ЮНЕСКО өнгөрсөн онд зохион байгуулсан 40 дүгээр чуулганаараа жил бүрийн арваннэгдүгээр сарын 5-ны өдрийг “Сургуулийн орчин дахь дээрэнгүй байдал, хүчирхийлэл, цахим дарамтыг устгах олон улсын өдөр” болгон зарласан. Товчхондоо, өнөөдөр “Сургуулийн орчны дээрэнгүй байдал, хүчирхийлэл, цахим дарамтыг устгах олон улсын өдөр” тохиож байна. Дээрх төрлийн хүчирхийлэл нь олон сая хүүхэд, залуучуудын сурч боловсрох үндсэн эрхийг хязгаарладаг. Тиймээс дэлхий нийт сургуулийн орчимд гардаг дээрмийн хэрэг, үе тэнгийнхний дарамт шахалт болон цахим дарамтын асуудалд анхаарал хандуулж урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж эхэлжээ.
Дэлхий дахинд нийт сурагчдын 30 хувь нь сургуулийн орчинд дээрэлхүүлснээс үүдэн сурлагын амжилт нь буурч, сургууль завсардаж, мөн бие бялдар, сэтгэцийн эрүүл мэндээр хохирсон гэх судалгаа байдаг. Мөн “Ковид-19” цар тахлын үеэр сургуулиудыг түр хаах арга хэмжээ авсан ч дорвитой хяналтгүйн улмаас хүүхэд, залуучуудын цахим хэрэглээ эрс нэмэгдсэн байна. Энэ нь хүүхэд цахим дарамтад өртөх эрсдэлийг эрс нэмэгдүүлжээ. ЮНЕСКО-оос гаргасан “Сургуулийн орчин дахь дээрэнгүйлэл, хүчирхийллийг зогсоох нь тайланд дурдсанаар” тайланд дурдсанаар Монгол Улсын хувьд сүүлийн 12 сарын хугацаанд сургуулийн орчинд дээрэлхүүлсэн, хүчирхийлэлд өртсөн сурагчдын ихэнх нь 14 настай хүүхдүүд байж. Тэдний 43.8 хувь нь зодоон хийсэн бол 30 хувь нь бие махбодын халдлагад өртсөн байна. Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 6, 8, аравдугаар ангийн 11-16 насны 1236 сурагчийг хамруулан хийсэн судалгааны үр дүнгээс харахад судалгаанд оролцогсдын 37.9 хувь нь ямар нэг байдлаар дээрэлхүүлж доромжлуулсан, 40,7 хувь нь бусад хүүхдийг зодуулж дээрэлхүүлж байхыг харсан бөгөөд бие махбодын хүчирхийлэл хөвгүүдийн дунд, сэтгэл зүйн хүчирхийлэл охидын дунд илүү их тархалттай байна. “Сургуулийн орчны дээрэнгүй байдал, хүчирхийлэл, цахим дарамтыг устгах олон улсын өдөр”-т зориулан нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс болон ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлагын хөтөлбөрийн Монголын үндэсний хороо хамтран энэ өдөр ЮНЕСКО-ийн Холбоот 2-р сургууль, 31-р сургууль, Монгени цогцолбор сургуулиудын дунд ангийн сурагчдын сургуулийн орчин дахь дээрэлхэлт, цахим дарамтаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилго бүхий сургалтыг зохион байгуулж байна.