Манай төр, засгийн одоогийн байгаа царай тулганыхаа урд эргэлдэн, хормойгоороо аягаа арчаад л, хэдэн хүүхдийнхээ нэрийг хольж солиод суудаг уймраа хөгшчүүлийг эрхгүй санагдуулах юм. Шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа гэгдэж байсан шинэ төрлийн коронавирусийг БНХАУ-д бүртгэгдсэний дараа уг өвчин дэлхий дахинд тархах өндөр эрсдэлтэй хэмээн ДЭМБ зарлаж, манай улс өнгөрсөн нэгдүгээр сарын 3-нд уг мэдээг хүлээн авсан. Түүнээс хойш Засгийн газар, Улсын онцгой комисс (УОК) яг юу хийв. Өнгөрсөн 11 сарын турш тавилттай жүжиг тоглосон болж таарав уу. Цар тахлаас урьдчилан сэргийлэх гол ажлууд ердөө л ядарсан иргэдээ хорьж цагдах, хааж боох, хавчин дарамтлах, айдас хүйдэст автуулах байсан юм биш үү гэсэн шүүмжлэлийг бодууштай.
УОК-ынхны өнгөрсөн хугацаанд гаргасан амьдралгүй шийдвэрүүд, түүний “түүхий” хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдал зэргийг харсан ч шүүмжлэхгүй байхын арга алга. Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд улс орон даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлснийг зарлан, хилийн боомтуудыг шат дараатай хааж, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосон. Үндсэндээ халдвар дотоодод тархсаныг зарлах хүртэл улсын эдийн засаг сүйрч, монголчуудын амьдрал доройтон, өрөндөө баригдаж, өтөндөө идэгдсэн нь төр, засгийн буруу шийдвэр, зохион байгуулалтын алдаанаас үүдсэн гэж хэлж болно.
Коронавирусийг хүн амын дунд алдаагүй дэлхийн цор ганц улс болохын төлөө УОК ард иргэдийнхээ амьдралаар “тахил өргөсөн” нь үнэн. Түүгээрээ ч бахархаж, иргэддээ байнга ялархаж ирсэн. Үнэхээр халдварыг алдалгүй барьж чадсан юм бол яагаад дотоодын аж ахуйн нэгжүүдээ өнгөрсөн хугацаанд үйл ажиллагааг нь эхлүүлсэнгүй вэ. Олныг хамарсан бүх баяр, тэмдэглэлт өдрүүдийг алгассан хэрнээ УИХ-ын болон орон нутгийн сонгуулиа ёслол төгөлдөр, нарийн зохион байгуулалт дор явуулсан. Улстөрчид өөрсдийнхөө эрх ашгийн төлөө юуг ч, ямар ч ажлыг сайн хийж чаддагаа түүгээр харуулсан бус уу. Улсын баяр наадмаар иргэд морь, бөхөө үзье гэхээр коронавирус гэж айлгаад, өөрсдөдөө зориулаад тусгай хөтөлбөрөөр цэнгэчихсэнийг монголчууд мартаагүй. Хэдий болтол бид цар тахлаар дарамтлуулж, айдсаар удирдуулж, УОК-ын “утсан хүүхэлдэй” шиг амьдрах вэ.
Нэг л өглөө сэрэхэд хаалгаа гаднаасаа түгжүүлж, орцныхоо үүдийг гагнуулчихсан байвал битгий гайхаарай. Төрийн түшээд маань ажлаа хийж чадаагүй л гэж ойлгох хэрэгтэй. Уг үйл явдал энэ сарын 11- нд тохиосон. Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолооч “Энх саран” сувилалд тусгаарлагдаад гарсны дараа түүнээс болон эхнэрээс нь “Ковид-19” илэрснийг УОК зарлаж, Улаанбаатар хотод хөл хорионы хатуу дэглэм тогтоосон. Бүх шатны боловсролын байгууллага, үзвэр, үйлчилгээ, ресторан, зоогийн болон цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоож, хурал, цуглаан, нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг цуцалсан. Энэ нь иргэдэд сэтгэл санааны болоод эдийн засгийн хүнд цохилт болов. Одоо ч тэр шокноосоо гараагүй л байгаа. Уг нь халдварыг дотоодод алдсан гэх мэдээллийг өмнөх өдөр нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олж мэдэн, УОК, ЭМЯ-ныхнаас энэ талаар үнэн, эсэхийг тодруулж, хөл хорио тогтоох тухай лавлахад үгүйсгэсэн. Харамсалтай нь, 11-ний өглөө тэрхүү мэдээлэл үнэн болохыг зарласан билээ. Магадгүй манай төр, засаг иргэддээ “гэнэтийн бэлэг” барих дуртай, мэдээлэл өгөхгүйгээр эрх ашгийг нь хохироож, эрүүл мэндээр нь “наадаж” байж биднээс илүү гэдгээ мэдэрдэг юм болов уу.
