Улсын хэмжээнд энэ сарын 1-ний байдлаар үр тариа 393.9, төмс 239.3, хүнсний ногоо 111.9 мянган тонныг хураасан талаар Үндэсний статистикийн хороо өчигдөр мэдээллээ. Мөн 969 900 тонн хадлан, 30 600 тонн гар тэжээл, 3200 тонн дарш бэлтгэсэн байна. Энэ нь хураасан үр тарианы хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 3300, төмс 50 100, хүнсний ногоо 20 800 тонноор нэмэгдсэн дүн болжээ. Харин хадлан, гар тэжээл, даршны хэмжээ 2-22 хувиар буурсан аж. Ташрамд дурдахад, үр тариа, төмс, хүнсний ногооны дийлэнхийг Сэлэнгэ, Төв, Булган, Дархан-Уул, Ховд аймгаас бэлтгэсэн бөгөөд ургац хураалтын нэгдсэн дүнг ХХААХҮЯ-наас эцэслэн гаргах юм.