Ажилгүйдэл, ядуурал, агаар, орчны бохирдол, нийтийн тээврийн хүртээмж, замын түгжрэл, аюулгүй орчин, үүнийг дагасан нийгмийн бухимдал гээд нийслэл Улаанбаатар өч төчнөөн “зовлон”-д хүлэгдээд удлаа. Тэр дундаас хамгийн ужгирсан, шаналгаатай нь авто замын түгжрэл гэдгийг хотынхон дуу нэгтэй хэлнэ. Энэ тухай ярихгүй хүнүгүй. “Улаанбаатарын түгжрэлд амьдралаа өнгөрүүлэх ямар “нүгэл” хийчихсэн улс вэ” гэж хүртэл гомдоллох болсон. Ийм хатуу егөөдөл дагуулсан авто замын түгжрэлийг сааруулах, бууруулах дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа нь нийслэлийн үе үеийн удирдлагыг муухай харагдуулах нэг шалтгаан гэж болно.
Дангинатал цоожилсон “авдар”-т түчигнэж байгаа Улаанбаатарын өнөөгийн дүр зураг алсдаа хэчнээн жил үргэлжлэхийг таашгүй. Ямартай ч хотын шинэ дарга хэдэн өдрийн өмнө хэлсэн үгээрээ үүнийг баталсан. Түүнийхээр бол хотод “халтуур” хийж байгаа хөдөөгийн 27 мянган жолоочийг хөөчихвөл авто зам дээрх “зодоон” үгүй болох юм байх. Түгжрэлийг бууруулах арга замыг бус, буруутныг хайгаад “олчихсон” учраас тун удахгүй “Улаанбаатар 100 хувь аз жаргалтай хот болсон”-ыг ёслол төгөлдөр зарлах буй за. Домгийн шувуун бэлгэдэлтэй хотын тэргүүн “үлгэр” ярьж болно гэж эндүүрэв үү, уучлаарай дарга аа. Хотын түгжрэлийн гол зангилаа нь хөдөөгийн жолооч нарт бус, хариуцлагагүй, сэтгэлгүй, “хөлдүү” удирдлагуудад байсаар ирснийг хүн бүр мэднэ. Нөгөөтээгүүр, улсын хэмжээнд 1.1 сая гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс 600 мянга орчим нь нийслэл хотод байдаг, үүнээс дунджаар 450 мянга нь замын хөдөлгөөнд өдөр тутамд оролцдог гэсэн судалгаа бий талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн цагдаагийн ахмад Б.Зоригоо ярилцлагадаа дурджээ. Үүн дээр нэмээд орон нутгаас ирж, гардаг 20 гаруй мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог ч тэр тоолонд “халтуур” хийж бөглөөс болдоггүй нь ойлгомжтой.
Энэ ташрамд, нийслэлийн “аав”-д зөвлөхөд, олон нийтэд мэдээлсэн статистик баримтаа хэний, ямар байгууллагын эх сурвалжаас авснаа дурдаж байгаарай. Бас таны олж авсан мэдээлэл баттай, эсэхийг нягталсны дараа түгээхгүй бол урт хэл хүзүү орооно гэдэгтэй утга нэг болно.
Замын түгжрэл мухардалд орж, тэг зогсолт хүртэл хийж, “гал алдаад” байхад нийслэлийн удирдлага өнгөц тайлбар хийгээд суухын оронд гарц олохгүй байгаагаа хүлээн зөвшөөрөөд, энэ асуудлыг шийдэж чадсан улсаас мэргэжилтэн урьж, туршлагаас нь хуваалцах, өөрийн нөхцөлд тохирсон “жор” хэлүүлбэл ямар вэ?
