Өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар хэд хэдэн хууль батлав. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчилснээр баасан гарагт хууль, тогтоомжийн төслүүдийг баталдаг болсон билээ. Тус хуралдаанаар гишүүд Төрийн ордны таван танхимд хуваагдан сууж, ирцээ бүртгүүлэн, хэлэлцүүлэг хийсэн.
2021 ОНЫ ТӨСӨВТ ТАВЬСАН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг энэ өдөр хүлээж авсангүй. Хууль зүйн болон Төсвийн байнгын хороод ч хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзээд байв. Хэлэлцүүлгийн үеэр Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх вакцин худалдаж авахын тулд манай улс Дэлхийн банкны төсөлд хамрагдан, олон улсын сүлжээнд нэгдэж байгаа. ДЭМБ, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, уг төсөлд хамрагдсанаар манай улс эхний ээлжид вакцин авахын зэрэгцээ худалдаж авах вакцины 20 хувийг үнэгүй, үлдсэн хэсгийг нь хөнгөлөлттэй үнээр авах боломж нээгдэнэ. Энэ талаар Засгийн газар удаа дараа яриа хэлцэл хийж, идэвхтэй ажиллаж байгаа. Ерөнхийлөгч ирэх жилийн төсвийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан бол хүлээн авч, засаж, залруулах боломж байсан. Бүхэлд нь хориг тавьсан учраас цаг хугацааны хувьд ч хүлээн авах боломжгүй” хэмээн тодотгосон.
Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Вакцин худалдаж авахад төсөвт огт мөнгө суулгаагүй биш. Энэ оны төсөвт 30, ирэх жилийн төсөвт 20 тэрбум төгрөг тусгасан. Үүнээс гадна Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн санг ашиглах боломж бий. Вакцин авах талаар Дэлхийн банканд хүсэлт тавьсан нь учиртай. Олон улсын энэ хөтөлбөрөөр дамжуулж вакцин авбал цаг алдахгүй, мөнгөтэй улс орнуудаас хоцрохгүй байх боломжтой. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг богино хугацаанд вакцин авах боломжийг бүх талаар эрэлхийлж байгаа” гэв.
Хоригийг хүлээн авах, эсэх талаар санал хураахын өмнө АН-ын бүлгийн гишүүд хуралдааныг орхин гарч, эсэргүүцлээ илэрхийлсэн. Харин гишүүн Д.Тогтохсүрэн “Хуралдаан таван танхимд болж буй учраас санал хураалтыг гар өргөж явуулах нь зүйтэй” хэмээн горимын санал гаргасныг олонх нь дэмжсэн юм. Үүнийг ч цөөнхийн бүлгийн гишүүд эсэргүүцэж байлаа.
Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон 61 гишүүний 50 нь буюу 82 хувь нь хоригийг хүлээн авах боломжгүй гэж санал нэгдлээ. Дараа нь 2021 оны төсөв батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг баталсан.
БҮХ ТӨРЛИЙН БУДАА, УРГАМЛЫН ТОС, МАЛЫН ӨВС, ТЭЖЭЭЛИЙГ ГААЛЬ, НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛӨВ
Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг энэ өдөр батлав. Ингэснээр бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос, энэ өвөл, хаврыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, малын тэжээл, үр, улаан буудай, тослог ургамал, ургамлын түүхий тос импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөллөө. Уг хуулийг баталсан өдрөөс нь мөрдөж, ирэх оны тавдугаар сарын 1 хүртэл хэрэгжүүлнэ.
Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулан батлав. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан эл нэмэлт, өөрчлөлтийг хийсэн юм. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 25.1-т заасан ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс шилжилт хөдөлгөөнийг зогсоохоор заасныг “хоёрдугаар сарын 15” болголоо. Харин Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн тавдугаар зүйлд “Ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд 18 нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сон
гуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны хурлын төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэсэн хэсгийг нэмэв. Мөн уг хуулийн 5.2 дахь хэсгийг “18 нас хүрсэн, ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 15-наас тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны хурлын төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэж өөрчиллөө.
Хуралдааны төгсгөлд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийн төслийг өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлэлцэж эхэлсэн ч орон нутгийн сонгуультай холбоотойгоор зарим саналыг эргэн харах, дахин нягтлах шаардлагатай гэж үзэн, хойшлуулаад байсан юм. Хэлэлцүүлэг эхлэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар “Нутгийн удирдлагын дэд хороо ирэх (энэ) долоо хоногт уг хуулийн төслийн талаар цахим хэлэлцүүлэг хийж, ИТХ-ын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн саналыг сонсох хүсэлт гаргасан. Мөн төслийн зарим зүйл, заалтыг эргэн харж, гүйцээж боловсруулан, Үндсэн хуулийн заалтад нийцүүлж тодотгох шаардлагатай” гэв. Улмаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаанд нийцүүлэх, бусад хуультай уялдуулах үүднээс төслийг холбогдох байнгын хороонд шилжүүлж, анхны хэлэлцүүлгийг дахин явуулах горимын санал гаргасан юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн 76.8 хувь нь үүнийг дэмжсэнээр төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.