Монгол Улсын Засгийн газраас ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгосон. Уг зээлийг хэнд олгох, зээл хүсэгчдэд ямар шалгуур тавьж буй талаар БХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Ц.Батбаяртай ярилцлаа.
-Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгосноо Засгийн газар зарлаад сар боллоо. Зээлд хамрагдахыг хүссэн иргэн цөөнгүй. Харамсалтай нь, иргэд банк хэт өндөр шалгуур тавилаа хэмээн бухимдацгааж байна. Шалгуурыг хаанаас тогтооодог вэ?
-Засгийн газарт найман хувийн хүүтэй урт хугацааны зээлийг иргэддээ амжилттай олгосон туршлага бий. Ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг зах зээлд гаргаад удаагүй байна. Монголбанкны ерөнхийлөгчийн баталсан Орон сууцын зээлийн санхүүжилтийн журамд заасны дагуу зээл олгох ёстой. Үүний дагуу арилжааны банкууд Монголбанктай гэрээ байгуулсан. Гэрээнд арилжааны банкууд Монголын ипотекийн корпорац харилцан хүлээх үүрэг, хариуцлагаа тодорхой тусгасан. Уг журамд зааснаар өнгөрсөн сарын 1-нээс эхлэн иргэдэд зургаан хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Зээлийг төв болон арилжааны банкуудын эх үүсгэврээр олгоно. Тиймээс зээл олгох үйл ажиллагааг дээр дурдсан Монголбанкны ерөнхийлөгчийн баталсан журам болон банкуудын тогтоосон хэм хэмжээний дагуу зохион байгуулна. Зээл олгож эхэлсэн аравдугаар сарын 1-нээс хойш 767 иргэн 54.1 тэрбум төгрөгийн зээл авсан. Зээлийг арилжааны 10 банкаар дамжуулан иргэдэд олгож буй. Зээл хүсэгч болгоныг банк судалж зээл олгоно. Банкнаас тавьж буй шаардлагыг нийтлэг хэлэх боломжгүй. Гэхдээ Монгол Улсын 18-аас дээш насны, эрх зүйн чадамжтай иргэн бүр зээл авах эрхтэй. Гадуур зээл хүссэн иргэний насыг 35-аар хязгаарлалаа гэх яриа гарсан. Энэ ташаа мэдээлэл. Зээлснээ буцааж төлөх чадвартай бүх хүнд нээлттэй. Энэ ташрамд, нэг зүйлийг анхааруулъя. 2020 оны аравдугаар сарын 1-нээс өмнө хүсэлт гаргасан иргэд найман хувийн хүүтэй зээл авна.
-Зээл олгож эхэлсэнтэй холбогдуулан Монголбанкнаас арилжааны банкуудад тодорхой чиглэл өгсөн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Тийм. Тухайлбал, ипотекийн зээлийн 25 хувийг орон нутгийн иргэдэд олгох чиглэл өгсөн. Энэ дагуу орон нутагт салбартай банкууд иргэдийн материалыг хүлээн авч эхэлсэн. Зээлийн дээд хязгаар 100 сая төгрөг. Орон сууцын талбайн дээд хэмжээ 80 ам метр байх юм. Эргэн төлөлтийн хугацаа 40 жил байна. Мөн өрхийн орлогод тогтоосон хязгаарыг доошлуулсан. Өмнө нь найман хувийн хүүтэй орон сууц барьцаалсан урт хугацааны зээл авахад өрхийн орлогын хэмжээ 1.1 сая байсан бол одоо 900 000 төгрөг болгож буурууллаа. Мөн зээлийн эргэн төлөх хэмжээг өрхийн орлогын 45 хувиас дээш байлгаж болохгүй гэсэн чиглэл өгсөн. Учир нь тухайн өрх орлогоо олон зүйлд зарцуулдаг. 45-аас дээш хувиар төлөлт хийвэл тухайн айлд бэрхшээл үүснэ. Тиймээс уг асуудлыг журмаар хязгаарласан. Өмнө нь ипотекийн найман хувийн хүүтэй зээлд хамрагдаж, 68 сая төгрөг зээлсэн хүн сард дунджаар 507 000 төгрөг төлдөг байв. Одоо 68 сая төгрөг зээлэхэд сард 400 000 төгрөг төлнө. Ард иргэдийн нуруун дахь ачаалал тодорхой хэмжээнд хөнгөрсөн. Бага дунд орлоготой иргэд рүүгээ эл зээлийг чиглүүлсэн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулсан ипотекийн зээлийн хүү бууруулах зорилгод энэ бүхэн нийцэж буй.
