“Ковид-19” цэнхэр гаргийнхныг ганхуулж, дагжуулахын зэрэгцээ хүний мөс, мөн чанар, чадвар, чансааг илчлэх том сорилт болж байна. Нүдэнд үл үзэгдэх бичил биетэд манай төр, засгийнхан далаараа тавиулж, чармай “нүцгэрэв”. Нүцгэрээд зогссонгүй тархи, зүрх нь хэвийн бус болох нь тодорлоо. Монгол Улсын төр толгойгүй аж. Үүнийг батлах олон үйл явдал цар тахлын хорио цээрийн дэглэмийн үеэр болж, өрнөж байна. Хэдэн мянган жилийн түүхтэй, бүхэл бүтэн улсын Засгийн газрын гишүүд нь сэтгэлийн хөөрлөөр, ямар ч бодлогогүй, зоргоороо ярьж, УИХ-ын “эрхэмсэг ноёд, хатагтай” нар нь төр, түмнээ үл хүндлэн дотоож юутайгаан гүйлдэж, “сүнс сүүдрээ” үлдээж ихэд зугаатай “ажиллаж” байгааг бид харлаа. Төрийн үнэ цэн, үлгэр дууриал, харилцан хүндлэл, итгэл үнэмшил гэдэг зүйлийг бүр үгүй хийж орхилоо, байгуулагдаад хагас ч жил болоогүй байхдаа энэ Засгийн газар.
ШИВШИГ
Дэлхий нийтийн жишгээр бол нийгмийн халдварт өвчин туссан ч хүний эрхийг дээдлэх үүднээс олон нийтэд зарлаж, жигшүүлэхийг хориглодог. Нийгмээрээ нэгнийгээ үзэн ядах нь хүнлэг бус гэж үздэг нь хүмүүнлэг ёсон. Гэтэл Монгол Улсын төр, засаг коронавирусээр далимдуулан иргэдээ гадуурхан, олон нийтийн дунд үзэн ядуулах ажил санаачлан нийгмийг турхирч байх юм. Вирусийн халдвар авсан, эсэх нь ч нотлогдоогүй байхад айлуудын хаалган дээр “гадуурхах” тэмдэглэгээ тавьж, орчлон дээр огт байдаггүй амьтан болсон мэт шившиглэн, орчныхныг нь айдаст автууллаа. Соотон халтар чимээнээр гэдэгчлэн үүнийг нь ухамсар мөчид зарим хүн өлгөн авч, хүний эрхэд дураараа халдаж эхэлснийг гэрчлэх үйл явдал өнөөдөр нийгэмд нэг бус гарч байна. Ганц жишээ гэхэд л, айлын хүүхдүүдийг гэрт нь оруулахгүй гэж дөвчигнөсөн СӨХ-ныхны тэнэглэл. Жавар тачигнасан хүйтэнд хүүхдүүд хөлдөж, осгосон бол яах вэ. Сэтгэлгээ, сэтгэл нь аюулт вирусээс ч хөнөөлтэй болсон ийм хүмүүс дураараа авирлахад толгойгүй төрийн урагшгүй албатуудын нөлөө байгаа гэхэд буруудахгүй болов уу.
Үүнээс хэд хоногийн өмнө төрийнхний буд
лиу байдлаас болж орон нутгийг зорихоор шинжилгээ хийлгэсэн иргэд яах учраа мэдэхгүй мунгинааад авсан. Уг нь шинжилгээний хариуг харж байж оруулж, гаргах юм болоод байснаа гэнэт л НОК нь “УОК-ын шуурхай штабын ажлын хэсгээс гаргасан шийдвэрийн дагуу 2020 оны арваннэгдүгээр сарын 29, 30, арванхоёрдугаар сарын 1-ний өдөр PCR шинжилгээ хийлгэсэн иргэдийг хариу шаардахгүйгээр авто тээврийн товчоогоор нэвтрүүлэхийг чиглэл болгож байна” гээд л тушаал буулгачихсан. Энэ мэтээр суурин дээрээ эргэж, буцдаг шийдвэрүүдийнх нь талаар тоочоод байвал баршгүй. Өдөрт нэг “эргэлт” хийх нь бараг хэвийн үзэгдэл болсон тул иргэд төр, засгаа элэглэн, егөөдөж, харааж, нулимж буй. Үнэндээ үүнийг буруутгах аргагүй.
