Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гарден сити” орон сууцын хотхон руу ордог авто замыг хайрга ачсан машины жолооч нар эвдэж байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв. Хайрга ачсан болон бетон зуурмагийн машинууд эл замаар байнга зорчдог аж. Ингэхдээ бетоны үлдэгдэл, хайрга, дайрга асган, замын зорчих хэсгийг удаа дараа бохирдуулж байгаа гэнэ. Энэ нь цэвэрлэгээ үйлчилгээний ажилчдад хүндрэл учруулахаас гадна авто зам эвдэх эрсдэлтэй тул хяналт, шалгалт явуулж, зөрчил гаргасан жолооч нарыг олж тогтоон, хариуцлага тооцохыг Тээврийн цагдаагийн албанаас хүсжээ. Түүнчлэн “Гарден сити” хотхон орчимд барилга барьж, тус замаар хайрга, дайрга, бетоноо зөөж байгаа компаниуд хариуцлагатай байхыг сануулсан байна.
Бэлтгэсэн: М.Оч