Нийгмийн даатгалын байгууллагаас 446.4 мянган тэтгэвэр авагчдад 185.0 тэрбум төгрөгийн тэтгэврийг арилжааны зургаан банкаар дамжуулан олгоно. Тодруулбал, ирэх өдрүүдэд 353.5 мянган даатгуулагчид өндөр насны, 71.9 мянган даатгуулагчид тахир дутуугийн, 21.0 мянган иргэнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох юм. Гэхдээ Нийгмийн даатгалын ерөнхий газраас дараах сэрэмжлүүлгийг өгсөн билээ. Коронавирусийн халдвараар ахимаг насны, архаг хууч өвчтэй хүмүүс өвчлөх өндөр эрсдэлтэй. Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын байгууллагаас онцгой анхаарал хандуулж, тэтгэвэр авагчдыг халдвараас сэргийлэх ажлыг урьдчилан зохион байгуулж буй. Нэн түрүүнд банкан дээр дараалал үүсгэхгүйн тулд картгүй тэтгэвэр авагчдыг картжуулах ажлыг арилжааны банкуудтай хамтран арваннэгдүгээр сарын 14-нөөс эхлүүлжээ. Улсын хэмжээнд 32 159 тэтгэвэр авагчийн картыг хэвлэн, банкны тооцооны төвүүд болон шуудангийн үйлчилгээгээр дамжуулан түгээх ажлыг зохион байгуулж байна. Үүнээс гадна Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймаг зэрэг коронавирусийн халдвар тархсан бүс нутгийн тэтгэвэр авагчидтай нэг бүрчлэн утсаар ярьж, 14 911 хүнд зөвлөгөө, мэдээлэл хүргэсэн аж. Тэтгэврийг хугацаанд нь олгох бөгөөд санхүүжилт дуусах, хойшлуулах зэрэг асуудал гарахгүй тул тэтгэвэр олгох эхний өдрүүдэд очиж төвлөрөл үүсгэхээс зайлсхийхийг тус газраас хүссэн. Улмаар цахим үйлчилгээг сонгож АТМ, интернэт банк ашиглах, зайлшгүй банкаар үйлчлүүлэх тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг сахиж, өөрийн эрүүл мэндээ хамгаалахыг зөвлөлөө.