Аймаг, нийслэлийн Салбар зөвлөлүүд, төрийн байгууллагууд хамтран төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэдээс авдаг төрийн албаны ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд зургаан хоногийн турш зохион байгууллаа. Энэ үеэр шалгалтад бүртгүүлсэн 16 мянга гаруй иргэн ерөнхий мэдлэгийн буюу хууль эрх зүй, нийгэм, эдийн засаг, соёлын мэдлэг, монгол хэл, бичиг, дүн шинжилгээ хийх чадвараа сорьсон байна. Энэ удаагийн шалгалтын бэлтгэлд мэдлэгийн болон мэдээлэл технологийн боломжуудыг өргөн хүрээнд ашигласнаараа онцлог. Тодруулбал, шалгалтын үйл ажиллагааг бүхэлд нь цахимжуулсан бөгөөд шалгалт тус бүрийн дүнг тухай бүрд нь шууд авах, мэдэх боломж бүрдүүлжээ. Уг ажлын ард төрийн албан хаагч 500 орчим хүн өдөр шөнө, амралт ажлын цагийг үл хамааран ажилласан аж. Тодруулбал, IT-ийн мэргэжилтнүүд программ хангамж, хөгжүүлэлт дээр туйлын анхааралтай ажилласны дүнд ямар нэг доголдол, бэрхшээл гараагүйг тус албаныхан онцолсон. Шалгалтын нэгдсэн дүнг Төрийн албаны зөвлөлөөс удахгүй танилцуулах юм байна.