Хүмүүс бид өөрсдөө ч мэдэлгүй хэн нэгнийг гомдооно. Зарим нь сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй хүчирхийлэл үйлдэнэ. Өөрийн тав тух, хүсэл шунал, аз жаргалын төлөө өрөөлийг золих нь цөөнгүй. Эдгээр үйлдлийн золиос бологсод нь ихэвчлэн эмзэг хүмүүс байдаг. Бас тэдний ихэнх нь гомдол гунигаа дотроо тээж, хэрхэн өөрт учирсан зовлонгоо гэтлэх арга замаа ололгүй мухардсан байдаг. Тодорхой хэлбэл, төр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн эрх тэгш оролцоог хангаж чадахгүй байна. Ялангуяа боловсрол эзэмших, мэдээлэл авах, үйлчлүүлэх хүртээмжийг хязгаарлах, бэлгийн хүчирхийллийн золиос болгох, тэдний өмнөөс бэлгийн болон нөхөн үржихүйн асуудлаар албадан шийдвэр гаргах зэрэг хүний эрхийг зөрчсөн ноцтой асуудал гарсаар байна. Тиймээс Монголын Америкт төгсөгчдийн холбооны (Mongolian Association of State Alumni) гишүүд хамтран “Зөрлөг” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Уг төсөл нь ялгаварлан гадуурхал, тэгш бус байдал, хүчирхийллийн золиос болсон хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдэд өөрсдийн түүхээ төслийн цахим хуудсаар дамжуулан бусадтай хуваалцах боломжийг олгож буй. Мөн тэднийг гомдоож, хохироосон хүмүүсийн санаатай болон санаандгүй үйлдлүүдэд хүний эрх, нийгмийн халамж, хууль зүйн мэргэшсэн шинжээчид дүн шинжилгээ хийж зөвлөгөө өгөх аж. Ингэснээр тэдэнтэй ижил асуудал тулгарсан бусад охид эмэгтэйчүүд өөрсдийн эрхийн талаар илүү ойлголттой болж, гэр бүл болоод нийгмийн харилцаанд орж буй бусад хүмүүст хандлага, үйлдэлдээ дүгнэлт хийх боломж олгоно. Гэхдээ төслийг хэрэгжүүлэгчид хэн нэгнийг буруутгахыг зориогүй гэдгээ онцолсон билээ. Харин нийгэмд оршин буй ижил, тэгш бус нөхцөл байдлын талаар хүмүүст гүнзгий ойлголт өгч, бие биедээ хүнлэг хандах, хүний эрхийг дээдлэх сэдлийг өдөөх зорилготой. Түүнчлэн ялгаварлан гадуурхал, хүчирхийллийн учир шалтгаан, нөхцөл байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалахтай холбоотой төрийн зохицуулалт, үйлчилгээ нийслэл хот болон алс хязгаар нутагт ямар байгаа, хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй хүмүүсийн дундах мэдлэгийн ялгаа хэр байгаа зэргийг тодруулах юм. Монголын Америкт төгсөгчдийн холбооныхон америкт төгсөгчдөд зориулан олон улсын хэмжээнд зарласан Alumni Engagement Innovation Fund-ын уралдаанд оролцож, нийт 1200 төслөөс шалгарчээ. Улмаар “Зөрлөг” төслийг хэрэгжүүлэхэд АНУ-ын Төрийн департмент, Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Төслийн багийн ахлагчаар “Бид Чадна” ТББ-ын захирал Б.Отгонтуяа, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоог үүсгэн байгуулагч, захирал Б.Гантуяа, зөвлөхөөр хүний эрхийн мэргэжилтэн Б.Болорсайхан, хуульч Х.Наранбулаг, олон улсын харилцааны мэргэжилтэн, Unread дижитал платформын хамтрагч Н.Халиунаа нар ажиллаж байна.