Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн иргэн Н.Баяр 1964 онд төрсөн. Тэрбээр 1982 онд цэргийн албанд татагдсанаасаа хойш төсөвт болон хувийн хэвшлийн байгууллагад тасралтгүй 38 жил ажиллаж байна. Н.Баяр хөдөлмөрлөх хугацаандаа тэтгэврийн даатгалын сангийн нэрийн дансандаа 103.2 сая төгрөг төвлөрүүлжээ. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний мөнгө даатгалд төлсөн гэсэн үг. Тэрбээр долоон жилийн дараа 63 насандаа тэтгэвэрт гарахаар төлөвлөсөн. Хуулиар олгосон эцсийн хугацаанд нь тултал ажиллаад тэтгэвэртээ гарахаар шийдсэн хэрэг. Долоон жил ажиллахад нийгмийн даатгалын шимтгэл төлж, нэрийн дансандаа 30-40 сая төгрөг нэмж төвлөрүүлнэ гэж тооцож байгаа. Тэтгэвэрт гаргах үед нь түүний нэрийн дансанд 140 орчим сая төгрөг хуримтлагдах нь.
...Дэлхийд тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд бүрэн шилжсэн цөөн орон бий. Тэдний нэг нь Сингапур. Тус улсын иргэн тэтгэвэрт гарахад дунджаар нэг сая ам.доллар авах эрх үүсэж байгаа...
Тэрбээр тэтгэвэрт гарах үед нь хуримтлуулсан мөнгөнийх нь 30 хувийг нэг удаа олгодог эрх зүйн орчин бүрдүүлээсэй гэж хүсдэг. Мөн тэтгэвэрт гарсны дараа нэрийн дансандаа хуримтлуулсан мөнгөнийхөө 30 хувийг нэг удаа аваад, дараа нь тогтмол өндөр хэмжээний тэтгэвэр тогтоолгох сонирхолтой. Н.Баяр “Нэг удаа 40 сая төгрөгийн тэтгэмж өгөөд, дараа сар бүр тогтмол 700 мянган төгрөгийн тэтгэвэр олгодог болоосой” гэж хүсэж буйгаа ярьсан. УИХ дахь АН-ын бүлгээс тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг хүртэл нэмэх хуулийн төсөл санаачилснаас үүдэж, түүнтэй дээрх яриаг дэлгэлээ.
Манай улсад 330 гаруй мянган хүн өндөр насны болон цэргийн тэтгэвэр авдаг. Тэдний 80 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 мянган төгрөгөөс бага хэмжээний тэтгэвэртэй. Бүрэн тэтгэврийн хамгийн доод хэмжээ нь 320 орчим мянган төгрөгтэй дүйнэ. Ийм хэмжээний тэтгэвэр авдаг хүмүүсийн амьжиргаанд гар дээрээ тавьж буй мөнгө нь хүрэлцдэггүй. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн иргэн Ч.Туяа өнгөрсөн жил тэтгэрт гарчээ. Түүнд Тэтгэврийн даатгалын сангаас сард 340 мянган төгрөгийн тэтгэвэр олгодог. Байрныхаа мөнгөнд сард 150 мянган төгрөг өгөөд үлдсэнээр нь амьдралаа залгуулна. Тэрбээр үлдсэн 190 мянган төгрөгөөрөө хүнс худалдаж аваад л дуусгадаг аж. Хувцас хунар авах, үзвэр, үйлчилгээ “сонирхох” мөнгө илүү гардаггүй. Тэгэхээр өндөр настнуудад амь зогоох төдий тэтгэвэр олгодог гэсэн үг. Суурь өвчтэй нэг нь эмчилгээний зардлаа тэтгэврийн хэдээрээ “дааж” дийлэхгүй, хүүхдүүдийнхээ гарыг харна. Өөрөөр хэлбэл, ахмадууд тэтгэвэрт гарлаа л бол ядууралд нэрвэгддэг нийгмийн даатгалын тогтолцоо Монголд хэрэгжиж байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга өндөр настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэх саналыг анх гаргасан. Улс оронд дарангуйлал бий болгох нь гэсэн шүүмжлэлд өртсөн Ерөнхийлөгч хуулийн төсөл санаачлахгүй байж, “нэрээ цэвэрлэх”-ээр шийдсэн. Тиймээс тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэх саналаа АН-ын гишүүдээр дамжуулан хэрэгжүүлэх бололтой. Тэтгэврийн доод хэмжээг 500 мянга биш юм гэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байх хууль батлах шаардлагатай гэдэгтэй маргахгүй биз.
