ДУГААРЫН ОНЦЛОХ СЭДЭВ: Хувийн тэтгэврийн сан
Монгол Улс эв санааны тэтгэврийн тогтолцоотой. Өдгөө 1.2 орчим сая хүний төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг 400 мянга орчим иргэнд тэтгэвэр олгоход хуваарилж байна. Харамсалтай нь, төвлөрүүлсэн хөрөнгө нь хаана ч хүрдэггүй учраас энэ онд төсвөөс бараг хагас их наяд төгрөгийн татаас олгосон. Өнөөдөр тэтгэврийн насныхны 80 орчим хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 мянган төгрөгөөс бага тэтгэвэр авч байна. Насаараа ажиллаад авсан мөнгөөрөө наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй учраас тэд сэтгэл дундуур амьдардаг. Өдгөө нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа залуусыг тэтгэвэрт гарахад бас л ийм орчин угтах уу. Улсаас хэдий хэмжээний татаас өгөх шаардлага үүсэх бол. Түүнийг нь даах уу. Барагцаалбал одоогоор гурван хүний төлсөн шимтгэлээр нэг өндөр настны тэтгэврийг олгож байна. Тэгвэл Монгол Улсын хүн ам зүйн ачаалал 2017 онд 58.3 байсан бол 2045 онд дээрх тоо 64.9-д хүрнэ гэх. Улмаар хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох хүүхдийн тоо 50.1, ахмад настан 14.8 болж нэмэгдэхээр байгаа. Хүн амын насжилтаас шалтгаалж 2050 он гэхэд нэг хүн нэг ахмад настны тэтгэврийг “төлөх” цаг ирэх нь. Иймээс ирээдүйн ажиллах хүчин буюу өнөөгийн багачууд, таны хүүхдээс авах шимтгэл өндөр болох дүр зураг харагдаж байна. Манай улс тэтгэврийн тогтолцоогоо өөрчлөх шаардлагатай нь эндээс төвөггүй ойлгогдоно.
“Тэтгэврийн реформ” хөдөлгөөний санаачлагч гишүүдийн нэг Ө.Ганзориг “Баян, хоосны ялгаагаар Монгол Улс дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрчихээд байна” хэмээн ярьсан. Тэгвэл хувийн тэтгэврийн сан байгуулбал тэтгэврийн тогтолцоо өнөөгийн хуваарилдаг хэлбэр биш, хуримтлуулдаг болж хөгжинө. Баялгийн хуваарилалтад ч эергээр нөлөөлнө. УИХ-ын гишүүн Н.Учрал нарын санаачилсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж буй. Хэрэв уг хуулийн төслийг баталж, хуримтлалын тогтолцоотой болбол иргэдийн шимтгэлд төлж буй мөнгийг тухайн хүний нэр дээр хадгалж, өсөж арвижих юм. Дээрх төсөлд ийм сангууд хөрөнгө оруулах үйл ажиллагаа явуулахаар тусгажээ. Тодруулбал, хувийн тэтгэврийн санд төвлөрүүлсэн шимтгэлээр хувьцаа, Засгийн газрын бонд, үл хөдлөх хөрөнгө зэрэг найдвартай хэрэгсэлд хөрөнгө оруулна. Энэ нь зөвхөн хувь хүнд хөрөнгө оруулалт болох биш, хөрөнгийн зах зээлийн хөгжил, эдийн засгаа эмнэхэд эергээр нөлөөлөх нь мэдээж. Гадаадын орнуудад тэтгэврийн сангууд нь ипотекийн зээл, даатгалын салбарын хамгийн том хөрөнгө оруулагч байдаг аж. Урт хугацаатай, өндөр өгөөжтэй, эрсдэл багатай хэрэгсэлд хөрөнгө оруулахыг хуульдаа тусгадаг гэнэ.
Дээрх хуулийн төсөлд тусгасны дагуу иргэн сайн дураараа хүсэж, төлөх шимтгэлээс нь дөрвөн хувийг (ажилтан, ажил олгогч тус бүр хоёр хувь) тэтгэврийн санд шилжүүлбэл төсвөөс өгөх татаас улам нэмэгдэнэ гэж зарим хүн хэлж мэднэ. Гэхдээ энэ хоёр сан зэрэгцэн ажиллах үед улсын төсвийн ачаалал урт хугацаанд хөнгөрөх талтай. Мэдээж хувийн тэтгэврийн сангуудын үйл ажиллагаа ил тод, мэдээллийн баазтай байх хэрэгтэй гээд шийдэх олон асуудал бий. Учирч болзошгүй эрсдэл, тогтвортой ажиллагааг нь тооцон манайд хувийн тэтгэврийн сан таваас хэтрэхгүй байхыг хуулийн төсөлд тусгажээ. Мөн хөрөнгө оруулагч тухайн тэтгэврийн сангийн хэчнээн хувийг эзэмших, нэг эзнээс хараат биш байх зэргийг тусгасан юм билээ.
