямар хөгшин сэтгэхүйтэй юм бэ, Увсынх гэсэн, зочид буудалд орсноо нуугаад байхдаа яах вэ, Монголын ард түмэнд хохирол учруулчихаад хариуцлагаа хүрт” гэх үгсийг дуртай нэгэн нь иргэн Д рүү “чулуудаж”, хувийн нууцаа хамгаалуулах, итгэл үнэмшилтэй, халдашгүй, дархан, ялгаварлан гадуурхагдахгүй байх эрхэд нь халдлаа. Хамгийн гол нь иргэнийхээ хувийн мэдээллийг төр нь өөрөө түгээж, ялгаварлан гадуурхах нөхцөлийг ийн бүрдүүлсэн нь харамсалтай.
Сэлэнгэд анх бүртгэгдсэн халдварын тохиолдол болох иргэн Ц-гийн бэрийнх нь зураг, овог, нэр, регистрийн дугаар, явсан маршрутыг мөн нийтэд түгээсэн. Түүгээр зогсохгүй тэрбээр хэн гэдэг хүний ямар дансанд хэдэн төгрөг шилжүүлсэн мэдээлэл хүртэл бичээстэй байв. Төрийн байгууллага иргэний хувийн мэдээллийг бусдад тараах ёсгүй атал ийн хариуцлагагүй хандсан юм.
Тохиолдол 2. Манай улс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш хилээр зорчих хөдөлгөөнийг хаасан. Гадаадад гацсан монгол иргэд олох орлогогүй, амьдрах аргагүй болж байгаагаа мэдээлж, эх орондоо харихыг хүссэн ч тусгай үүргийн нислэгт багтаж чадахгүй нь олон байв. Харин Чехэд сурдаг монгол оюутан 25 хоногийн турш, ОХУ-аар дамжин явсаар Алтанбулагийн боомтод ирсэн ч түүнийг нэвтрүүлээгүй. Гэвч тэрбээр өөрийнхөө чөлөөтэй зорчих эрхийн төлөө дуугарч, фэйсбүүк хаягаараа лайв хийн, нөхцөл байдлыг хэлснээр олон нийт, УОК түүнийг анхааралдаа авч, хилийн цаана нэг хонуулсны дараа дотогш нэвтрүүлсэн.
Тохиолдол 3. Эгч дүү хоёр 14 хоног тусгаарлагдсаны дараа гэртээ орох гэсэн боловч тэд ялгаварлан гадуурхалтад өртсөн нь саяхан. Хүүхдүүдийн ээж коронавирусийн халдвартай нь тогтоогдож, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа тул эгч, дүү хоёрыг “сэжигтэй” гэж оршин суугчид нь доромжилж, гэрт нь оруулахгүй гэсэн юм. Тэдний аюулгүй, тайван орчинд амьдрах, ялгаварлан гадуурхагдахгүй байх эрх ийн зөрчигдөв.
Тохиолдол 4. Зарим айлын гэрийн үүдэнд “Гэрийн ажиглалт” гэсэн бичигтэй цаасыг сум, дүүргийнх нь онцгой комиссын шийдвэрээр нааж эхлэв. Тэднийг гэрээсээ 14 хоног гарч болохгүйг анхааруулсан уг тэмдэг нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж буй хэрэг. Чухам ийм “тэмдэглэгээтэй” болгосноор тэднийг олон нийт үзэн ядах, ялгаварлах нөхцөлийг бүрдүүлж болзошгүйг хүний эрхийн мэргэжилтнүүд болгоомжлуулж байна.
ХЯЗГААРЛАЖ БОЛОХ Ч ХЭТРҮҮЛЭХ ЁСГҮЙ
Хүний зарим эрхийг (тайлбараас харна уу) тодорхой шалгууртайгаар хязгаарлаж болдог. Энэ талаар Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад тусгасан байдаг бөгөөд манай Засгийн газар, УОК-ын үйл ажиллагаандаа мөрдлөг болгож буй “Ковид-19”-ийн гэх нэг удаагийн хуульд ч үүнийг зааж өгчээ. Өөрөөр хэлбэл, цар тахлын үед эрх бүхий байгууллагууд иргэний зарим эрхийг хязгаарлах эрхтэй бөгөөд ингэхдээ тодорхой шалгуурыг ханган ажиллах үүргийг давхар хүлээнэ гэсэн үг. Гагцхүү энэ үүргийг хэрэгжүүлснээр хүний эрх, эрх чөлөө харьцангуй бага хязгаарлагдах боломжтойг хүний эрхийн байгууллагууд анхааруулжээ. Гэтэл хатуу хөл хорио тогтоосон 20 гаруй хоногийн хугацаанд эрх баригчдын шийдвэр, арга хэмжээ энэ шалгуурыг (тайлбарт үзүүлсэн) хангав уу. Иргэд харих, эмнэлэгт үзүүлж эмчлүүлэх, ажиллаж, орлого олох хоногоо тоолон хүлээсээр байхад тэдэнд энэ боломжийг хэзээ олгох нь тодорхойгүй байна. Эцэст нь дотоодын шилжилт хөдөлгөөнийг зохион байгуулах журам гаргаж, 119.mn сайт ажиллуулсан ч тэр нь гацаж, иргэдийн бүртгэл, шинжилгээний хариуг “будилаантууллаа”. Түүнчлэн эрх баригчид өөрсдөө халдвар авсан иргэдийг гадуурхалд өртөх эрсдэл рүү түлхсээр байна.
Цар тахлыг эрсдэл багатай даван туулна гээд хүний эрхийг үл тоон дүлий юм шиг зүтгэх учиргүй. Энэ бүхний цаана цаг, минут, секунд тутамд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж буйг санах нь зүйтэй.
Тайлбар:
Хүний эрхийн олон улсын гэрээ, Үндсэн хуульд тусгаснаар хязгаарлаж болдоггүй буюу ТУЙЛЫН ШИНЖТЭЙ ЭРХҮҮД
- амьд явах
- итгэл үнэмшилтэй байх
- шашин шүтэх, эс шүтэх
- эрүү шүүлтээс ангид байх
Үндэсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор туйлын шинжтэй эрхүүдээс бусад эрхийг дараах шалгуурын хүрээнд хязгаарлаж болно.
- хууль ёсны дагуу
- хязгаарласан шийдвэр нь тухайн нөхцөлд тохирсон тодорхой хамрах хүрээтэй, хугацаатай байх
- ямар нэг шинжээр нь ялгаварлан гадуурхахгүй байх
- иргэний эрх, эрх чөлөөг хамгийн бага хязгаарласан байх