УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл, Засгийн газраас өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн төсөлд АН-ын бүлгээс оруулах зарчмын зөрүүтэй саналын томьёолол, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэв.
Шүүхийн тухай хуулийн төслийн хувьд бүлгийн гишүүд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн (ШЕЗ) болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг сонгох, томилоход УИХ дангаар оролцох ёсгүй. Хууль зүйн байнгын хороо дээрх томилгоог хийх нь шүүх засаглал бие даасан, хараат бус ажиллах зарчмыг алдагдуулж, УИХ-аас хамааралтай болгоно. Ардчилсан нийгэмд шударга шүүхээр үйлчлүүлэх иргэдийн эрхийг зөрчих нөхцөл үүснэ. Өөрөөр хэлбэл, төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн тэнцвэрт байдлыг алдагдуулна” хэмээн байр сууриа илэрхийлэв. Мөн “Шүүгчдийн нэгдсэн зөвлөгөөнд шүүхийн нийт шүүгч оролцох эрхтэй байх, бие биедээ нөлөөлдөг байдлыг халах өөрчлөлтийг хуулийн шинэчлэлээр хийх шаардлагатай. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч танхимын бүрэлдэхүүнийг баталж, томилно гэж оруулсныг хасах заалт оруулах нь зүйтэй” гэж үзлээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн танилцуулга хийв. Тэрбээр тус хуулийн төслийн ажлын хэсэгт АН-ын бүлгээс орж ажиллаж байгаа бөгөөд 16 тодорхой санал гаргажээ. Тухайлбал, “Нэр дэвшигчид хандив өгч байгаа талд нь хариуцлага хүлээлгэж болох заалт оруулах ёстой. Зарим тохиолдолд нэр дэвшигчид хохирол учруулах зорилготойгоор хандив өгдөг. Үүнийг шалгаж тогтооход цаг хугацаа их зарцуулдаг. Ийм тохиолдолд хандив өгөгч тал хариуцлага хүлээдэг байх нь зөв. Мөн гадаадад амьдардаг иргэд цахимаар бүртгүүлж саналаа биечлэн өгөх, сүүлийн 12 сарын турш тасралтгүй үйл ажиллагаа эрхэлсэн хэвлэл мэдээллийн байгууллагаар сонгуулийн сурталчилгаа явуулах, хуульд заасан хугацаанд зардлын тайлангаа ирүүлээгүй бол дараагийн сонгуульд оролцуулахгүй байх” зэрэг саналыг төсөлд нэмж тусгасан байна.
АН-ын бүлэг Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын болон Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжсэн бол Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэнгүй. Учир нь уг төсөл “Ковид-19”-ийн онцгой үед яаралтай хэлэлцэх шаардлагатай бус, дэд дарга томилох асуудал өнөөдөр чухал биш гэж дүгнэлээ.
Харин УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийсэн ч мэдээлэл хийсэнгүй. Ерөнхийлөгч болон Засгийн газраас өргөн барьсан Шүүхийн тухай багц хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцэхээр төлөвлөж байтал Ерөнхийлөгч төслөө эргүүлэн татсан. Засгийн газраас өргөн барьсан Шүүхийн тухай багц хуулийн төслийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэж эхлэх тул МАН-ын бүлэг уг хуулийн төсөл болон цаг үеийн бусад асуудлын талаар ярилцсан аж.
Бэлтгэсэн: А.Амина