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг “Капитал” банканд байршуулж, өнөөх нь дампуурсан тохиолдол бий. Тэгвэл бас хувьцаат компанийн хэлбэртэй байх хувийн тэтгэврийн сангийн хөрөнгийг зөв удирдаж, захиран зарцуулж чадах, эсэхэд зарим хүн эргэлзэж буйг дурдах нь зүйтэй. Тиймээс хувийн тэтгэврийн сантай болбол зохицуулалт, хяналт сайн тавих нь чухал. Сингапур улсад гэхэд төв хуримтлалын сан бий аж. Иргэд нь албан журмаар сар бүрийн орлогынхоо 20 хүртэлх хувийг тус санд хуримтлуулдаг юм байна. Түүгээрээ хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулж, удаан хугацаанд хуримтлуулснаар үнэ цэн, үлдэгдлийг нь нэмэгдүүлээд явдаг гэнэ. Иргэн бүр тухайн хуримтлалыг авч болох ажилласан жил болон насны босгыг зааж өгсөн учраас төв хуримтлалын санг тухайн улсын тэтгэврийн тогтолцоо мөн гэж ойлгож болох нь. Тэнд тухайн хүний нэрийн дансанд хуримтлуулсан хөрөнгийг ердөө гурван тохиолдолд хугацаанаас нь өмнө өгдөг аж. Тэдгээр нь ипотекийн зээл авах, эдгэшгүй өвчин туссан бол гэх зэргээр хуульчилсан байдгийг санахад илүүдэхгүй.
Хуримтлал суурьтай тэтгэврийн тогтолцоо нь даатгал суурьтайгаас хэд хэдэн давуу талтай. Тэтгэврийн санд оруулсан хөрөнгөд хүү, өгөөж тооцогдон өсөхөөс гадна хуримтлал өвлөгдөх юм. Энэ нь тухайн хүний гэр бүл, үр хүүхдэд баталгаа болж үлддэг байна.
ИНФОГРАФИК
Итгэлцэл дээр тогтож буй хувийн хөрөнгө оруулалтад эрх зүйн орчин дутагдаж байна
Хувийн тэтгэврийн сан бий болгохын ашиг тус, эрсдэл, иргэдийн ойлголт, хөрөнгө хуримтлуулж, зохицуулдаг эрх бүхий этгээдүүд нь бусдыгаа хохироохгүй гэсэн баталгааг хэн гаргах талаар сурвалжиллаа. “Голомт” банканд ажилладаг танил бүсгүй “Анх ажилд ороход л байгууллага маань тэтгэврийн сан үүсгэсэн, ажилчдынхаа хийсэн мөнгөтэй адилхан дүнгээр байгууллага нэмж хуримтлуулдаг. Тухайн хуримтлалаар хөрөнгө оруулж, өгөөж боддог гэсэн нь таалагдсан. Би энд ажиллаад найман жил боллоо. Эхний дөрвөн жилд бүх татвараа өгсний дараах цалингаас би тав, ажил олгогч таван хувийг тэтгэврийн санд хийж байсан бол сүүлийн жилүүдэд нь хоёр, хоёр болгож бууруулсан. Энэ хугацаанд миний хуримтлал 12 орчим сая төгрөг болсны гурван саяыг нь би, гурвыг нь байгууллага нэмсэн, үлдсэн нь өгөөжийн ашиг байна. Хадгаламжтай адилхан учраас барьцаалж зээл авч болдог. Ийм тогтолцоотой болохоор ажлаа солих талаар боддоггүй” хэмээв. Түүний хувьд Тэтгэврийн ууган сан (ТУС) нэртэй төрийн бус байгууллагыг үүсгэн цөөнгүй жил болсон банканд ажилладаг, сангийнх нь үйл ажиллагаа найдвартай, мөн албадмал биш учраас мөнгөө хуримтлуулахад санаа зовдоггүй байх нь.