Төрийн нэр сэвтэж, түмний хүндлэл хүлээхгүй болсонд дороо эргэлдээд л байдаг эргүү төлөг шиг шийдвэрүүдээс нь гадна түшээдийнх нь элий балай үйлдлүүд нөлөөлж байна. Тухайлбал, цахимаар хуралдах үеэрээ УИХ-ын гишүүд, тодруулбал, төр удирддаг “нөхөд” маань бие, сэтгэл, ухаан санаагаа амралтын горимд шилжүүлчихсэн, ажлыг хэрхэн гурилддагаа эрээ цээргүй зарлан тунхаглаж, ээлж дараалан “паакталж” эхэлсэн. Ажиллах орчин нь л өөрчлөгдсөн болохоос хуралдаан дэг жаягаараа явагдах учиртайг ойлгоогүй юу, камерын цаана яасан ч миний дур гэж үзсэн үү, ямартай ч Ж.Бат-Эрдэнэ гишүүн ажилдаа дотоожтой “ирсэн” нь саяхан. Гэртээ нүцгэн, нөмгөн байх нь хувь хүний эрх мэт боловч үнэндээ тэрбээр төрийн ажил хийж байхдаа ёсгүй аашилсанд гол учир нь бий. Түүнээс гадна Ц.Мөнхцэцэг нарын зарим гишүүн гэрээсээ ажиллахыг назгайралтай хутгаж хөгөө чирсэн. Эзэн нь бус, сүүдэр зураг нь ажил “хийдэг” онцгой үзэгдэл чухамдаа Монголд л гарав. Угтаа энэ бол төрийг гутаан доромжилсон явдал бөгөөд эл шившигтэй байдлынхаа төлөө огцорсон ч багадна. Ийм арчаагүй, буруу хандлагатай хүмүүст улсын жолоог атгуулсаар байх уу. Эх орныхоо нэрийг мандуулсан тамирчид “Дэлхийн тавцанд миний нэр биш, Монгол Улсынх дуудагддаг юм” хэмээн бахархан ярьдаг. Энэ утгаараа “паакталсан” гишүүдийн нэр биш, төрийн нэр хүнд хөсөр хаягдчихлаа. Төр өнөөдөр зүрх, тархигүй болсныг илтгэх энэ мэт жишээ цөөнгүй. Ингэж “ажилласныхаа” төлөө тэд татвар төлөгчдийн мөнгөөр талхаа авсаар байна.
САЙД ХАМААГҮЙ ЯРЬЖ БОЛОХГҮЙ
Цар тахлын үеэр хөгөө чирсэн өөр нэг хүн нь БШУ-ны сайд. 2020-2021 оны хичээлийн шинэ жил өндөржүүлсэн бэлэн байдлын үед эхэлсэн ч удалгүй нийслэлд хатуу хөл хорио тогтоосны улмаас үйл ажиллагааг нь түр зогсоож, цахимаар хичээллэж буй. Өнгөрсөн оны хичээлийн жилд ч хөл хорионы улмаас танхимын журмаар хичээллээгүй нэлээд хэдэн сарыг өнгөрүүлсэн. Тухайн үед цэцэрлэг, сургуулийн төлбөрийг буцаана, буцаахгүй гэсэн үл ойлгогдох нөхцөл байдал үүссэнийг бид мэднэ. Үүнээс болж эцэг, эхчүүд гомдолтой байгаагаа зохих шатны байгууллагуудад гаргасан ч тусыг эс олсон. Энэ жил хичээл эхлэхтэй зэрэгцэн эцэг, эхчүүд өмнөх жилийнхтэй адил асуудал үүсгэхгүйн тулд сургалтын төлбөрийг сар, улирлаар төлөхийг хүссэн ч ихэнх тохиолдолд няцаалттай тулгарчээ. Тиймээс энэ тухай дахиад л зөрчилдөөн үүсэв. Яг эл нөхцөл байдлын талаар иргэдийн хүсэлтийг дамжуулсан сэтгүүлчдийн асуултад БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэн “Бид улсын сургуулиудаа л мэднэ. Хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн төлбөрийн асуудалд бид оролцох эрхгүй. Тэд яаж ажиллахыг зааж болохгүй. Эцэг, эхчүүд тухайн байгууллагын удирдлагатай харилцан зөвшилцлөөр шийднэ” гэж хээвнэг хариулсан. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж байгаа сайд хүн онц хүнд цаг үед ийм хариуцлагагүй зүйл ярьж болох уу. Уг нь тухайн улсынхаа хууль, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулах нь ямар ч иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг. Гадаадын иргэдэд ч энэ хамаатай.
