“Ковид-19” халдварт өвчин “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн харьяа байгууллагад дэгдсэн нөхцөл байдалтай холбогдуулан Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар төмөр замын салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийж тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий Шуурхай бүлгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулан байгуулсан. Шуурхай бүлэг өнөөдөр 11.00 цагт хуралдаж, нөхцөл байдлыг хэлэлцжээ. Сүүлийн хоёр хоногт 5321 төмөр замчинд шинжилгээ хийж, сэжигтэй зарим тохиолдлыг тусгаарлах арга хэмжээ авсныг энэ үеэр танилцууллаа.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар маш богино хугацаанд, үр дүнтэй ажилласан шуурхай бүлгийн гишүүд, төмөр замын ажилтнуудад талархал илэрхийлээд, энэ эрчээ алдалгүй ажиллахыг хүсэв. Мөн хэд хэдэн үүрэг, даалгаврыг холбогдох байгууллага, албан тушаалтанд өгчээ. Тухайлбал, сэжигтэй тохиолдлуудын хаягийг маш яаралтай тодорхойлж, хэрэв нэг доор байвал уг газрыг тусгаарлах, халдваргүйжүүлэх, бусад өртөө, зөрлөг, байгууллагуудад ажиллаж байгаа төмөр замчдыг хамгаалах хэрэгслээр сайтар хангах, зөрлөгүүд, замын хэсгүүдэд хоол хүнсний хангалт шуурхай зохион байгуулах, аюулгүй байдлыг ханган, хүнсний барааны сав, баглаа, боодлын гадна талыг тогтмол ариутгахыг үүрэг болгосон байна. Мөн ээлжийн болон шуурхай ажлаар яаралтай дуудагдсан ажилтнуудын нэрсийг гаргаж, орон нутгийн Онцгой комисс, Тээврийн цагдаагийнханд даруй мэдэгдэж, түргэн шуурхай зорчих боломж бүрдүүлэх, өртөө, зөрлөг, харьяа байгууллагын шинжилгээнд хамрагдаагүй ажилтнуудыг нэгдсэн байдлаар шуурхай шинжилгээнд хамруулах, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй байгууллагад болон одоо ажиллаж байгаа ажилтнуудын ажлын байрыг тогтмол ариутгахын даалгав. Ажилтнуудыг шинжилгээнд хамруулахад шаардлагатай 2000 ширхэг оношлуурыг яаралтай Төмөр замын төв эмнэлэгт олгуулах саналыг ЭМЯ-нд уламжилж, шуурхай шийдвэрлэж эхэлсэн гэнэ.
Өвчний голомттой газар ажиллаж байгаа болон халдвар авсан ажилтнуудын ар гэр, нийгмийн асуудалд байгууллагууд онцгой анхаарч, бүх талаар туслах, иргэдтэй шууд харилцаж буй үйлчилгээний ажилтнуудыг халдвар, хамгаалалтын хувцас хэрэглэлээр хангах, хяналт тавих, зүтгүүрийн бригадын ажил, амралтын дэглэмийг сайтар сахиулан амралтын байранд тогтмол ариутгал хийлгэх, бусадтай харилцаанд оруулахгүй байх арга хэмжээг авахад онцгой анхаарах үүрэг өгсөн аж.
Түүнчлэн улаан буудай, гурил, мах зэрэг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтэд онцгой анхаарах, цахилгаан станцуудын нүүрсний нөөцлөлт, тээвэрлэлтийг саадгүй шуурхай зохион байгуулах, уул уурхайн экспортын бүтээгдэхүүний тээвэрлэлтэд шаардлагатай вагоны хангалтыг тогтмол хийхийг даалгажээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа