“Монголын үнэн” сонины 100 жилийн ой 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд тохионо. Эдүгээгээс 100 жилийн тэртээ буюу 1920 оны арваннэгдүгээр сарын 10-нд хойд хөршийн Эрхүү хотноо “Монголын үнэн” сонины анхны дугаарыг 3000 хувь хэвлэн, уншигчдад тараасан түүхтэй. “Монголын үнэн” сонины 100 жилийн ойд зориулсан “Үнэн” сонин ба чөлөөт сэтгэлгээ эрдэм шинжилгээний бага хурал, “Монголын үнэн-Нэгэн зууны товчоон” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо. “Үнэн” сонин ба чөлөөт сэтгэлгээ эрдэм шинжилгээний бага хурлыг “Монголын үнэн” сонин, ШУА-ийн Философийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд уг хуралд “Нийгмийн сэтгэл зүйг өөрчилж шинэчлэхэд “Үнэн” сонины гүйцэтгэсэн үүрэг”, “Нийтлэл зүйн бичлэгийн төрөл, зүйлийг хөгжүүлэх, чөлөөт сэтгэлгээг Монголд дэлгэрүүлэхэд "Үнэн" сонины уран бүтээлчдийн гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмэр”, “Үнэн” сонины нэгэн улирлын дугаарын тухай”, “Монголын ууган хэвлэлийн үүсэл, хөгжлийн түүхэн онцлог”, “Шилжилтийн үед “Үнэн” сонины гүйцэтгэсэн үүрэг”, “Үнэн” сонины дизайны түүхэн хувьсал хөгжил”, “XXI зууны улс төр дэх уламжлалт ба шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг нөлөө”, “Сонины цаасан архивыг цахимжуулсан туршлага” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн “Монголын үнэн-Нэгэн зууны товчоон” гэрэл зургийн үзэсгэлэнд тус сонины анхны дугааруудаас эхлээд үе үеийн онцлох дугаарууд, ховор сонин гэрэл зургууд, эд өлгийн зүйлс сэлтийг дэлгэн үзүүлжээ.
Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Лосол тэргүүтэй хувьсгалчид Эрхүү хот дахь Коминтерний Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын газрын тусламж оролцоог түшиглэн хилийн чанадад намын анхны хувьсгалт нууц сонин “Монголын үнэн”-г санаачлан гаргаж, 1921 оны дөрөвдүгээр сар хүртэл нийт зургаан дугаар хэвлэн тараасан байна. “Монголын үнэн” сонины хамгийн анхны уншигчид нь Ардын хувьсгалын партизан цэргүүд байв. Тэд сониныг уншаад зогсоогүй түүнийг олон нийтийн дунд идэвхтэй сурталчлагч, түгээн тараагч, бие төлөөлөгч болж байжээ. “Монголын үнэн” сонин дугаар бүрийнхээ тэргүүн нүүрт “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн!” гэсэн уриаг тогтмол нийтэлж, “Энэхүү “Монголын үнэн” хэмээх сэтгүүлийг дэлхий дахины эв хамтын интернационал намын Алс Дорнодын хорооны Монгол, Төвөдийн хэлтсээс тараана” гэсэн бичээстэй хэвлэж байжээ.