УИХ-ын чуулган баасан гарагт цахимаар хуралдаж, Засгийн газраас өнгөрсөн сарын 20-нд өргөн мэдүүлсэн Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн долдугаар зүйлд цахим хуралдааны талаар тусгасан бөгөөд үүний дагуу MyParliament программыг гишүүд ашиглаж буй юм.
Нийгэм, эдийн засагт үзүүлэх цар тахлын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос болон өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, улаан буудай, тослог ургамал, ургамлын түүхий тос импортлоход гаалийн ба нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлж, уг хуулийг баталсан өдрөөс 2021 оны тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхээр тусгасныг санаачлагч нь илтгэлдээ онцлов. Ингэснээр хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, импортын хүнсний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулахад дэмжлэг болохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэллээ. Мөн төсвийн орлого 39 тэрбум төгрөгөөр буурахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцолсон юм. Гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.
Дараа нь ирэх оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон ч түр хойшлуулсан юм.