ХЭҮК-ын шинэ гишүүд 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн. Комиссын даргын үүргийг Комиссын гишүүн Ж.Хунан түр орлон гүйцэтгэж байна. Монгол Улсад коронавируст халдварын дотоодын анхны тохиолдол бүртгэгдэж, Засгийн газрын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор авч буй арга хэмжээ, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиудад заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Комиссоос шуурхай үнэлгээ хийж, нөхцөл байдалтай танилцаж, холбогдох гомдол, мэдээллийг шалгалаа. Тухайлбал, 2020 оны арваннэгдүгээр сарын 20-нд комиссын гишүүд нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харьяа Түр хамгаалах байр, Хүүхэд, залуучууд, гэр бүл хөгжлийн газрын харьяа Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байр, 107, 108 утас, Хан-Уул дүүргийн Хүүхэд хамгааллын байр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, түүний харьяа Цагдан хорих 0461 дүгээр хаалттай ангид ажиллажээ. Мөн энэ сарын 23-нд Чингэлтэй дүүргийн 17, Баянзүрх дүүргийн 5, 22 дугаар хороодод тус тус ажиллаж, нөхцөл байдалтай биечлэн танилцсан. 2020 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн шилжсэнээс хойш иргэд, байгууллагаас комисст хандаж нийт 539 гомдол, мэдээлэл ирүүлсний 51 нь короновируст халдварын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаатай холбоотой байгаа бөгөөд гомдлын дагуу мөн шалгалт хийлээ. Дээрх ажлуудын үр дүнд цугларсан мэдээлэлд үндэслэн Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, хууль тогтоомжоор баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс Хүний эрхийн үндэсний комисс өөрийн бүрэн эрхийн хүрээнд Улсын онцгой комисст зөвлөмж хүргүүллээ. Үүний зэрэгцээ, 2020 оны арваннэгдүгээр сарын 25-нд уг байгууллага орон нутгийн ажилтнуудтайгаа цахим хурал хийж, цар тахалтай тэмцэх орон нутгийн үйл ажиллагаанд хяналт тавих, зөвлөж хамтран ажиллах чиглэл өглөө.