Манай улсад хувийн хамтын хөрөнгө оруулалт, тэтгэврийн сан цөөнгүй. Ялангуяа томоохон банкууд санхүүгийн үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулах болон технологидоо тулгуурлан хувийн тэтгэврийн сан, төрийн бус байгууллага хэдийн үүсгэжээ. Тухайлбал, дээр дурдсан банкны 2000 гаруй ажилтны 80 орчим хувь нь ТУС-д хуримтлал үүсгэсэн, ажлаас гарсан тохиолдолд мөнгөнөөс нь хэд ногдох, тэтгэвэрт суухдаа хэдийг, хэрхэн авах талаар журам гарган, гэрээ байгуулжээ. Харин энэ талаар олон нийт ямар ч мэдээлэлгүй байгаа гэхэд болно. Сонгинохайрхан дүүргийн VII хорооны иргэн, “Бөмбөгөр” худалдааны төвд лангуу түрээслэгч, 50 настай О.Отгонцэцэг “Тэтгэврийн насанд хүрээд хэдэн төгрөг авах зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл хувиараа төлдөг. Хувийн хөрөнгө оруулалтын буюу тэтгэврийн санд мөнгө хуримтлуулах, түүнийгээ хувийн хэвшлийнхнээр багагүй хугацаанд удирдуулах, дараа нь мөнгөө авах тухай сонсоо ч үгүй. Мөнгөө хадгалуулж байтал тэр сан нь дампуурчихвал яах вэ, хэн баталгаа гаргах вэ” гэсэн юм. Үүнээс үүдэн тэтгэврийн сан байгуулан 14 орчим жил ажиллуулж буй “Ард” санхүүгийн нэгдлийн “Ард лайф”-ыг зорив. Тус байгууллагын мэдээллийн ажилтанд уржигдар 14.00-16.00 цагт цөөнгүй хүн хандаж байв. Олонх нь тус нэгдлийн үнэт цаас эзэмшдэг бөгөөд ногдол ашгийн хэмжээ болон брокер, дилерийн компанийнх нь шугамаар 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа хэзээ авах тухай асуун, зөвлөгөө авсан. Хувийн тэтгэврийн дансны талаар лавласан хүн тааралдаагүй бөгөөд “Ийм санд, энэ компанид мөнгөө хуримтлуулж болох юм байна лээ, танд ямар нэгэн мэдээлэл бий юү” хэмээн 50 гаруй насны эмэгтэйгээс асуухад “Ард” санхүүгийн нэгдэл маш олон үйлчилгээ үзүүлдгийг мэднэ. Би цөөн тооны хувьцааг нь эзэмшдэг юм. Хувийн тэтгэвэрийн санд хөрөнгө оруулах, эсэхээ хууль батлагдсаны дараа шийдэх хэрэгтэй болов уу. Банканд болон хадгаламж зээлийн хоршоонд хөрөнгө хадгалуулахаас юугаараа өөр, давуу талтай байх бол. Одоогоор ямар ч ойлголтгүй тул хүлээзнэсэн нь дээр гэж бодож байна. Нийгмийн даатгалын шимтгэл хэдэн арван жил төлсөн ч тэтгэвэрт гарахдаа амьдралд хүрэлцэхгүй бага мөнгө авдаг” гэлээ.
Эндээс үүдэн “Ард лайф” компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулгаас үйлчлүүлэгчид нь хувийн тэтгэврийн сангийн талаар ямар сэтгэгдэлтэй байдгийг тодруулсан юм. Тус санг байгуулаад 14 жил болж буй бөгөөд 20 аж ахуйн нэгжийн 2000 орчим хүнийг хамруулжээ. Иргэд 10-30 жилийн хугацаатай мөнгөө хийж болох нь. Сар бүр 60 000 төгрөг хуримтлуулбал 10 жилийн дараа сард 105 00-132 000, 30 жилийн дараа 1.9-2.6 сая төгрөг авах боломжтой бүтээгдэхүүнүүд санал болгожээ. Хамгийн гол нь иргэд судалж, мэргэжлийн хүнээр тайлбарлуулсны эцэст олон жил үйл ажиллагаа явуулсан, санхүүгийн сахилга баттай, найдвартай компанид тэтгэврийн данс нээлгэх хэрэгтэйг Б.