Галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу цагдаагийн байгууллагаас жил бүр бууны тооллого хийдэг. Энэ жилийн тооллого эхлээд тав хонож буй. 2019 оны тооллогоор Монгол Улсад 50 мянган галт зэвсэг албан ёсоор бүртгэгдсэнээс 14 мянга нь нийслэлийн иргэдийнх гэсэн дүн мэдээ бий. НЦУГ-ын Хэв журмын хэлтсийн ахлах байцаагч, ахмад С.Лхагвадоржоос тооллоготой холбоотой мэдээллийг тодрууллаа.
-Галт зэвсгийн тооллого хэр хугацаанд үргэлжлэх вэ?
-Галт зэвсгийн тооллого энэ сарын 30-ныг хүртэл улс даяар үргэлжилнэ. Иргэн, хуулийн этгээд энэ хугацаанд өөрсдийн нэр дээрх галт зэвсгээ, бүртгэлийн гэрчилгээний харьяа, дүүрэг цагдаагийн хэлтэст авчирч, тооллогод хамрагдах үүрэгтэй. Галт зэвсгийн тооллогоор өмнө нь бүртгүүлж байгаагүй, нуугдмал, өв уламжилсан галт зэвсгийг бүртгэнэ. Ер нь сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагаас бүртгэлгүй галт зэвсгийг илрүүлж, бичиг баримтжуулах ажил тогтмол зохион байгуулж ирсэн. Үр дүнд нь иргэд энгийн үед ч аймаг, дүүргийнхээ цагдаагийн байгууллагад хандаж, буугаа бүртгүүлдэг болсон. Цөөн тохиолдолд хууль эрх зүйн мэдээлэлгүйгээсээ болоод галт зэвсгээ бүртгүүлдэггүй. Ганц галт зэвсэг гэлтгүй түүнтэй адилтгах хийн буу, резинэн болон тугалган сумтай буу ашигладаг бол үүнийгээ иргэд мэдээлэх үүрэгтэй.
-2020 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар нийслэлийн цагдаагийн байгууллагад буутай холбоотой хэчнээн гомдол, мэдээлэл ирсэн бэ?
-Галт зэвсэг, сум олдсон, алдсан, цонхоор буудлаа зэрэг холбоотой дуудлага мэдээлэл нийслэл дэх цагдаагийн байгууллагад он гарсаар 20 орчим бүртгэгдсэн.
-Жилд нуугдмал, бүртгэлгүй галт зэвсэг хэчнээнийг илрүүлдэг вэ?
-2019 оны тооллогоор бүртгэлгүй байсан 210 галт зэвсгийг илрүүлж, эздэд нь зохих арга хэмжээ авсан. Энэ он гарсаар 150 хүн бүртгэлгүй байсан галт зэвсгээ бүртгүүлсэн. Дан цагдаагийн байгууллага тооллого хийхгүй. Төрийн болон төрийн бус байгууллагынхан хамтардаг. Тухайлбал, татварын албаныхан бууны тооллогоор иргэд галт зэвсгийн албан татвар ногдуулдаг. Мөн ШШҮХ-д галт зэвсэг бүртгүүлэх үед хошуу, хонгионоос дээж авч, ажлын таван өдөр иргэдэд үйлчилдэг.
-Иргэдэд Галт зэвсгийн тухай хууль, аюулгүй байдал хангах талаар мэдээлэл өгдөг үү?
-Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд иргэдийн галт зэвсэг хэрэглэх, хадгалах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой сургалтыг долоо хоног бүр тогтмол хийдэг. Галт зэвсэг авахаар төлөвлөсөн, өв уламжлан авсан бол энэ сургалтад хамрагдах боломжтой.