Бразил, Гайти, Нигер, Шри Ланка, Сьерра-Леоне зэрэг улсад хэрэгжүүлж буй “Ковид-19” цар тахлын үеэр хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг жендерт суурилсан хүчирхийллийг бууруулах хүртээмжтэй үйлчилгээг сурталчлах ажилд дайчлах зорилготой хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Засгийн газрын харьяа болон олон нийт, хөгжлийн байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй удирдагчдын хоорондын түншлэлийг бэхжүүлэх юм. Америкийн төрийн департментийн санхүүжилтээр Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв ТББ-аас “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй удирдагчдыг “Ковид-19” цар тахлын үед жендерт суурилсан хүчирхийлэлд хүртээмжтэй хариу үзүүлэхэд дайчлах нь” хөтөлбөрийн анхдугаар цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа. Цахим хэлэлцүүлгийн эхэнд ХНХ-ын сайд А.Ариунзаяа цар тахлын үед жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хүн амын хөгжлийн бодлогын төвд байх ёстойг онцолж, салбар дундын бодлого зохицуулалт шаардлагатай байгааг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс ангид байлгах нь бидний нэн тэргүүний зорилт гэдгийг цохон тэмдэглэв. Улмаар тус яамнаас төрийн үйл ажиллагааг хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд таниулах чиглэлээр гарын авлага гаргахаар төлөвлөж байгаа юм. Энэхүү цахим хэлэлцүүлэгт хөгжлийн бэрхшээлтэй лидер эмэгтэйчүүд, жендерийн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагуудаас нийт 30 гаруй төлөөлөгчид оролцож, үзэл бодлоо илэрхийлэв.