Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар өчигдөр УИХ-ын Нутгийн удирдлагын дэд хороо цахим хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлэгт бүх аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид оролцсон юм. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн баасан гарагт эл хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийхээр төлөвлөснөө хойшлуулсан юм.
Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, нэгдэлжих хөдөлгөөн өрнөх хүртэл хэрэгжүүлж байсан “10 гэрийн дүрэм” буюу 10 өрх тутамд нэг дарга томилж, амьдрал ахуйг нь хариуцуулж ирсэн туршлагыг өнөөгийн нөхцөлд тохируулан шинэчлэх санал дэвшүүлсэн. Мөн тэрбээр баг нь Иргэдийн нийтийн хурлаа зохион байгуулж чадахгүй байгааг дурдав. Ингэхдээ Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу багийн Засаг даргыг улс төрийн албан тушаалтан гэж үзэж буй өнөөгийн хуулийн зохицуулалтыг эл шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд өөрчлөх хэрэгтэйг хэллээ.
Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан шинээр бүрдсэн ИТХ-ын төлөөлөгчдийг “азтай” гэж тодорхойлоод, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилснээр орон нутагт эрх мэдэл өгнө гэж тунхаглах бус, бодитой шилжүүлэхээр буйг хэлж байлаа.
Хэлэлцүүлгийн үеэр Дорнод аймгийн төлөөлөгчид нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад улс төрийн нам бүлэг байгуулах нь зүйтэй, ИТХ-ын дарга, Засаг даргаа ил санал хураалтын үндсэн дээр сонгох ёстойг онцолсон юм.