Гантулга зөвлөв. Түүнчлэн Нийгмийн даатгалын санг халж бүх иргэн хувийн хөрөнгө оруулалтынхад мөнгөө өндөр хүүтэй байршуулахыг санал болгох нь буруу. Улсаас авч хэрэгжүүлдэг тэтгэвэр, тэтгэмжийн бодлого, шимтгэлийн хувь хэмжээ хэвээр байхын зэрэгцээ хувийн санг бүрдүүлэн, сонирхсон хүнд нь боломж олгох хэрэгтэй гэв. Гадаадын цөөнгүй улсад иргэд нь улсын болон хувийн хэвшлийн дансанд тэтгэврийн хуримтал үүсгэдэг 1-3 санд хөрөнгө оруулдаг нь сайн жижиг гэдгийг тэрбээр дурдав. Эндээс харахад, манай улсад компаниуд, банканд түшиглэсэн хувийн хөрөнгө оруулалтын болон тэтгэврийн сангууд үүсжээ. Үйл ажиллагаа нь жигдэрч, хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг хүлээн, найдвартай ажиллаж ч байна. Иргэдийн хувьд ямар ч ойлголт мэдээлэлгүй нэгэн байхад хадгаламж зээлийн хоршоо, банк, банк бус санхүүгийн байгууллагаас юугаараа өөр юм бол. Миний хөрөнгийг шамшигдуулахгүй байх найдвартай байгууллагыг хэрхэн сонгох вэ, хэн баталгааг нь өгөх юм гэх нэгэн ч байна. Мөн хөрөнгө оруулалтын сангийнхан, иргэд аль аль нь хуульд ямар өөрчлөлт оруулах бол, яавал эрсдэлгүй, найдвартайгаар мөнгөө хадгалж, иргэдийн хөрөнгийг татан төвлөрүүлж болох вэ хэмээн хүлээж байна. Холбогдох байгууллагынхан хувийн тэтгэврийн сангийн давуу болон сул тал, олон улсын сайн жишиг, боломж, иргэдэд ирэх өгөөж зэргийн талаар мэдээлэл өгч, хуулийн хэлэлцүүлэгт өргөн хүрээнд санал авах хэрэгтэй нь анзаарагдлаа.
БАЙР СУУРЬ
УИХ-аар Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл хэлэлцэж буй. Ийм сан байгуулахын ашиг тус, эрсдэлийн талаар эдийн засагчдаас тодрууллаа.
БУСАД ОРНЫ ТУРШЛАГЫГ СУДЛАХ ХЭРЭГТЭЙ
Б.ӨЛЗИЙБАЯР (Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга, эдийн засагч)
-Хувийн тэтгэврийн санг мэргэжлийн буюу хөрөнгө оруулалтын менежментийн компани удирдаж, эрсдэлийг тооцон хөрөнгө оруулдаг жишиг бий. Тус сан бий болсноор тухайн иргэний нэрийн дансанд хуримтлал үүсэж, нас барсан тохиолдолд ар гэрт нь өвлөгдөж үлдэнэ. Мөн дотоодын аж ахуйн нэгжүүд зөвхөн банкны санхүүжилтээр бус, харин хөрөнгийн зах зээлд олон нийтэд хувьцаа, бондоо санал болгон тэтгэврийн сангуудаас хөрөнгө оруулалт татах боломж бүрдэх юм. Бид хүссэн, хүсээгүй энэ чиглэл рүү явж байна. Учир нь хүн амын насжилтыг харахаар залуусын тоо буурч, ахмадынх өсөж буй. Тиймээс хувийн дансанд хуримтлал үүсгээд явж байх нь зөв. Үүнийг огцом түргэн биш, бусад улс орны туршлагыг судлан, тооцоотой хийх нь чухал.
ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ЦАГ НЬ БОЛСОН
Б.ДӨЛГӨӨН (Эдийн засагч)
-Тэтгэврийн шинэчлэл хийх цаг нь болсон. Үүнийг болгоомжтой урт хугацаанд төсөвт дарамт учруулахгүйгээр хийхгүй бол эрсдэл үүсэж болзошгүй. Өндөр цалинтай хүмүүс тэтгэврээ хувийн компанийн санд байршуулсан тохиолдолд улс олонх иргэний тэтгэврийг өгөх ёстой болж, төсөвт томоохон дарамт үүснэ. Мөн санг хувийн компаниуд удирдах үед тэднийг төрийн өмнөөс зохицуулах байгууллагууд хяналт тавьж чадах уу гэх асуудал гарна. Тиймээс хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй. Эсрэг тохиолдолд хуримтлуулж байсан тэтгэврийн мөнгийг эрсдэлд оруулж, 2008 онд хадгаламж зээлийн хоршоод дампуурсан шиг зүйл болохыг үгүйсгэхгүй.
