ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйтай өнөөдөр уулзлаа. Уулзалтын үеэр хэд хэдэн асуудлыг хөндөн хүсэлт тавьжээ. Нэн тэргүүнд Замын-Үүд Эрээний боомт дээр мах махан бүтээгдэхүүний экспорт, хүнсний нарийн ногооны импортын тээвэрлэлт удааширч байгааг шуурхай шийдвэрлэх шаардлагатай байгааг хэллээ. Үүнээс гадна сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол Улсад малын гоц халдварт өвчин гараагүй тул баруун бүсээс үхэр, хонь, ямааны гүн хөлдөөсөн махны экспортыг сэргээх саналыг дахин уламжлав. Улмаар талууд ойрын хугацаанд Монгол Улсаас экспортлох зөгийн бал, сүү, сүүн бүтээгдэхүүн, малын дайвар түүхий эдийн хорио цээрийн нөхцөл, шаардлагыг тохирох, холбогдох эрсдэлийн үнэлгээний ажлыг эхлүүлэхээр боллоо. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруй уулзалтаар хэлэлцсэн ажлыг эрчимжүүлж, тулгараад байгаа зарим асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэхэд хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.