Гэтэл манай боловсролын салбар дахь хувийн сургуулиуд төлбөрийнхөө үндэслэлийг яаж тогтоох, хэрхэн төвлөрүүлэх нь Монгол Улсын БШУЯ-нд хамаагүй болж таарлаа, сайдынх нь хэлснээр бол. Тийм юм бол төр, засгийн хэрэг байна уу. Уг нь хувийн сургуулиудын үйл ажиллагааг зааж, зааварчлах тухай огтоос хөндөөгүй. Жилээр сургалтын төлбөр төлсөн эцэг, эхчүүд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор мөнгөө эргүүлэн, авах, эсвэл дараа жилийнх рүү шилжүүлэх боломжийн талаар л хөндсөн. Гэтэл Засгийн газрын гишүүн нь иргэдийн ам руу алгадаад “Монгол Улсад хэн дуртай, мөнгөтэй нь өөрийн дүрмээр тоглож болно” гэснээс өөрцгүй хариулт өгч, төрөө, иргэдээ доромжлов. Уг нь хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой мэдээлэл түгээхдээ Л.Цэдэвсүрэн сайд “Хувийн цэцэрлэг, сургуулиудын төлбөрийг эцэг, эхчүүдэд дарамтгүй байхаар сар, улирлаар нь төлөхөөр зохицуулна” л гэж байсан санагдах юм. Гэтэл өөрийнх нь хэлснээс эсрэгээр бүтэн жилээр төлбөр авсан хувийн сургууль өчнөөн байна. Хэлсэн бол хэрэгжилтэд нь хяналт тавьдаг хариуцлагын тогтолцоо манайд байхгүйг БШУЯ-ыг толгойлж буй хүн нь цар тахлын хүнд хэцүү энэ үед батлав. Ташрамд дуулгахад, боловсролын бүх шатны байгууллагууд нь сургалтын төлбөрөө долоо хоног, сар, улирлаар төлдөг жишиг Монголоос бусад улсад бараг хууль. Ийм уян хатан байдлаа цар тахлын үед улам нарийвчлан, иргэдэд дарамтгүй нөхцөлөөр төлөх тогтолцоог өнөөх “Кембрижийн” хэмээх тодотгол бүхий сургалттай улс орнууд эрэлхийлж байгааг дуулгая, сайд аа.
“АГСАМ”
Шинэ төрлийн коронавирусийн улмаас хөл хорио тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс эхлээд л монголчууд амьсгалж болох, эсэхээ ч мэдэхгүй шахам явсаар жил тойрчихлоо. Өнгөрсөн хугацаанд төр, засгийнхны ааш авир яг л архины халуунд агсамнаж, дөвчигнөж байгаа хүнийх шиг болов. Юм л бол иргэдэд уурласан, өмнөөс нь ажиллаж байгаа мэт, зарим талаар эрхийн балай хүүхэд шиг болох нь нэн төвөгтэй. Засгийн газраас гаргасан шийдвэрүүдээс оновчтой байж, үргэлжлэн ажил хэрэг болсон нь хэд бол. Дийлэнх нь л хоногийн “насгүй” байсныг нийгэмд өрнөсөн олон үйл явдал, гацаа, ээдрээ гэрчилж байна. Гаргасан шийдвэрийг нь иргэд шүүмжлэнгүүт л цуцалчихдаг “моод” манай дарга нарын дунд дэлгэрчээ. Амьдралд огт наалдахгүй шийдвэрийг нь шүүмжлэхгүй байх аргагүй учраас л иргэд эсэргүүцэж буйг тунгаах ухаан, тэнхээ, сэхээ ч тэдэнд алга. Шүүмжлүүлсэндээ хорсож байгаа мэт учиргүй аашилж, өчигдрийн шийдвэрээ өнөөдөр цуцлахдаа үргэлж гомдоллож, ялархан, иргэд рүүгээ “агсамнах” нь ч энгийн үзэгдэл болчихлоо. Уг нь иргэд шүүмжлэх эрхтэй. Харин төр иргэдээ шүүмжилж, загнах эрхгүй. Иргэдийн өмнөөс ажиллаж чадна гэж гараа өргөж сонсгогдсон учраас ядарч байсан ч ялархах эрх байхгүй. Чадахгүй, хүчрэхгүй байгаа бол тахимаа өгөх бас нэг арга бийг сануулахад илүүдэхгүй болов уу.