НИЙГМИЙН ДААТГАЛЫН БОЛОН ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН ХОСЛОН АЖИЛЛАХАД ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХИЙГ ТООЦОХ НЬ ЗҮЙТЭЙ
Н.ЭНХБАЯР (Эдийн засагч)
-Хувийн тэтгэврийн тогтолцоог хуулиар зохицуулах шаардлагатай. Тэтгэвэрт гарах хүний тоо жил тутам өсөж, тэтгэврийн сангийн зарлага нэмэгдэн, алдагдал ч ихсэх хандлага бий. Энэ талаар Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас удаа дараа зөвлөгөө, зөвлөмж өгч, судалгаа хийж байлаа. Иймд сайн дурын үндсэнд хамрагдах тэтгэврийн нэмэлт хувилбар шаардлагатай. Одоогоор хуулийн төслийг хэлэлцэх явцад үүсэж байгаа гол маргаантай асуудал нь хуулийн төслийн дөрөвдүгээр зүйлийн нэгт буй “Дөрвөн хувийн шимтгэлийг Нийгмийн даатгалын сангаас хувийн тэтгэврийн санд шилжүүлэх” заалт юм. Хуулийн төслийн дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалтад “Ажилтан буюу даатгуулагч хүсэлт гарган Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т заасан тэтгэврийн даатгалын санд төлөх шимтгэлийн даатгуулагчийн хоёр болон ажил олгогчийн хоёр, нийт дөрвөн хувийг өөрийн сонгосон Хувийн тэтгэврийн санд төлж болно” гэж тусгасан. Иймд хувийн тэтгэврийн сангийн хураамжийг даатгуулагч хэдэн хувиар төлөх, дээрх сангаас шимтгэлийг өөр хувилбараар шилжүүлэх талаар судалж үзэх нь зүйтэй. Тэтгэврийн сангийн орлого, зарлагын тооцоог урт хугацаагаар, нарийвчлах шаардлагатай. Мөн Нийгмийн даатгалын болон хувийн тэтгэврийн сан хослон ажиллах үед эдийн засагт ямар нөлөөлөл үзүүлэх, улсын төсвийн ачаалал урт хугацаанд хэрхэн буурч, хөнгөрөх боломжтой болох талаар тооцоо гаргах хэрэгтэй. Хуулийн төсөлд хувийн тэтгэврийн санд байршуулсан хөрөнгийг хэрхэн удирдах, хаана байршуулах вэ гэдгийг нарийвчлан зааж өгөх нь зүй. Тэтгэврийн сангийн хөрөнгөөр эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхгүй байхын тулд зарим төрлийн хөрөнгө оруулалтад зориулан байршуулахыг хориглох, хугацааг тодорхой болгох хэрэгтэй. Олон улсын байгууллагуудын өндөр мэргэжлийн шинжээчидтэй хамтран хуулийн төслийн талаар дахин хэлэлцэж, төслийг сайжруулах, хөрөнгийн удирдлагын талаарх заалтуудыг бүрэн тусгасан, эсэхийг нягтлан үзсэний үндсэн дээр хуулийн төслийг хэлэлцэх боломжтой.
ОДООГИЙН ТОГТОЛЦОО ОРЛОГЫН БАТАЛГАА БОЛЖ ЧАДДАГГҮЙ
Ж.ДЭЛГЭРСАЙХАН (Санхүү эдийн засгийн их сургуулийн багш, эдийн засагч)
-Хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагааг эхлүүлэх, түүний давуу талыг тодорхойлохын тулд одоогийн тэтгэврийн тогтолцооны байдлыг анхаарах нь чухал. Манай улсын тэтгэврийн тогтолцоо нь иргэдийг өндөр насны тэтгэвэрт гарах, хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдолд орлогын баталгаа болж, ядуурлаас сэргийлэх үндсэн зорилгоо хэрэгжүүлж чаддаггүй. Тодруулбал, олон жил шимтгэл төлж байгаа иргэд төлсөн шимтгэлийнхээ үр шимийг хүртэхгүй байгаа. Иймд тэтгэврийн шинэчлэл хийж, хувийн тэтгэврийн сан бий болгох шаардлагатай. Тус сан үүссэнээр ажилтан, ажил олгогчийн төлсөн шимтгэл бодитойгоор хуримтлагдаж, иргэний ирээдүйн баталгаа болно. Ингэснээр тухайн иргэнийг ядуурал, орлогын доройтол болон бусад эрсдэлээс хамгаалах боломж бүрдэнэ. Мөн иргэнд тэтгэвэрт гарах эрх бий болсноор тухайн хөрөнгийг захиран зарцуулах, өвлүүлэх зэргээр санхүүгийн баталгаа бүрдэнэ. Бас хөрөнгө оруулалтын тогтвортой эх үүсвэр бий болох, түүнийг хөрөнгийн захаар дамжуулан, бусад санхүүгийн хэрэгсэлд байршуулснаар эдийн засгийг дэмжих боломжтой. Энэ хөрөнгө оруулалтын өгөөжөөр ажилтны төлж буй шимтгэл өсч санхүүгийн баталгаа нь нэмэгдэнэ. Сангийн үйл ажиллагаатай холбоотой эрсдэл бий. Тухайн сан ямар байгууллага байх, хөрөнгийг хэн удирдах, ямар санхүүгийн хэрэгслүүдэд байршуулах боломжтой зэрэг нь тэтгэврийн шинэчлэлийн гол асуудал юм.
