Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Ирэх оны улсын төсвийн төсөлд Хэнтий аймагт 125.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгасных нь төлөө Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нарыг Үндсэн хуулийн цэцэд “өгснөө” хуульч Б.Гүнбилэг мэдэгдэв. 2020 оны улсын төсвөөс тус аймагт 68.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулахаар төлөвлөсөнтэй харьцуулбал ирэх жил энэ тоо бараг хоёр дахин нэмэгдэх нь.
Хэдийгээр жил жилийн улсын төсвийн төслийг Сангийн яамныхан боловсруулж, сайд нь УИХ-ын өмнө хамгаалж, тайлбарладаг ч Засгийн газрын тэргүүн хийгээд гүйцэтгэх засаглалын хамаг ажлыг “баздаг” Хэрэг эрхлэх газрын дарга нь Хэнтий аймгийнх, тэндээс парламентад сонгогдсон тул тойргийнхоо иргэдэд давуу байдал үзүүлж, бусдадаа тэгш хандаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж тэрбээр үзжээ. Үндсэн хуулийн 19.1-т “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, 23.1-т “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасныг эл хуульч онцолж буй. Гэхдээ Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төсөл бус, түүнийг өргөн барьсан Засгийн газрын шийдвэр, үйл ажиллагааг хариуцдаг, удирддаг дээрх албан тушаалтнуудын үйлдлийг шалгуулахаар Цэцэд хандсаныг дахин тодотгоё.
Үнэхээр ч улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээгээр Хэнтийг гүйцэх аймаг алга. 80 орчим мянган хүн амтай, эл үзүүлэлтээрээ 21 аймгаас 14-т жагсдаг Хэнтийд хуваарилсан хөрөнгө оруулалт бусдаасаа даруй 2-9 дахин их байна. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд, тодорхой хэлбэл У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш үлэмж нэмэгдсэнийг өнгөрсөн 10 жилийн тоон мэдээллээс харж болно. У.Хүрэлсүхийг 2017 оны есдүгээр сард буюу дараа жилийнх нь улсын төсвийг боловсруулж, хэлэлцэж, батлахаас өмнө Ерөнхий сайдаар томилсон. Мөн Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар “тавив”. Өөрөөр хэлбэл, сүүлийн дөрвөн жилийн төсвийн төслийг У.Хүрэлсүхийн Засгийн газар боловсруулж, УИХ-д үнэмлэхүй олонхыг бүрдүүлсэн намынхан нь батлан, зарцуулж буй. Тэгвэл 2018, 2019, 2021 онд Хэнтий аймагт улсын төсвөөс хийх хөрөнгө оруулалт өмнөх жилээсээ даруй хоёр дахин нэмэгдсээр, сая 125.8 тэрбумд хүрэхэд олон нийтийн анхааралд өртөх нь тэр. Өнгөрсөн жил гэхэд энэ оны төсвийг хэлэлцэхдээ УИХ болон орон нутгийн сонгуультай холбоотойгоор эрх баригчид төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг нийслэл, бүх аймагт огцом нэмэгдүүлсэн билээ.
Хөрөнгө оруулалтын хэмжээ нь огцом нэмэгдсэн өөр нэг аймаг бий. Тэр нь Баянхонгор. Ирэх жил тус аймагт 124.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс хийхээр төлөвлөж буй бөгөөд энэ нь 2020 онд 31.7 тэрбумаар баталсантай харьцуулбал бараг дөрөв дахин өссөн дүн. Бас л хувь хүн, тодорхой улстөрчийн нөлөөгөөр хөрөнгө оруулалт нь нэмэгдлээ гэж хардах хүн олон байна. Шуудхан хэлбэл, УИХ-ын дарга Г.Занданшатар тус аймгаас сонгогдсон, Ерөнхийлөгч Х.Баттулга Баянхонгорынх.
Ингээд ирэх жилд дээрх хоёр аймагт хийгдэх хөрөнгө оруулалтын дүн нийт хүн амын тал нь оршин суудаг Улаанбаатарынхтай дүйх шахаж байгаа юм. Энэ хуваарилалт шударга гэж үү. Үүнийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбарлахдаа “Монгол Улсын бүх аймаг нийслэлтэй авто замаар холбогдоход 20-30 км л дутуу байна. Тэр үлдсэн хэсгийн хөрөнгө оруулалт Баянхонгор аймгийнхад нэмэгдэж бичигдэхээр өндөр дүнтэй гараад байгаа юм. Мөн Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгох бодлогыг У.Хүрэлсүхийн Засгийн газар баримталж байгаа. Үүнд хамаарах санхүүжилт тус аймгийн хөрөнгө оруулалтын дүнд нэмэгдэж байгаа” хэмээсэн. Сангийн сайдын тайлбар үнэний ортой байж болох ч хэн хүчтэй, нөлөөтэй нь тойрогтоо ахиухан хөрөнгө хуваарилуулдаг нь нууц биш, нэгэнт тогтсон жишиг гэхэд болно. УИХ-ын гишүүн, сайд асан Ч.Улаан Сүхбаатар аймаг, тойрогтоо ажиллахдаа “Сангийн сайд тулдаа “арын хаалгадаж”, ахиухан төсөв хуваариллаа” гэх маягаар сайрхдаг байсан юм даг. Үнэндээ үгүйсгэх аргагүй л дээ. Жил бүр улсын төсөв хэлэлцэх үеэр Сангийн сайд болон уг төслийг УИХ-ын хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч хоёрт бараг бүх гишүүн “хайр” зарладаг нь үнэн. Хуваарилалт нь шударга бус, хэн нэгэн дарга, сайдын хаялга л хамгийн чухал хүчин зүйл болж ирсэн энэ жишгийг ингээд л үргэлжлүүлээд байх уу.
