Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяраас бүх нийтийн бэлэн зэрэг шилжсэн эл өдрүүдэд зорчигч хөдөлгөөний урсгал хэр байгаа хийгээд автобус хүрэлцээтэй эсэр талаар тодрууллаа.
-Өнөөдрийн байдлаар нийтийн тээвэрт хэчнээн автобусаар үйлчилж байна вэ?
-864 автобусаар иргэдэд үйлчилж буй. Тооцоолсноос их хүн нийтийн тээврээр үйлчлүүлж буй тул маргаашаас 890 автобусыг хөдөлгөөнд оролцуулна. Нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорьсон ч гэлээ иргэдийн урсгал хөдөлгөөн тасрахгүй байна. Автобус хүрэлцээгүй тул их хүнтэй тохиолдолд иргэдийг аюулгүй байдлаар хангаж, дараагийн тээврийн хэрэгсэлд суухыг зөвлөж буй. Зорчигч иргэдийн тоонд тааруулна гэвэл нийслэлд өнөөдөр 1870 автобус шаардлагатай. Сүүлийн хоёр хоногт иргэдийн зорчигч хөдөлгөөн нэлээд ихэссэн.
-Хатуу хөл хорионы үед зорчиж буй иргэдийн судалгааг гаргасан уу?
-13 байгууллагын ажилтан алба хаагчид автобусаар зорчихоос гадна ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиж байна. Судалгаанаас харахад өнгөрсөн өдрүүдэд өдөрт 7-12 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 16 мянган ахмад настан нийтийн тээврээр үйлчлүүлж байна.
-ТҮЦ ажиллахгүй байгаа учраас олонх хүн бэлэн мөнгө төлж байгаа харагдсан.
-Үйлчилгээний бүхий л байгууллага үүдээ түр барьсан тул “Улаанбаатар смарт карт” компанийнхан Hi pay Wallet төлбөрийн үйлчилгээ нэвтрүүлсэн. Тиймээс иргэд U money картаа гар утаснаасаа эсвэл картаараа цэнэглэж болно. Мөн бэлэн мөнгө өгөх, авахад манайхан хяналт тавьж буй. Цаашдаа бэлэн мөнгөний хайрцаг байршуулах асуудлыг судалж байна. “Ковид-19” цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор НИТХ-ын төлөөлөгчид хуралдаж чадалгүй бүрэн эрхийн хугацаа нь дууслаа. Тиймээс бид эл саналаа шинээр бүрдэх НИТХ-ынханд тавихаар бэлтгэж байна. Автобусанд бэлэн мөнгөний хайрцаг байршуулахын тулд өмнө гаргасан НИТХ-ын 2314 дүгээр тогтоолыг хүчингүй болгох ёстой.
- Мөн үнэмлэхээрээ зорчиж буй иргэд ч байна. Ямар хүмүүс төлбөргүй зорчих боломжтой вэ?
-Цагдаа, хүчний байгууллагынхан, их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутан, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүндэт донорууд автобусаар үнэгүй зорчиж буй.