АВТО ЗАМЫГ “СУЛЛАХАД” ТАТВАР ЧУХАЛ
Сингапурын авто зам дээр 30 хүртэл минут түгжрэхийг жинхэнэ “нүгэл”-д тооцдог аж. Бидний хувьд “алгын” чинээ нутаг дээр амьдарч буй зургаан сая орчим хүнээс гадна гадаадаас орж, гарч байгаа хөдөлгөөнийг нэмбэл ёстой л шоргоолжны үүр мэт дүр зурагтай хот-улсын авто замууд дээр 60 км/цагаас бага хурдтай явахыг хориглодог юм байна. Замууд нь огтлолцдоггүй, уулзваруудыг давхрын системээр зохицуулсан учраас машинууд байсхийгээд л гэрлэн дохионд “торж, тээглэхгүй”-гээр хурдална. Улаанбаатарын замуудад тав алхаад л уулзвар байгаа нь түгжрэх, хөдөлгөөн саатах нэг том шалтгаан гэдгийг жирийн иргэд ч андахгүй. Харин уулзварынхаа тоотой дүйх хэмжээний авто зогсоол байвал энэ “тээглүүр”-ийг тодорхой хэмжээнд шийдэх боломжтой.
Египетчүүд авто замаа ихэвчлэн нэг урсгалтай шийдсэн байдаг. Ийм тохиолдолд гарц, уулзварыг мөн л гүүрэн болон давхраар шийджээ. Сингапурт бас автомашины тоог хязгаарлаж, такси, автобусны үнийг бууруулсан нь 1990-ээд онд онцгой үр дүнтэй байсан гэдэг. Тус улсад худалдаж авсан автомашинаа бүртгүүлэх нь өртгөөсөө 1.4 дахин үнэтэй. Мөн импортын автомашинд 41 хувийн татвар ногдуулдаг юм байна. Энэ бүхний эцэст түгжрэлгүй болсон аж.
Олон улсын шинжээчид хэдэн жилийн өмнө дэлхийн том хотуудын замын түгжрэлээс улбаатай нийгэм, эдийн засгийн хохирлыг судалж, зорчигчдын сэтгэл ханамжийн индекс гаргажээ. Үүний хүрээнд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөлгөөнийг цагариг, тойргийн системд шилжүүлэх, өндөр татвар ногдуулах нь замын түгжрэлийг сааруулахад илүү үр дүнтэйг тогтоожээ. Эл судалгаанд Шведийн Стокхолм, Испанийн Мадрид, Аргентины Буэнос-Айрес, Сингапур хотын хэдэн мянган жолооч “Замын түгжрэлд 30 минутаас илүү хугацаанд гацвал орон нутгийн удирдлагыг шүүхэд өгөх ёстой. Иргэд тэр цаг хугацаанд ямар хэмжээний хохирол амсахыг тооцоолж, нөхөн төлбөр олгох нь зүйтэй” гэж хариулсан байна. Тэгвэл манай нийслэлд амьдарч буй хүмүүсийн авто зам дээр өнгөрүүлдэг амьдралыг мөнгөөр тооцвол юу болохыг албаныхан маань нэг тооцоод үзээрэй.
Европчууд нийтийн тээврээр үйлчлүүлэх эрмэлзэлтэй болж байгааг уг судалгаагаар тогтоожээ. Олон улсын хэмжээнд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 41 хувь нь нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах нь замын түгжрэлээс үүдэлтэй стрессийг бууруулахад тустай гэжээ. Жишээ нь, оргил ачааллын үеэр Стокхолм хотын төв рүү нэвтрэхэд өндөр хураамж төлдөг учраас нийтийн тээврээр үйлчлүүлэх нь хамгийн зөв шийдэл аж. Энэ нь зөвхөн цаг хугацаа хэмнэх асуудал бус, амьдралын чанарыг сайжруулахтай холбоотойгоос гадна агаарын бохирдлыг бууруулахад маш үр дүнтэй гэдгийг судлаачид онцолсон байна. Ингэж төв замын хөдөлгөөнийг багасгасны ачаар автобус торохгүй явдаг юм байна. 2010-аад оноос Германы Лейпциг хотын удирдах ажилтнууд нийтийн тээврээр үйлчлүүлэх нь зам дээрх автомашины тоог эрс бууруулж, түгжрэлийг сааруулахад чухал нөлөөтэйг өөрсдөө үлгэрлэдэг болсноос хойш автобус, цахилгаан галт тэрэг, трамвай, метрог сонгох хүний тоо эрс нэмэгдсэн гэнэ. Түүнчлэн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлыг бууруулах, замын нэг эгнээг автобусны хөдөлгөөнд зориулах зэрэг олон арга хэмжээ авчээ. Үүнээс гадна Германд түгжрэлийг сааруулах зорилгоор нэг чухал шийдвэр гаргасан нь замын хөдөлгөөнд нэгэн зэрэг оролцохгүй байх буюу байгууллагуудын болон ажилтнуудын ажил эхлэх цагийг зөрүүлэн зохицуулжээ. Ийм зохицуулалт манайд чухал санагддаг.
