Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид цахимаар хуралдаж, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөлт болон ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа. 2021 онд нийтийн эзэмшлийн авто зам, зогсоолын тоог өсгөх, тохижилтын ажил хийх боломж бүрдүүлэх, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, зургаан га талбайг ойжуулах зэргийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байна. Хуралдаанаар мөн ирэх оны нийслэлийн төсвийг баталсан бөгөөд үүнд ИТХ дахь намын бүлгүүд болон хороодоос гаргасан саналуудыг нэмж оруулжээ. Ирэх онд төсвийн орлогыг 791.4 тэрбум төгрөг байхаар тооцон 103 тэрбумыг автобусны үйлчилгээг сайжруулахад, 30.2 тэрбумыг сайжруулсан түлшний түгээлт, борлуулалт, хяналт, шалгалтын ажилд, 5.5 тэрбумыг бичил бизнесийг дэмжихэд, 365 тэрбумыг урсгал зардалд зарцуулах юм байна. Харин ирэх жил улсын төсөвт нийслэлээс 420.7 тэрбум төгрөг төвлөрүүлэх гэнэ.
АН-ын бүлгийнхэн нийслэлийн Засаг даргын зургаан орлогч болон харьяа агентлаг, тасаг, нэгж, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын дарга нарыг цөөлж, тэдний хангамж, бараа материалын зардлыг хэмнэх боломжтойг хэлж байв. Мөн гадаад томилолт, зочид, төлөөлөгчдийг хүлээн авах зэрэг урсгал зардлыг 10 хувиар хэмнэж, 36 тэрбум төгрөг танах шаардлагатайг илэрхийлсэн юм. Ташрамд дурдахад, Сүхбаатарын талбайн урдах хонхтой цэцэрлэгт хүрээлэнг нийслэлийн төсвийн 3.7 тэрбум төгрөгөөр босгосон бөгөөд ирэх жил дахиж хөрөнгө зарцуулахгүй аж.