Монгол Улс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжээд 18, хөл хориог хэсэгчлэн сулруулаад хоёр хонож байна. УОК-ын эл хугацаанд гаргасан шийдвэрүүд иргэдийг “модоо бариулж”, уурлуулж бухимдуулан, талцуулж хагаралдуулсаар. Хөл хорионы хатуу дэглэмийн эхэн үед нийтийн тээврийг өглөө, оройд тогтсон хуваарийн дагуу явуулж, нэр бүхий 13 байгууллагын ажилтнуудыг хувийн унаагаараа, ажлын үнэмлэхээ шалгуулаад зорчиж болно гэсэн нь хэрэгжээгүй. Онцгой байдлын үед үүрэг гүйцэтгэж буй ажилтнуудын хувийн унааг хотын төвөөр зорчуулахгүй, ихэвчлэн тойруу замаар хөдөлгөөнд оролцуулан, шалгах нэрийдлээр энд тэндгүй зогсоож, чирэгдүүлсэн. Төд удалгүй УОК-ын эл шийдвэрийг нийслэлийн Онцгой комиссынхон үгүйсгэж, нэр бүхий байгууллагуудын ажилтнуудыг арваннэгдүгээр сарын 16-наас тусгай зөвшөөрлөөр зорчуулах болсноо зарлалаа. Үүний дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны гадна маш олон хүн цугларч, үймээн шуугиан болоход тусгай зөвшөөрөл олгохоо больсныг мэдэгдэв. Урьдынх шигээ ажлын үнэмлэхээ үзүүлээд, хөдөлгөөнд оролц гэсэн юм.
Гэтэл хэд хоногийн өмнөөс онцгой дэглэмийн үед албан үүргээ гүйцэтгэж буй байгууллагуудын ажилтнуудыг ажлын үнэмлэхээр нь зорчуулахгүй, автомашинд нь QR код олгох болсон. 50, 100, 1000 ажилтантай байхаас үл хамаарч, нэг байгууллагад замын хөдөлгөөнд оролцох 10-20 эрх л өгч байна. QR кодгүйг нь нийтийн унаагаар зорч гэв. Хүмүүсийг олноор цуглуулахгүй байх, 1.5 метрийн зай барих ДЭМБ-ын зөвлөмж энэ мэт нийтийн тээвэрт мөрдөгдөхөө больжээ. Автобусанд олноор зорчвол халдвар авахгүй, харин хувийн машинаараа явбал өвчин тусна гэсэн нь УОК-ынхны бас нэгэн “гайхалтай” шийдвэр байлаа.
Засгийн газар, УОК-ын өнгөрсөн сарын 29-ний хуралдааны шийдвэрийг иргэд амьсгаа даран хүлээсэн. Бүтэн өдөржин хуралдсаны эцэст Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгийн хөл хорионы онцгой дэглэмийг сунгаж, бусад аймгийнхыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлснээ 20.00 цагт мэдээлэв. Нэр бүхий 13 чиг үүргийн албан байгууллага дээр нэмээд гоо сайхны бүтээгдэхүүн, барилгын хийц, материалын үйлдвэрлэл, худалдаа, хүргэлтийн үйлчилгээ, арьс шир, ноос ноолуур, бусад боловсруулах болон хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагааг өчигдрөөс нээлээ. Өөрөөр хэлбэл, таван чиглэлийн үйлдвэрлэл, худалдааны эрхийг сэргээсэн нь энэ. УОК-ын дарга Я.Содбаатар эдгээр шийдвэрийнхээ талаар мэдээлэхдээ ойлгомжтой бус, дүлэгнэсээр, хэн нэгэнд буруугаа нялзааж, ялархсаар яриагаа дуусгасан. Хөл хориог 10 хоног сунгах хугацаанд юу хийх, ямар ажил төлөвлөснөө, халдварын цар хүрээг хэрхэн, яаж хумих, ямар шалтгаанаар иргэдийг хүлээлгэж байгаагаа ч хэлээгүй.