Гэвч Цэцээс өөдтэй шийдвэр гарна гэж үл найдна. Өмнө нь үүнтэй төстэй мэдээлэл Цэцэд ирэхэд “Үндсэн хууль зөрчөөгүй ээ” гээд буцаасан. Тодруулбал, УИХ-ын 76 мандатаас Улаанбаатар хотод 24-ийг хуваарилсан нь Үндсэн хуулийн 1.2, 2.1-ийг зөрчиж байна гэж хуульч Т.Бат-Оргил, Д.Миеэгомбо нар нийслэлийн иргэдийн өмнөөс өнгөрсөн хоёрдугаар сард Цэцэд мэдээлэл гаргаж байв. Үндсэн хуулийн 2.1-ийн дагуу нэгдмэл улс болохын хувьд хүн амын тоогоо хувь тэнцүүлж, мандат, тойргоо хуваарилах ёстой гэж тэд үзсэн юм. Тэдний гаргасан мэдээлэлд “Төрийн нэгдмэл байгууламжтай Монгол Улсын сонгуулийн тойргууд нь тухайн тойрогт суугаа хүн амын тоонд илтэд хувь үл тэнцэх тооны мандат хуваарилж буй нь тойргуудын эрх зүйн статусыг холбооны муж улстай адилтган үзэж байгаа агуулгаараа Үндсэн хуулийн дээр дурдсан заалт, түүгээр тогтоосон зарчмыг бүхэлд нь үгүйсгэн зөрчиж байна” хэмээн онцолсон. Гэвч эрх баригчдын зурснаар сонгууль болж, Улаанбаатараас хамгийн ихдээ 28 гишүүн сонгож байсан жишгийг халж, нийслэлийн мандатаас дөрвийг нь хассан. Улмаар 2016 оны сонгуулиар нэг мандаттай байсан Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Булганд өнөөх дөрвөн мандатыг нэг нэгээр нь хуваарилсан билээ. Тэгж яривал 2012 оны сонгуулиар УИХ-д олонх болсон АН-ын парламент дахь бүлгийг удирдаж байсан нөлөөгөө ашиглан Б.Гарамгайбаатар улайм цайм лоббидож, “Их эзэн Чингис хааны төрсөн нутаг, Хэнтий аймгийн сонгуулийн мандатыг нэмэх ёстой” гэсээр байгаад гурав болгосон юм даг.
Аливаа улстөрч, бүлэглэл намынхаа удирдлагад ойр, нөлөөгөө ашиглах, магадгүй мөнгө, бусад хүчин зүйлийн тусламжтайгаар мандатын тоог тогтоож ирсэнтэй агаар нэг үйл явц төсвийн хөрөнгө оруулалтыг хуваарилж буй энэ өдрүүдэд өрнөж байна. Ийм байхад улс орныг хамарсан нэгдмэл, цогц бодлого урагшлах уу. Жалга дов тойрсон улстөржилт хумигдах уу. Хүн амын тал нь суурьшсан, тэр хэмжээгээр асуудлууд овоорсон нийслэлийг төлөөлөх түшээд аймгуудаас мандаттай хүмүүсийн өмнө хүчин мөхөстөж буйгаар үл барам хөдөөд ч хэн нөлөөтэй байх вэ гэсэн зиндаархал хэдийн бий болчихоод байгаа нь энэ биш гэж үү. Хөдөөнөөс сонгогдсон гишүүд Улаанбаатарын иргэдэд урьтаж санаа тавихгүй нь үүгээр илэрч байгаа нь энэ. Алслагдсан сумын анги нь дүүрэхгүй байгаа сургуулийг жил бүр их засварт оруулж байхаар нийслэлд нэг сургууль нэмээд барьчих боломж, хөрөнгө алдагдаж байна. Уг нь улсын хэмжээнд яригддаг олон асуудлыг нэгдүгээрт тавьж, шийдэх ёстойг хэдийн ойлгосон баймаар даа, улстөрчид.