Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) цар цахлын үеийн эдийн засаг, бизнесийн нөхцөл байдлыг судалж гаргажээ. Ингэхдээ тус танхимынхан энэ сарын 23-25-ны өдрүүдэд хувийн хэвшлийн 3530 гаруй аж ахуйн нэгжээс хатуу хөл хорио бизнест хэрхэн нөлөөлж байгаа талаар цахимаар судалгаа авсан аж. Уг судалгааг бодитой эсэхэд эдийн засагч бүр өөрийн байр суурийг илэрхийлж буй. Ямартай ч хатуу хөл хорио тогтоосон цагаас хойш 152 мянган хүн ажилгүй, орлогогүй болсон гэх мэдээллийг тэд өчигдөр хийв. Түүгээр барахгүй он дуустал хөл хориог үргэлжүүлбэл 432 мянган ажлын байр, гурван сараар сунгавал 505 мянга гаруй ажлын байр цөөрөхийг МҮХАҮТ “зөгнөлөө”. Монгол Улсын хэмжээнд хувийн хэвшил ердийн үед нэг сая гаруй ажлын бий болгож, төсвийн орлогыг бүрдүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл, хамгийн том ажил олгогч нь дор нэр нь дурдагдах салбарынхан. Тодорхой хэлбэл, худалдаа, үйлчилгээ, барилга, боловсруулах үйлдвэрлэл, боловсрол, уул уурхай, аялал жуулчлал, тээвэр, мэдээллийн технологи зэрэг салбарынхан.
Эдгээр салбарынхныг борлуулалтын орлогоор нь ангилж үзвэл судалгаанд оролцогсдын 41 хувийг 100 сая төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгж эзэлж байсан бол таван тэрбум төгрөгөөс дээш орлоготой нь есөн хувийг бүрдүүлжээ. Ажиллагсдын тоог хэлбэл, аж ахуйн нэгжүүдийн 54 хувь нь 19 хүртэлх хүнтэй гэж хариулсан аж. Мөн 25 хувь нь 20-199, найман хувь нь 200-гаас дээш ажилтантай гэсэн байна. Харин 13 хувь нь хувиараа бизнес эрхлэгчид байж. “Ковид-19” цар тахлын халдвар, тархалт бизнесийн салбарынхны 90 хүртэлх хувьд сөргөөр нөлөөлсөн аж. Тодруулбал, үйлчилгээ, худалдаа, боловсруулах үйлдвэрлэл, тээвэр, барилга тэргүүтэй эдийн засгийн голлох салбаруудад хамгийн их сөрөг нөлөө үзүүлсэн байна. Гэхдээ хөл хорионы үед хувиараа бизнес эрхлэгчдийн 13 хувь нь хязгаарлагдмал хүрээнд ажиллаж буй. Харин 82 хувь нь бүрэн зогсолт хийсэн гэнэ. Аж ахуйн нэгжүүд өөрийн нөөцөөр ажлын байраа хэдий хугацаанд хадгалах боломжтой, эсэхийг уг судалгаагаар танджээ.
Судалгааны үр дүнгээр 53 хувь нь нэг сар буюу 30 хоног л амьдрах боломжтой гэж хариулсан байна. Хатуу хөл хорио тогтоосон цагаас хойш аль хэдийн 14 хоног өнгөрсөн. Цаашдаа аж ахуйн нэгжийн 31 хувь нь өөрийн нөөцөөр 1-3 сар тэсэх, үүнээс хойш тэсэх боломжгүй гэжээ. Энэ бүх үзүүлэлтээс хамгийн их анхаарал татсан дүр зураг бол ажлын байр байлаа. Мэдээллийн эхэнд дурдсанаар энэ сарын 12-ны өдрөөс хойш 152 мянгаар ажлын байр хорогджээ. Өөрөөр хэлбэл, 150 мянган хүн ажлын байраа алдаж, ажилгүй орлогогүй болов. Түүгээр зогсохгүй хувиараа бизнес эрхлэгчдийн 74 хувь нь цалин олгох боломжгүй болсноо онцолжээ. Аж ахуйн нэгжүүдийн бэлэн мөнгөний нөөц хүрэлцэх хугацааг тодорхойлоход хувийн хэвшлийнхний 63 хувь нь нэг сарын нөөцтэй гэсэн байна. Түүнчлэн хувиараа бизнес эрхлэгчдийн 67 хувь нь 50 хүртэлх сая төгрөгийн зээлтэй гэнэ. Тодруулбал, хувиараа бизнес эрхлэгчдийн 67 хувь нь зээлийн эргэн төлөлт хийж чадахгүй байгаа бол 61 хувь нь түрээсийн төлбөр хийхэд хүндрэлтэй гэж хариулсан байна. Тиймээс тэд ажлын байраа хадгалах, ажилтны цалин тавих, зээлийн эргэн төлөлт, түрээсийн төлбөрийн талаар төрөөс гаргаж буй шийдвэр ойлгомжгүй, уялдаа холбоогүйг судалгаанд тодотгожээ.
Өөрөөр хэлбэл, уг судалгааны дүн аж ахуйн нэгжүүд хатуу хөл хорионы өмнө өвдөг сөхөрч байгааг илтгэх шиг болов. Товчхондоо бизнесийн орчин өдөр ирэх тусам улам дордсоор байна. Гэтэл хатуу хөл хориог 14 хоногоор сунгаж, цаашид баргар өдрүүд үргэлжлэх тухай мэдээлэл цахим орчинд “тэнэж” эхлэв. Хатуу хөл хориог сунгасан тохиолдолд төр засаг эдийн засгийн болон экспортын гол салбарын үйл ажиллагааг сэргээх, хэвийн явуулах, аж ахуйн нэгжүүдийг ажлын байраа хадгалахад нь дэмжлэг үзүүлэх, цар тахлаас үүдэн ихээхэн хохирол амссан, хувиараа бизнес эрхлэгчид болон жижиг бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатайг МҮХАҮТ онцоллоо. Тус танхимаас гаргасан найман саналын жагсаалтыг хүргэе.
1. Үйл ажиллагаа бүрэн зогссон, ихээр хязгаарлагдсан салбарын бизнест санхүүгийн дэмжлэг үзүүлэх
2. Богино хугацааны ажилгүйдлийн эсрэг чиглэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх
3. Жижиг дунд бизнес эрхлэгчид болон хувиараа бизнес эрхлэгчид, цар тахлын нөлөө хүндээр туссан салбарын ААН-үүдэд баталгаа шаардахгүй, хүүгүй болон маш бага хүүтэй зээл олгох
4. Цар тахлын нөлөөллийн улмаас борлуулалтын орлогогүй болон орлого нь маш доогуур байгаа ААН-үүдийн цалингийн зардалд татаас өгөх
5. Нөлөөлөлд өртсөн ААН-үүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг хойшлуулах буюу чөлөөлөх
6. Нөлөөлөлд ихээр өртсөн салбарын жижиг дунд ААН-ийн тогтмол зардлыг санхүүжүүлэх, түрээсийн төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөхөд дэмжлэг үзүүлэх
7. Нөлөөллийн улмаас бизнес нь доголдсон аж ахуйн нэгжүүдэд зээлийн үндсэн ба хүүгийн төлбөрийн татаас өгөх
8. Нөлөөлөлд өртсөн бизнес эрхлэгчдийг санхүүгийн хөрвөх чадвараар хангах зорилгоор олгох банкны зээлийн хүүг бууруулахад дэмжлэг үзүүлэх