1990 ОНООС ХОЙШ ТӨРСӨН ХҮМҮҮСТ ИЛҮҮ ӨГӨӨЖТЭЙ
Г.БАТЗОРИГ (“Голомт” банкны ахлах эдийн засагч, шинжээч)
-Монгол Улсын тэтгэврийн системийн 40, 50 жилийн дараах дүр зураглалыг харах хэрэгтэй. Өнөөдөр гурван ажиллах хүчин нэг өндөр настны тэтгэвэр төлж байгаа бол 2050 он гэхэд энэ харьцаа 1:1 болно. Өөрөөр хэлбэл, дундаж наслалт ихсэж, насжилт нэмэгдэх тусам тэтгэврийн сангийн алдагдал огцом өсөх болно. Эв хамтын энэхүү системийн хөдөлгүүр бүрэн зогсоно. Тиймээс эртнээс эрсдэлээ харж, хувийн тэтгэврийн системийн хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, аажмаар шилжилт хийх хэрэгтэй. Энэхүү шилжилтийг хийснээр одоо хүмүүс цалингийнхаа 30 хувиар тэтгэврээ авч байгаа бол ирээдүйд 100 хувиар авах боломж бүрдэнэ. Тэтгэврийн реформын гол үр ашгийг 1990 оноос хойш төрсөн хүмүүс илүү хүртэх юм. Тэтгэврийн сангийн алдагдлыг байнга төсвөөс давхар нөхөн санхүүжүүлэх байдал зогсоно. Манай санхүүгийн зах зээлд урт хугацаатай эх үүсвэр байхгүй, банкны богино хугацаатай, хүү өндөртэй зээл бий. Харин тэтгэврийн сангийн мөнгө нь урт хугацааны санхүүгийн эх үүсвэр юм. Улмаар компаниуд хөрөнгийн захад энэ хямд үүсвэрийг авахын тулд нээлттэй болж эхэлнэ. Хүмүүсийн болгоомжилж буй зүйл нь тэтгэврийн сангийн энэхүү мөнгийг алдчих вий гэх айдас. Тиймээс олон улсад энэ талын зохицуулалтуудыг тодорхой болгосон байдаг.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
С.ЧИНЗОРИГ: Энэ хуулийн төслийг дангаар нь хэлэлцэх боломжгүй
Хөндөж буй сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүн С.Чинзоригтой товч ярилцлаа.
-Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл ойрын үед анхаарлын төвд байх нь. Та Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа энэ хуулийн төслийг боловсруулуулсан юм билээ. Яагаад чухал гэж үзэв?
-Тэтгэврийн шинэчлэл хийх ажлын хүрээнд хувийн тэтгэврийн тогтолцоо бүрдүүлэх хуулийн төслийн үзэл баримтлалыг батлуулж, бэлэн болгосон ч, Засгийн газар солигдохоос өмнө УИХ-д өргөн барьж амжаагүй юм. Өмнө хэлснээ давтахад аливаа тогтолцоо, шинэчлэлтэй холбоотой асуудлыг Засгийн газраас өргөн барьж хэлэлцүүлбэл үр дүнтэй. Одоо ярьж буй хуулийн төслийн тухайд хэлэхэд тэтгэврийн шинэчлэлийн асуудалтай уялдуулах хэрэгтэй юм. Би энэ тогтолцоог нэвтрүүлье гэсэн байр суурьтай байдаг учраас сайд байхдаа зүтгүүлсэн л дээ. Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг харсан ч, хөгжингүй зарим орон ийм тогтолцоотой байдаг нь иргэдэд өгөөжтэй гэдгийг судалсны хувьд манай улс энэ чигт явах ёстой гэж үздэг. Гэхдээ тэтгэврийн шинэчлэл гэдэг том малгай дотор авч явах сэдэв. Манай улсад Тэтгэврийн тухай хуулийг 25 жилийн турш хэрэгжүүлэхдээ хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулсныг эс тооцвол дорвитой хөндөөгүй өдий хүрсэн. Тийм болохоор уг хуулийг шинэчлэх цаг үеийн шаардлага бий.
