Нийслэлийн иргэдийг мах, бусад хүнсээр хангадаг “Хүчит шонхор” худалдааны төвд өнгөрсөн баасан гарагт нэг кг үхрийн мах дунджаар 11 000, хониных 7500, ямааных 7000 төгрөгийн үнэтэй байв. Энэ нь долоо хоногийн өмнөх дүнгээс тус захын махны үнэ кг тутамдаа 100-300 төгрөгөөр хямдарсан гэдгийг Нийслэлийн статистикийн газрын тайланд дурджээ. Махны нийлүүлэлт хэвийн байгаа ч худалдан авагч багасан, их хэмжээгээр авах хүн цөөрсөн аж. Борлуулагч Ж.Баттуяа “Иргэдийн худалдан авах чадвар нэг сарын өмнөхтэй харьцуулахад мэдэгдэхүйц буурсан. Энэ нь хөл хорионы улмаас зочид буудал, цайнын газар, ресторанууд ажиллахгүй, айл өрхүүдийн орлого багассанаас шалтгаалж буй нь ойлгомжтой. “Хүчин шонхор” зах бол бөөний худалдааны төв маягаар үйл ажиллагаа явуулдаг ч өдгөө иргэд жижиглэнгээр бага хэмжээний мах авах, цувдай, дайвар бүтээгдэхүүн сонгох нь нэмэгдсэн” гэв.
Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын эхний долоо хоногийн ханштай харьцуулахад хонь, үхэр, ямааны махны үнэд төдийлөн өөрчлөлт ороогүй байна. Тодруулбал, Нийслэлийн статистикийн газрын мэдээллээс харахад 2019 оны сүүлийн сарын эхний долоо хоногт үхрийн цул мах кг нь 12 000, хониных 8000 төгрөгийн үнэтэй байжээ. Түүнчлэн махны нийлүүлэлт хэвийн, орон нутгаас ирэх хөдөлгөөн тасрахгүй байгааг худалдагчид хэллээ. Нөөцийн мах бэлтгэх ажил хэвийн үргэлжилж буй бөгөөд ирэх хавар Улаанбаатарын иргэдийн хэрэгцээнд 20 000 тонныг нийлүүлж, үнийг нь өнгөрсөн жилийнхээс өсгөхгүй байхаар төлөвлөж буйг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлсэн юм.
Энэ намар манай улс улаан буудай 408.1, төмс 240.5, хүнсний ногоо 113.5 мянган тонныг хураажээ. Мөн тосны ургамал 21.2, тэжээлийнх 169.4 мянган тонныг бэлтгэсэн аж. Энэ нь өнгөрсөн жилийнхээс үр тариа 4000, төмс болон тэжээлийн ургамал нийт 100 000, хүнсний ногоо 20 000 орчим тонноор нэмэгдсэн дүн гэнэ. Одоогоор хүнсний үйлдвэрүүдэд 238.6 мянга гаруй тонн улаан буудай нийлүүлээд байгаа аж. Ер нь манай улсын хүн амын гурилын хэрэглээ сүүлийн 3-4 жилд жил бүр 230 000-240 000 тонн байсан бөгөөд үүнд 300 000 орчим тонн түүхий эд зарцуулж байв. Тиймээс энэ онд хураан авсан улаан буудайнхэмжээ ирэх жилийн ургац хураах хүртэл хангалттай хүрэлцэхийг салбарын яам тодотгосон. Гэхдээ хөл хорио тогтоон хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байсны улмаас сард хэрэглэдэг гурилын хэмжээ 20-30 хувиар өссөн тооцоог Монголын тариаланчдын үндэсний холбоо өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан. Өдгөө ч гурилын эрэлт 1-2 сарын өмнөх үеийнхээс их байгаа бөгөөд зорилтот бүлгийнхэнд өгөх тусламжийн бараанд гурил багтаах, мөн айл өрхүүд худалдан авах нь нэмэгдсэн гэнэ. “Барс” худалдааны төвийн борлуулагч Б.Буянхишиг “Манайх өдөрт дунджаар 300-400 кг гурил борлуулдаг байсан бол сүүлийн 2-3 долоо хоногт өдөрт 200 хүртэлх кг-аар илүүг зарж байна. Энэ нь гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл тасалдаагүй, өрхүүдийн хэрэглээ өссөнтэй холбоотой болов уу. Мөн гурилын үнэ кг тутамдаа дөрвөн сарын хугацаанд 100 гаруй төгрөгөөр нэмэгдсэн” гэлээ. Гурилын үнийг Үндэсний статистикийн хорооны тайлангаас харахад төрлөөсөө хамаарч өнгөрсөн жилийн мөн үеийнхээс кг тутамдаа 100-200 төгрөгөөр өсжээ.