-Иргэд найман хувийн хүүгээ зургаа болгож бууруулах боломжтой юу?
-Бидэнд боломжоосоо давсан үйлчилгээ гаргах хүнд шүү дээ. 2020 оны аравдугаар сараас өмнө зээлийн хүсэлт гаргаж тэр нь батлагдсан бол өөрчлөлт оруулах боломжгүйг дээр хэлсэн. Энэ хугацаанаас өмнө ипотекийн найман хувийн хүүтэй зээлд хамрагдсан бол төлөлтөө хуучнаараа үргэлжлүүлэн хийх ёстой. Харин найман хувийн хүүтэй зээлээ төлж барагдуулсан бол дахин зургаан хувийн зээлд хамрагдах боломжтой.
-Одоогийн тогтмол хүү тооцож зээлдэгчдээс авдаг тогтолцоог хүмүүс их шүүмжилдэг.
-Зээлийн эргэн төлөлтийг тооцох янз янзын аргачлал олон улсад бий. Улс орон бүр өөрийн онцлогт тохирохыг сонгож хэрэглэдэг. Монголын банкны салбарынхан ч судалж үзээд хамгийн тохиромжтойг нь сонгосон хэрэг. Манайд тогтмол хүү тооцох аргыг хэрэглэдэг. Тодорхой хэлбэл, иргэдийн зээлийн хүүг эхлээд авна. Зээл төлөгдөх тусам цаашдаа хүү буурдаг. Эхлээд хүүгийн төлөлт дуусаад цаашаа үндсэн төлөлт рүү ордог схем. Бид зээлийг банкны системээр дамжуулан олгож буй. Засгийн газар өөрийн ямар нэг байгууллагаар дамжуулан зээл олгодоггүй. Банкныхан өөрсдийн тооцоололд үндэслэж гаргасан аргачлалаа хэрэглэсэн гэсэн үг.
-Ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийн хүртээмж хэр байх вэ. Өмнөх жилүүдэд санхүүжилт дууссан гэдгээр найман хувийн зээлийг олон иргэн авч чадаагүй.
-Ипотекийн зээл моргэйж хоёр угтаа нэг л ойлголт. Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан урт хугацааны зээл юм. 2013 онд Засгийн газар уг зээлийг анх зах зээлд гаргаж, өдгөө 100 мянга гаруй хүн үр дүнг нь үзээд байна. 100 000, 40 000, 4000 орон сууц хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Цаашдаа илүү олон хүнд хүргэх зорилт тавьсан. Монгол Улсын хүн амын тооллогоор манай иргэд өдгөө 3.2 сая хол давжээ. Хүн амын 60 гаруй хувь нь инженерийн дэд бүтцэд холбогдсон амины хаус, орон сууц, байшинд амьдарч буй. Тэгэхээр гэрт амьдарч буй үлдсэн 40-өөд хувийг л эхний ээлжид орон сууцжуулах зорилтыг бид тавьсан. Одоо Засгийн газар 150 000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Санхүүгийн эх үүсвэрийг нь төсөвт суулгаад тодорхой ажил эхлүүлсэн. Гэхдээ эл ажлыг төрийн бодлого, банкны оролцоотой хийж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийдэг ажил. Шинэ газар ч барилга барина. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ч иргэдийг орон сууцжуулна. Барилгын салбар бүрэн хувьчлагдсан. Хувийн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг. Төр тэдний бизнес рүү ордоггүй. Бидний гаргасан бодлого амьдрал дээр буугаад хэрэгжүүлэх болоход гүйцэтгэгч нь хувийн хэвшлийнхэн байх юм. Төрөөс хөрөнгө, санхүүг тодорхой хэмжээнд шийдэж, гаргадаг. Хувийн хэвшил ч хөрөнгө гаргаж байна. Олон улсын зээл тусламж ч ашигладаг. Бид бүтээн байгуулалтыг багасгах бус аль болох өргөжүүлэх зорилт тавьсан. Энэ жил “Ковид-19” халдвараас шалтгаалаад Монгол гэлтгүй дэлхий нийт сандарч байна. Үүнээс шалтгаалж хөрөнгө оруулалт зогссон. Төсвийн хүндрэл ч гарч буй. Аж ахуйн нэгж, байгууллагууд хямарч, иргэдийн амьжиргаанд корона нөлөөллөө. Ийм гэнэтийн хүчин зүйлээс болоод хүндрэл гардаг. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг нийслэлийн удирдлага хэрэгжүүлж буй. Алдаатай гаргасан шийдвэр бий. Жишээ нь, Э.Бат-Үүл Засаг даргын үед олон газарт хэтэрхий олон компани шалгаруулснаас болж үр дүн янз бүр гарсан. Бид үүнийг бодлогоор засахаар ажиллаж байна.