-Энэ хуулийн төслийг хэлэлцэх хүрээнд та юунаас болгоомжилж байна вэ?
-Хуваарилалтын тогтолцооноос хуримтлалынх руу шилжих үү, эсвэл хагас хуримтлалын байх уу, үгүй бол нэг мөр бүрэн хуримтлалынх байвал дээр үү, улмаар хувийн тэтгэврийн тогтолцоо юу. Гишүүдийн өргөн барьсанчлан албан журмын, хуримтлалын байх юм уу. Ингээл тоочвол тогтолцоотой холбоотой шийдэх асуудал олон. Тиймээс тэтгэврийн асуудлыг цогцоор нь харах хэрэгтэй. Тогтолцоо хувийн тэтгэврийн, мөн албан журмын байх юм гээд давшлаад байвал маргаан тасрахгүй. Үндсэндээ хувийн тэтгэврийн тогтолцооны асуудлыг дангаар нь хэлэлцээд явах боломжгүй. Ийм тогтолцоо бий болгож болох ч өнөөгийн тэтгэврийн даатгалын тогтолцоог эвдэж болохгүй гэсэн зарчмын байр суурьтай байдаг.
-Тэгвэл холимог маягийн тогтолцоо үүсгэх хэрэгтэй гэсэн үг үү. Хууль санаачлагчид хувийн тэтгэврийн тогтолцоо нэвтрүүлэхдээ хуримтлалын сан бий болгоно гэж үзэж байгааг УИХ-ын зарим гишүүн шүүмжилсэн. Та юу хэлэх вэ?
-Өргөн бариад буй Хувийн тэтгэврийн тухай хууль ажил олгогчийн төлж буй хоёр, ажилтны төлдөг хоёр гээд нийт дөрвөн хувийг Хувийн тэтгэврийн санд төвлөрүүлж санхүү, арилжаа, даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд үүнийг нь арвижуулах харилцааг зохицуулна гэсэн агуулгатай. Энэ дагуу тооцвол жилд ойролцоогоор 350 тэрбум төгрөгийн хөрөнгө уг санд төвлөрөх тооцоо бий. Одоо бол сард 100 орчим тэрбум төгрөгийг тэтгэвэр авагчдад олгодог. Гэтэл 350 тэрбумыг бүрдүүлж хуримтлал бий болгоно гэвэл одоогийн тэтгэвэр авагчдынхаа тэтгэврийг нэмэгдүүлэх нь бүү хэл, хугацаанд нь тогтмол тавьж чадахгүй байх эрсдэл үүсэх аюултай. Тэгэхээр хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоо нэвтрүүлэх гэж байгаа нь энэ гэж одоо мөрдөж буй тэтгэврийн даатгалын тогтолцоог эвдэж болохгүй. Зарчмын байр суурь ийм байна. Сайтар ярилцаж, хэлэлцэх ёстой. Одоо үйлчилж байгаа Нийгмийн даатгалын хуулиар эрсдлийг Засгийн газар хариуцдаг. Хувийн тэтгэврийн даатгалын тухай хуулиар эрсдлийг хэн хариуцах тухайд зохицуулалт байхгүй. Энэ мэтчилэн дахиж харахаар, бүгдээрээ ярилцаж шийдвэр гаргах зүйл, заалт байгаа учраас уг хуулийн төслийг дангаар нь хэлэлцэх боломжгүй гэж үзэж байгаа юм.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Тэтгэвэрт гарахын өмнөх насныхныг дэмжихийг чухалчилдаг
Дэлхийн бараг бүх улсын тэтгэврийн тогтолцоо төрийн болон хуримтлалын гэсэн хоёр хэсгээс бүрдэж байна. Ирээдүйн тэтгэврийнхээ тухай олон орны залуус одооноос явдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн чадваргүй болсон хойноо хэрэглэх мөнгөний хэмжээгээ бие даан шийдэж байна. Амьдрал, хадгаламж, бүр ирээдүйн тэтгэвэртээ хүрэлцэх цалинг хүмүүс авч буй гэнэ. АНУ-ын тэтгэврийн дундаж нас 67. Сард авдаг тэтгэврийн дундаж нь 1500 доллар. Ажил