Улсын онцгой комисс хуралдаж, өнөөдрөөс эхлэн гурав хоногийн хөл хорио тогтоосон тухай мэдээлэв үү, үгүй юу зарим худалдааны байгууллага, хувь хувь борлуулж буй бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн гэх мэдээллийг иргэд манай сайтад хандан мэдээлсэн юм. Тухайлбал 200 төгрөгийн үнэтэй байсан амны хаалт 1000 бүр 1500 төгрөг болсныг зарим эх сурвалж хэлсэн. Мөн махны үнийг кг тутамд нь 500-700 төгрөгөөр нэмж үндэслэлгүйгээр өсгөсөн гэв. Тэгвэл Улсын онцгой комиссоос “Зохиомол хомстол үүсгэхгүй, үндэслэлгүйгээр үнэ нэмэхгүй байх” тогтоол гаргажээ. Үүний хүрээнд аж ахуйн нэгжүүдэд албан шаардлагыг хүргүүлж, утсаар мэдэгдэх ажлыг зохион байгуулж буй. Түүнчлэн бараа, бүтээгдэхүүний үнэ нэмсэн, эсвэл дууссан хэмээн иргэдийг хохироовол зургийг нь дарж баталгаажуулаад холбогдох байгууллагад мэдэгдээрэй гэв. Улмаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллийн мөрөөр ажиллаж, зохиомол хомстол бий болгож, үнийн хөөрөгдөл явуулсан аж ахуйн нэгж, иргэдэд хатуу арга хэмжээ авах аж. Мөн энэ өдрүүдэд цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалт хийж байна.