-Цаашид үл хөдлөх хөрөнгө барьцаалсан урт хугацааны зээлийн хүү буурах уу?
-Үүнд яг одоо хариулах боломжгүй. Засгийн газар найман хувь байсан зээлийн хүүг зургаа болгохын тулд маш их ажилласан. Энэ бол Засгийн газар, Сангийн яам Монголбанк, арилжааны банкууд Монголын ипотекийн корпорац гээд олон байгууллагын хамтын шийдвэр. Иргэдэд наймаас хоёрыг хасаад зургаа болдог шиг амархан санагдаж мэдэх юм. Гэтэл үүний цаана маш өргөн судалгаа, хамтын ажиллагаа, нарийн үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс эдийн засгийн одоогийн нөхцөлд тааруулаад улсаас тодорхой хөрөнгө шийдэх боломжгүй. Ийм үед бид банкуудтай, ялангуяа Монголбанктай нягт хамтарч ажилласан. Банкуудын хөрөнгийг татаж, ипотекийн зургаан хувийн хүүтэй зээл олгоход ашиглаж байна. Энэ бол маш өргөн цар хүрээтэй том хамтын ажиллагаа. Засаг мөнгөгүй гээд зүгээр суугаагүй. Засгийн газар, төр захиргааны төв байгууллагууд бодлогоо нэгтгэж байна. Мэдээж бүх бодлого, нийгэм рүү чиглэсэн байна.
-Ипотекийн зээлийг хэчнээн хүнд олгохоор төлөвлөсөн бэ?
-Он гартал сар гаруйн хугацаа байна. Банкууд энэ хугацаанд 100 гаруй тэрбум төгрөгийг орон сууцад орох хүсэлт гаргасан иргэдэд зээлүүлнэ. Монголбанкнаас 58 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргахаар болсон. Үлдсэнийг арилжааны бусад банкнаас гаргана. Он дуустал 1500 орчим хүнд зээл олгоно гэсэн тооцоо бий. Ер нь зах зээл дээр 39 мянган орон сууцын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй. Урьдчилсан тооцоогоор энэ оны төгсгөлд 12 мянга гаруй айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Хүндрэл учруулж буй хамгийн гол асуудал нь цар тахал. Үүнээс шалтгаалж ипотекийн зээл олгохоос гадна улс оронд хийх ажил их. Улс дотроо “Ковид-19”-ийг алдахгүйн тулд эрүүл мэндийн салбар, боловсрол сургалтын байгууллагад тодорхой хөрөнгө зарцуулж байна. Дээрээс нь онцгой дэглэм мөрдүүлэхийн тулд онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахад улсын төсвөөс илүү их хөрөнгө гаргах шаардлагатай. 2017-2019 онд ипотекийн зээл олгохдоо Засгийн газар, Монголбанк, арилжааны банкууд хөрөнгө гаргаад иргэдэд ипотекийн зээлийг найман хувийн хүүтэйгээр зээлдэг байсан. 2020 он Засгийн газар хөрөнгийн эх үүсвэр гаргахад хүндрэл учирлаа.
-Цаашдаа иргэдээ орон суужцуулах тал дээр ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
-Монгол Улсын Засгийн газар 2020-2024 онд оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Хуримтлалын сан байгуулж, тэр мөнгөөрөө иргэдийг орон сууцжуулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ санг байгуулчихвал Засгийн газраас Орон сууцын эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогыг урт хугацаанд хэрэгжүүлнэ. Одоогоор судалгаа хийж, тооцоо гаргаад явж байна. Үүнтэй хамт нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл хийх ёстой. Монгол Улсын хэмжээнд нийгмийн даатгалын систем хуваарилалтын зарчмаар явж буй. Хөрөнгө хуримтлуулах боломжгүй буцаагаад иргэддээ хуваарилдаг. Энэ тогтолцоог өөрчилж аль болох хурдан хуримтлалын систем рүү шилжмээр байна. Олон улсад насанд хүрсэн иргэд нь тэтгэвэрт гартлаа хөдөлмөрлөж, хуримтлал үүсгэхэд гар бие оролцдог. Иргэн төр хамтдаа хөрөнгө оруулсан хуримтлалыг Засгийн газар зохицуулж иргэдээ орон байртай болгох, эрүүл мэнддээ анхаарах, боловсролтой болгох асуудлыг шийддэг.