Ханш нь нэмэгдсэн бүтээгдэхүүнд элсэн чихэр, цагаан будаа, ургамлын тос, өндөг, жимс, жимсгэнэ багтаж байна. Эдгээрийн үнэ нэг жилийн хугацаанд кг, литр, ширхэг тутамдаа 60-1000 төгрөгөөр өссөн аж. Тухайлбал, нийслэл дэх дийлэнх хүнсний зах, худалдааны төвд өндөгийг 400-420 төгрөгөөр зарж буй нь нэг сарын өмнөх дүнгээс 50-60, ургамлын тос нэг литр нь 4300 орчим төгрөгийн үнэтэй байгаа нь жилийн хугацаанд 800-1000, цагаан будааных 300-400 төгрөгөөр өссөн дүн болов. Харин жилийн дотор дизель түлш болон АИ-92 бензиний үнэ литр нь 400 орчим төгрөгөөр хямдарчээ. Шатахууны үнэ ийнхүү буурсан, улаан буудайн гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас долдугаар сар хүртэл чөлөөлж, Хөдөө аж ахуйг дэмжих сан улаан буудай худалдан авах тарифдаа өөрчлөлт оруулаагүй атал махнаас бусад өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний ханш нэмэгдсээр байгаад зарим иргэд бухимдалтай байна. Чингэлтэй дүүргийн иргэн Б.Алтантуяа өнгөрсөн долоо хоногт хүнсээ бэлтгэхдээ 50 000 төгрөгөөр 25 кг гурил, хоёр кг хонины мах, нэг кг цагаан будаа авчээ. 25 кг-аар савласан гурилын үнэ хагас жилийн дотор 3000-4000, цагаан будаа кг нь 400 орчим төгрөгөөр өсөн, худалдан авах бүтээгдэхүүний хэмжээ багасахад нөлөөлсөн гэнэ. Тэрбээр “Манайх хоёр оюутан, наймдугаар ангид суралцдаг нэг хүүхэдтэй таван ам бүлтэй айл. Гурилан бүтээгдэхүүн их хэрэглэдэг тул ахиу авдаг ч үнэ нь улам өсөөд байх юм.
Харин махных тогтвортой байна. Одоогоор бид “хүүхдийн 100 000” төгрөгнөөс өөр орлогогүй гэхэд болно. Учир нь нөхөр бид хоёр Чингэлтэй дүүрэг дэх худалдааны төвд лангуу түрээслэн бэлэн хувцас борлуулдаг. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 10-нд энэ сарынхаа түрээсийн төлбөр 1.5 сая төгрөгийг төлөөд л хөл хорионд орсон” гэсэн юм. Харин ХХААХҮЯ-ны Хүнсний бодлого зохицуулалтын газрын дарга Л.Чой-Иш “Хөл хорио тогтоосон, эсвэл хүнсний бүтээгдэхүүний хангамж багассан учраас үнэ нь өсөөд байна гэж болохгүй. Аж ахуйн нэгжүүд, импортлогчдын борлуулж буй бараа нэг бүрийн үнийг төрөөс тогтоох боломжгүй. Бид энэ намар түрүү жилийнхээс тариалангийн төрөл тус бүрээр ахиу ургац авсан. Махны өргөтгөсөн худалдааг хэд хэдэн удаа зохион байгууллаа. Иргэдийг аль болох үнийн өсөлтгүй, олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хангах бодлого баримталж буй. ОХУ-аас худалдан авдаг өндөг, жимс зэрэг зарим бүтээгдэхүүний хэмжээ багасан, үнэ нь өссөн тохиолдлыг үгүйсгэхгүй. Энэ сарын 4-нөөс ирэх оны долдугаар сар хүртэл ургамлын тос, бүх төрлийн будаа, улаан буудай зэргийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх шийдвэр гарсан. Тиймээс эдгээр бүтээгдэхүүний үнэ өсөхгүй байх боломжтой. Бүх төрлийн хүнсний нийлүүлэлт хэвийн байх болно” гэлээ. Зах, худалдааны төвүүдэд очиход өндөгнөөс бусад хүнсний барааны сонголт арвин байна. Махны үнэ тогтвортой төдийгүй бага зэрэг буурсан бол гурил, гурилан бүтээгдэхүүн, элсэн чихэр, ургамлын тос, цагаан болон гурвалжин будаа, алим, нимбэг зэргийнх өсжээ.