олгогчдоос сар тутам шилжүүлдэг Тэтгэврийн даатгалын сангийн татвар (6.0 хувь), хувийн хөрөнгө оруулалтын (1-3 хувь), нийгмийн хамгааллын (жилийн цалингийн 25, орлогын 20 хувь байх ба жилд 55 мянган доллароос хэтрэх ёсгүй) гэсэн тэтгэврийн хуримтлал үүсгэх гурван арга бий аж. Эдгээр нь татвараа хэмнэж ирээдүйдээ хөрөнгө оруулах боломж олгодог. Тэтгэврийн тогтолцооны онцлог нь татвараас бүрдүүлсэн хөрөнгийг тэтгэвэр тавихад бус, хувьцаа зэрэг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулахад ашигладаг. Энэ улс орных нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж, өнөөдрийн татвар төлөгчид ирээдүйд хангалттай тэтгэвэр авах боломж олгож байна. Израилчууд 60-62 настайдаа тэтгэвэрт гарч, дунджаар 1500 долларын тэтгэвэр авдаг. Үүний тулд 30 жил тогтмол татвар төлдөг. 2016 онд тус улсын тэтгэврийн хуримтлалын хэмжээ 170 тэрбум долларт хүрчээ. Үүний өмнө үүссэн хомсдолыг тэтгэврийн арилжааны сан бий болж, дунджаар цалингийн 11 хувийг хуримтлалд шилжүүлснээр шийдсэн гэнэ.
Тэтгэврийн тогтолцоогоор Нидерланд болон Дани дэлхийд шилдэгт тооцогддог гэж “Олон улсын тэтгэврийн индекс” судалгаанд дүгнэжээ. Эл судалгаа манай гаргийн хүн амын 63 хувь оршин суудаг 37 улсыг хамарсан байна. Дундаж цалингаас тогтоож буй тэтгэврийн доод хэмжээ, гэрийн эзэгтэй нарын тавьсан өрийн түвшнийг ДНБ-ий хэдэн хувийг эздэг зэрэг 40 шалгуур үзүүлэлтийг судалгаанд ашиглахад Нидерланд болон Дани жагсаалтыг тэргүүлсэн аж. Нидерланд төрийн болон мэргэжлийн тэтгэвэр олгодог. Эхнийх нь тогтмол татвараас бүрддэг бол хоёр дахь нь хөдөлмөрийн гэрээний дагуу хуримтлал үүсгэдэг учир ажилтнуудын олонх нь сонгодог аж. Тэтгэврийн тогтолцоогоо өрхийн өрийг бууруулах, ажиллах хүчийг нэмэгдүүлэх, тэтгэврийн насныхны ажлын байрыг нэмэгдүүлэх замаар сайжруулжээ. Дани улс дундаж цалингаас тогтоож буй тэтгэврийн хэмжээгээр “аман хүзүүдсэн” байна. Тэтгэврийн тогтолцоог хүн амын хуримтлалын түвшнийг нэмэгдүүлэх, өрхийн өрийг бууруулах, тэтгэврийн өмнөх насны хүн амын ажлын байрыг нэмэгдүүлэх замаар сайжруулсан гэнэ. Жагсаалтын гуравт орсон Австрали нь хүн амын дундаж наслалт нэмэгдэхийн хэрээр тэтгэвэрт гарах босгыг дээшлүүлснээр тэтгэврийн тогтолцоогоо сайжруулжээ. Дөрөвдүгээрт орсон Финланд бага орлоготой ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг нэмж, ажлын байран дахь тэтгэврийн өмнөх насныхны эзлэх хувийг нэмснээр тогтолцоо нь сайжирчээ. Эл жагсаалтын сүүлийг мушгисан Тайланд ахмадууддаа өндөр насны тэтгэвэр дээр хувь хүний хуримтлалын сан болон ажил олгогчдын бүрдүүлсэн сангаас мөнгө нэмж олгодог аж. Эндээс харвал тэтгэвэрт гарах гэж буй хүмүүсийг дэмжиж ажиллуулсан улс дээгүүр жагсаж, халамж олгосон улс сүүл мушгижээ.
Бэлтгэсэн: Ц.Болормаа, С.Цэрэндулам, Р.Жаргал, З.Амгалан