МҮХАҮТ, МУИС-тай хамтран хийсэн “Монголын бизнесийн орчин-2020” судалгааны тайланг өнгөрсөн баасан гарагт танилцуулав. Бизнесийн орчныг эдийн засаг, засаглал-хууль, эрх зүй, дэд бүтэц-технологи, нийгэм соёл, байгууллагын дотоод орчин гэсэн ерөнхий тав, дэд 12 үзүүлэлтээр дүгнэжээ. Ингэхэд Монголын бизнесийн орчны ерөнхий үнэлгээ нь 2.91 буюу дунд гэсэн дүнтэй гарсан байна. Үүнийг 2017 оны судалгааны үр дүнтэй харьцуулахад үнэлгээ нь 0.46 пунктээр дээшилсэн аж.
Сүүлийн гурван жилд дэд бүтэц-технологийн орчин 0.69 пунктээр өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт болов. Харин эдийн засаг, засаглал-хууль, эрх зүйн орчин хамгийн доогуур үнэлэгдсэн гэнэ. Гэсэн хэдий ч 2017 оны үнэлгээтэй харьцуулахад 0.27-0.38 пунктээр сайжирчээ. Судалгаанд хамрагдсан 4015 аж ахуйн нэгжийн 79.7 хувь нь бизнесийн орчныг сайжруулахын тулд нэн тэргүүнд зээлийн хүүг бууруулах, нөхцөлийг сайжруулах шаардлагатай гэж үзсэн байна. Мөн татварын таатай орчин бүрдүүлэх гэж 77.9, хууль, эрх зүйн орчныг сайжруулах гэж 62.9, үндэсний үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжих гэж 58.8, авлига, хүнд сурталыг бууруулах гэж 51.5 хувь нь хариулав. Түүнчлэн бизнесийн салбарын санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх гэж 50.6, мэргэжлийн ажиллах хүчин бэлтгэх тогтолцоог сайжруулах гэж 43.4 хувь нь хариулсан байна.