Тэтгэвэр бага байгаа шалтгаан юу вэ. Манай улс ажилтны цалингийн 8.5 хувийг Тэтгэврийн даатгалын санд төвлөрүүлдэг. Мөн ажил олгогч нь үүнтэй дүйх хэмжээний мөнгийг ажилтныхаа нэрийн дансанд хийдэг. Өөрөөр хэлбэл, ажилтны сарын цалингийн 17 хувийг тэтгэврийн санд хуримтлуулдаг гэсэн үг. Нийт 1.2 сая хүн ажил хөдөлмөр эрхлэн, нийгмийн даатгалын шимтгэл төлж, тэтгэврийн санд мөнгө хуримтлуулдаг. Үүгээр дээр дурдсан 330 мянган ахмад настны тэтгэврийг “тавьдаг”. Гэхдээ ажиллагсдын тэтгэврийн даатгалын санд хуримтлуулсан мөнгө ахмадуудын тэтгэврийг тавихад хүрэлцдэггүй. Энэ онд гэхэд улсын төсвөөс 500 тэрбум төгрөгийн дэмжлэг авч байж ахмадуудын тэтгэврийг олгосон. Ирэх жил ахмадуудын тэтгэврийг олгоход 2.3 их наяд төгрөг зарцуулна. Үүний 600 тэрбум орчим нь улсын төсвийн дэмжлэг байх юм. Залуусын төлсөн шимтгэлээр ахмадын тэтгэврийг олгодог энэ тогтолцоонд социализмын үед “Эв санааны нэгдэл” гэсэн үзэл сурталжсан нэр оноосон.
Энэ тогтолцооны дагуу өндөр настнуудын тэтгэврийг нэмье гэвэл ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэлийг өсгөхөөс өөр аргагүй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тэтгэврийн даатгалын шимтгэлийг 19-д хүргэж, хоёр хувиар нэмэх санал гаргасан. Үүнд нь Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан билээ. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүйгээр тэтгэврийг хэрхэн 500 мянган төгрөг хүртэл өсгөх вэ. УИХ дахь АН-ын бүлгийнхэн тэтгэврийн санг уул уурхайн томоохон төсөлтэй “уях” шийдэл гаргасан байна. Тодруулбал, зэс, молибдений Цагаан суваргын ордын ашиглалтаас төрд ногдох орлогыг тэтгэврийн санд хуримтлуулах нь. Үүгээр тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг хүртэл нэмэх гэнэ. Тэтгэврийг 500 мянган төгрөг хүртэл нэмэх нь зөв. Ийм хэмжээний тэтгэвэр олговол ахмадууд маань гар амар, хөл хөсөр амьдарна.
Гэхдээ тэтгэврийн даатгалын санг уул уурхайн нэг компаниас олох орлоготой уях нь хэр оновчтой санал вэ. Дэлхийн зах зээлд зэс, молибдений үнэ хэлбэлзэх нь гарцаагүй. Зэсийн үнэ унасан үед тэтгэврийн сангийн орлого буурах нь ойлгомжтой. Энэ тохиолдолд тэтгэврийн хэмжээг дагуулж багасгах боломжгүй. Төсвийн нуруунд л ачаа үүрүүлж таарах биз. Зарим эдийн засагч төрийн өмчит компаниудын дээр тэтгэврийн сан байгуулах хэрэгтэй гэж үздэг. Ингэвэл төрийн өмчит бүх компанийн үйл ажиллагааны ашгаасаа тус санд хуримтлуулж, тэтгэврийн хэмжээг нэмэх эх үүсвэр бүрдүүлэх боломжтой гэнэ.
Хуулийн төслийг боловсруулсны дараа олон зүйл тодорхой болох нь ойлгомжтой. УИХ Салхитын мөнгөний ордын ирээдүйд олох орлогыг урьдчилан зээлээд, ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн. Үүнээс санаа авч, Цагаан суваргын ордоос олох орлогыг тэтгэвэр нэмэгдүүлэхэд зарцуулахаар шийдсэн бололтой. Хуулийн төслийг батлах хэлэлцүүлгийн үед ч олон санал, бодол урган гарах нь тодорхой биз.