Парист нийтийн тээврийг дэмжих замаар түгжрэлийг бууруулдаг бол Дани хүн амынхаа 20 гаруй хувийг унадаг дугуйгаар зорчуулдаг болсон дэлхийн анхны улс юм.
Тэгвэл Хятад улс шинэ автомашины бүртгэлд хязгаарлалт тогтоожээ. Улсын хэмжээнд жилд ердөө 240 мянган автомашин бүртгэдэг талаар мэдээлэл байна. Бээжинд шинэ автомашин бүртгүүлэх нь том “зовлон” гэнэ. Шинээр дугаар олгодоггүй учраас хамаатан саднаасаа өвлөгддөг байна. Мөн сар бүр сугалаагаар дугаар хожих аз цөөхөн хүнд тохионо. Орон нутгийн эрх баригчдын тусгай зөвшөөрлийн дагуу оршин суугч бус хүмүүсийг Бээжинд нэвтрүүлдэг ч ачаалал ихтэй үед хөдөлгөөнд оролцохыг нь хориглодог байна. Зөрчвөл өндөр торгууль ногдуулдаг. Давтан зөрчвөл торгуулийн хэмжээг эрс нэмдэг аж. Хотын дарга маань орон нутгийн “халтуурчдаа” ийм аргаар барьж болох нь.
Дээр дурдсан олон улсын туршлагуудаас цогцоор нь хэрэгжүүлэх хэрэгтэй аж. Дан ганц дугаарын хязгаарлалт, зам сэтлэх зэргээр аргацаах бус, замын ачааллыг бууруулахад анхаарах ёстой. Ялангуяа автомашины тоог хязгаарлах тал дээр нэн түрүүнд хөдлөхгүй бол түгжрэлийг дагасан нийгмийн стресс нийслэлчүүдийн амьдралын чанарыг улам дордуулсаар. Энэ оны эхний таван сарын байдлаар хил гаалиар 19 700 автомашин оруулж ирсэн байх юм. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр, жилд 40 мянга гаруй машин Монголд “ирдэг” гэнэ. Хөл тавих зайгүй дээрээ нэмээд жил бүр ийнхүү хэдэн мянгаар нь бүртгээд байвал түгжрэл гэдэг сэдэв “мөнх наслах” нь ойлгомжтой. Ингэхгүй бол замын даацаа хэтрүүлэн, түгжрэлээ нам түгжиж аваад өнөөх утопи мөрөөдлөө, тодруулбал, тэнгэрийн “автобус”-аар зорчуулах санаагаа хэрэгжүүлэхээр зүтгэж мэдэх нь, хотын эрх баригчид.
Олон улсын жишгээс харахад дүүжин тээврийг богино зайд, амралт, аяллын зориулалтаар л ашиглаж иржээ. Түүнээс биш мегаполис хотын нийтийн тээврийг “утастай” унаагаар шийдсэн нь нэгээхэн ч алга. Угаас дөрвөн уулынхаа дунд төмөр хөлгүүдээрээ хүрээлүүлэн цоожлогдчихоод байгаа улаанбаатарчуудыг дүүжин тээврээр зорчуулах боломжгүйг салхи хүртэл “хэлээд” өгнө дөө. Тэр цагт рэйлбусын замаар орж, хэлхээтэй хэдэн төмрөө хаа нэг агуулахад өндөр үнээр хадгалах нигууртайг дахин сануулъя.
Өөр нэг анхаарах зүйл нь, Улаанбаатар хотын төлөвлөлтийг оройтсон ч гэсэн цэгцлэхгүй бол горьгүй нь. Анх хагас сая хүрэхгүй хүн амтай байхаар төлөвлөн босгосон хэмээдэг хот өнөөдөр мегаполис гэсэн ангилалд багтах хэмжээнд тэлж, томорсныг санах учиртай. Нийслэлийн авто замууд “цоожлогдсон” бас нэгэн шалтгаан энэ бөлгөө.