Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газраас мэдэгдэл гаргалаа. Тухайлбал, ШЕЗ-өөс анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг, нэхэмжлэл, өргөдөл гомдол хүлээж авахад тодорхой хязгаарлалт хийснээ мэдэгдлээ. Түүнчлэн иргэдэд хандаж нэхэмжлэл гомдлыг шүүхүүдийн албан ёсны хаягаар хүлээж авна гэв. Үүний нэгэн адил УЕПГ-аас Улсын онцгой комиссын тогтоолд үндэслэн улс, аймаг, сум, нийслэл, дүүрэг, тээврийн прокурорын газар болон Эрүүгийн хэргийн төв архивт тоглогдсон хурал, зөвлөгөөн бусад уулзалт, сургалтаа хойшлуулсан байна. Мөн нэхэмжлэх, гомдол мэдээллийг биечлэн хүлээж авахгүй, цахим шуудангаар авахаа мэдэгдэв.