УИХ дээрхээс гадна Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг хэлэлцэхээр болсон. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг хуулийн төслийг “Цаг нь болоогүй” гэсэн үндэслэлээр хэлэлцэхээс татгалзсан. Гэвч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн. Уг хуулийн төслийг баталбал Монгол Улсад тэтгэврийн хуримтлалын тогтолцооны суурь тавигдах юм. Тэтгэврийн тогтолцоог ерөнхийд нь хуримтлалын, даатгалын гэж хоёр ангилдаг. Тэтгэврийн даатгалын санд хуримтлуулсан мөнгийг Засгийн газар голцуу банкны хадгаламжийн дансанд байршуулдаг. Энэ нь инфляцад “идэгдээд” эдийн засгийн өсөлтөө гүйцэхгүй “живдэг”. Харин хуримтлалынх нь нэрийн дансанд төвлөрүүлсэн мөнгөөр үр ашигтай төсөл, бизнест хөрөнгө оруулдаг тогтолцоо. Тиймээс эдийн засгийн өсөлтийн давлагааг дагаж хөвнө. Инфляцад “идэгдэхгүй”, өсдөг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүмүүс тэтгэврийн санд шимтгэл төлнө. Түүнийг нь үр ашигтай зүйлд хөрөнгө оруулж өсгөнө. Ингэснээр өндөр хэмжээний тэтгэвэр авах нөхцөл бүрдүүлдэг тогтолцоо юм. Төр, засаг тэтгэврийн хэмжээг өсгөхөөс гадна хуримтлалын тогтолцоонд үе шаттайгаар шилжүүлж, бодлогын хувьд ч тэлэх хэрэгтэй.
Дэлхийд тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд бүрэн шилжсэн цөөн орон бий. Тэдний нэг нь Сингапур. Тус улсын иргэн тэтгэвэрт гарахад дунджаар нэг сая ам.доллар авах эрх үүсэж байгаа аж. Хуримтлалын тогтолцоо нь нэрийн дансанд хуримтлуулсан мөнгө хэсэгчлэн болон нэгмөсөн авах, үр хүүхдүүддээ өвлүүлэх, шилжүүлэх эрх олгодог тогтолцоо. Сингапурын өндөр тэтгэвэртэй иргэд мөнгөө тансаг зэрэглэлийн орон сууц худалдаж авах, эрүүл мэндийн чанартай үйлчилгээнд зориулдаг гэнэ. Монголын Н.Баяр тэтгэвэрт гарахдаа Сингапурын иргэдийнх шиг боломж эдлэхийг хүссэн. Тэтгэврийн хуримтлалын тогтолцоо л түүнд ийм боломж олгоно.
УИХ-ын гишүүн Н.Учрал нарын санаачилсан Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төсөлд Монгол Улсад хувийн тэтгэврийн сан таваас илүүгүй байх хязгаарлалт тавих заалт тусгажээ. Тооны хязгаар тавьснаар хувийн тэтгэврийн сангийн өрсөлдөөн багасаж, тэр хэрээр найдвартай, тогтвортой ажиллагаа нь сайжирна гэж хуулийн төсөл санаачлагчид үзсэн байна. Хэн дуртай нь хувийн тэтгэврийн сан байгуулаад, өрсөлдөөнд орвол бие биеэ доош нь татаад, хөгжлөө боомилох сөрөг талтай гэж болгоомжилж буй. Тэтгэврийн сан нь хувьцаат компанийн хэлбэртэй, хөрөнгө оруулалтын сангийн зарчмаар үйл ажиллагаа явуулахыг хуульчлах нь. Хувьцааных нь 25-30 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад эзэмшүүлэх юм байна. Үүнээс гадна 7-8 аж ахуйн нэгжид 10 хүртэлх хувийг нь эзэмшүүлэхээр тусгажээ. Төлөөлөн удирдах зөвлөлийг нь 9-12 хүнээс бүрдүүлэх нь. Тэгэхээр хувийн тэтгэврийн сангийн хувьцаа эзэмшигч аж ахуйн нэгж бүрийн удирдлага ТУЗ-д нь багтана гэсэн үг. Аж ахуйн нэгжид эзэмшүүлж буй нь тэдний ажиллагсдыг тэтгэврийн сангийн хуримтлалд хамруулах гэсэн бодлого аж.
Н.Баяр Хувийн тэтгэврийн санд сайн дураар шимтгэл төлбөл тэтгэвэрт гарахдаа хуримтлуулсан бүх мөнгөө нэгмөсөн авах эрх үүснэ. Дээр дурдсанчлан, өвлүүлэх, шилжүүлэх эрх эдэлнэ. Тэрбээр “Сард 700 мянган төгрөгийн тэтгэвэр авна гэж бодъё. Таван жил тэтгэвэр аваад бурхан боллоо гэж бодоход 42 сая төгрөг авна. Гэтэл би 140 орчим сая төгрөгийн шимтгэл төлсөн байдаг. Хуримтлуулсан мөнгөө бүгдийг нь биш юм гэхэд дийлэнхийг нь авч чадахгүй нь харамсалтай” гэж ярьсан. Түүний жишээ тэтгэврийн хэмжээг нэмээд зогсохгүй тогтолцоог нь шинэчлэх цаг болсныг харуулж байна.