Дэлхий нийтээрээ “Ковид-19”-ийн тархалтыг хазаарлах, сэргийлэх талаар ухаанаа уралдуулж, болзошгүй эрсдэлийг даван туулах төлөвлөгөө боловсруулж, гаргаснаа нягтлан, сайжруулсаар нэг жилийн хугацаанд чамгүй ололттой байгааг илтгэх жишээ өчнөөн. Вакцин, тарилгуудыг төрөл бүрээр нь гарган авч, туршиж, эхнээсээ үр дүнгээ өгч байна. Эцсийн дүндээ энэ нь эрсдэлтэй хүнд цаг үед эдийн засгаа аврах чухал хөшүүрэг болохыг ухаантай, сүйхээтэй улсууд аль хэдийн тооцоолсон байгаа.
Гэтэл бид уулын мухартаа мунгинасаар суугаа нь ичгэвтэр. Олон улсын хэмжээнд гийгүүлсэн ажил хийдэггүй юм гэхэд ядаж ирэх оныхоо төсвийг иргэддээ дарамтгүй “зурах” ухаан төрийн, нийслэлийн удирдлагад алга байгаа нь хамгийн эмгэнэлтэй. 2021 онд шинэ коронавирусийн тархалт хумигдах магадлал бага гэдгийг олон улсын шинжээчид тэмдэглэж, улс орнууд эдийн засгаа аврах төлөвлөгөөгөө чамбай боловсруулж, иргэдийнхээ амьжиргаанд анхааран, дарамт учруулахгүй байхыг сануулсаар буй. Гэтэл ирэх онд монголчууд бид, тэр дундаа нийслэлийн иргэд торгууль хэмээх нэрийн доор хотын төсөвт 40.8 тэрбум төгрөг “сэгсрүүлэх” нигууртай болсон. Үүний тал хувийг авто зам дээрээс “шүүрэх” учраас жолооч нар тун болгоомжилбол зохилтойг сануулахад илүүдэхгүй буй за. Ер нь торгуулиар их хэмжээний төсөв бүрдүүлнэ гэдэг нь монголчуудыг дандаа муу, муухай, гэмтэй, нүгэлтэй бай гэж хараасантай утга нэг санагдах юм. Ингэж “үйлээ үзэж” Улаанбаатарт оршин суугаа хэн бүхэн “Ковид-19”-өөс өөрийн ухаан чадлаар л зугтахгүй бол ирэх онд цар тахлын онцгой нөхцөлд “Хангарди” ордныхон ганц ч төгрөг төсөвлөөгүйг эрх биш дуулсан байх. Харин биеийн бядтай даргынхаа халаасанд сар бүр нэг тэрбум төгрөгийг нөөц хөрөнгө болгон тушаах ёстой. Цар тахлын үед хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндэд онцгой анхаарахыг НҮБ, ДЭМБ сануулсаар ирсэн ч Монголд юм бүхэн эсрэгээрээ явагддагийг энэ мэт “аахар шаахар” жишээгээр баталж болно.
Эцэст нь, өгүүлэхэд, Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргалын хэлсэнчлэн бид бодит байдал, дүр төрхөө олж харах хэрэгтэй байна. Эс бөгөөс “толгойгүй” төрийн төөрөгдөл хэзээ гарахыг хүлээсээр иргэд сөхөрч гүйцлээ.