Улаанбаатар хотод гацсан орон нутгийн 85 мянга гаруй иргэнийг өчигдрөөс нутаг буцаах ажлыг эхлүүлээд буй. Гэртээ харих хүсэлтэй иргэдэд PCR шинжилгээнд заавал хамрагдсан байх шаардлага тавьж буй. Ингэхдээ нутаг буцахаас нь өмнө буюу 48 цагийн дотор тухайн шинжилгээг авч, 6-8 цагийн дотор хариуг нь өгөх ёстой. Гэтэл уг ажил бас л бүтэлгүйтэж, иргэдийн хот хоорондын автобусны болон онгоцны тасалбар, тийз эхнээсээ “үхэж” байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 26-нд 119.mn сайтад бүртгүүлж, цаг авсан иргэн А 30-нд шинжилгээ өгөхөөр товлосон цэгт очиход бүртгэл нь баталгаажаагүй гэсэн шалтгаанаар буцаажээ. Энэ мэт иргэдийн регистрийн дугаар, хаягийн мэдээлэл зөрсөн. Хан-Уул дүүрэгт шинжилгээ өгөх иргэнийг Баянзүрхэд бүртгэсэн гэхчлэн 119.mn сайтын системийн алдаанаас болж олон мянган хүн хохирчихоод байхад УОК, холбогдох байгууллагынхан одоо болтол эл асуудлыг шийдээгүй байна. Одоо бүр программ зохион бүтээсэн хувийн аж ахуйн нэгж рүү эдгээр бурууг чихэж ч байх шиг. УОК-ынхны зохион байгуулалт, бэлтгэлгүйн алдаа, бүртгэлийн системийн гажуудал, шинжилгээний цэгүүдийн ажилтнууд цагийн хуваарийг мөрдөөгүй зэрэг шалтгаанаар иргэд өвлийн хүйтэнд гадаа олон цагаар дугаарласан нь гарцаагүй үнэн.
УОК, ЭМЯ өнгөрсөн 11 сарын турш коронавирусийг хүн амын дунд тархах эрсдэлтэй гэж анхааруулж, бэлэн байдлаа хангаж буйгаа сурталчилсаар ирсэн. Харамсалтай нь, бид айдастайгаа нүүр тулахад ямар ч бэлтгэлгүй байсан нь дээрх жишээнүүдээр нотлогдлоо. Адаглаад л Улаанбаатарт “Ковид-19” дэгдвэл орон нутгийн иргэдийг хэрхэн бүртгэх, ямар зохион байгуулалтаар хотоос гаргах, шинжилгээнд яаж хамруулах тухай ямар ч төлөвлөгөөгүй байж. Бидэнд халдвартай тэмцэх арга барилаа олох, бэлэн байдлаа хангахад бүтэн жилийн хугацаа байсан. Энэ хооронд бүртгэлийн ганц систем боловсруулчихаагүй гээд бод. Иргэдийг гомдол мэдүүлэхээр “Бидэнд хугацаа бага байсан” гэж арьсаа хамгаалахаасаа ичээсэй.
Эцэст нь хэлэхэд, төр, засгаас гаргасан тушаал, шийдвэрүүд шат шатандаа уялдахгүй, авцалдахгүй, хэрэгжихгүй байна. Цар тахлын онцгой үед ажиллах нэгдсэн зохион байгуулалт, төлөвлөгөө, чадвар УОК-ынхонд алга. Нэг л их иргэдийнхээ төлөө цаг наргүй ажилласан, ядарсан хүмүүс. Үнэндээ бусад үед нь байнга шахам зүгээр суудаг бус уу. Улс эх орноо ийм үед л хамгаалж, иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангах нь Засгийн газар, УОК-ынхны үүрэг тул бүү яларх.