Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын байранд “Камерын хяналтыг сайжруулах, шалгалтын дүнг танилцуулах” уулзалт зөвлөгөөн болов. Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Нийтийн тээврийн газрынхан энэ үеэр гол илтгэлийг тавьсан. Зөвлөгөөнд нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргап, Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн нар оролцов. 2018 онд “Улаанбаатар смарт” компани, НЦУГ, Нийтийн тээврийн газар хамтран 1200 автобус камержуулжээ. Харин өнөөдрийн байдлаар автобусны камеруудын тодорхой хувь ажиллагаагүй болсон гэнэ. Дээрх хоёр байгууллагынхан өнгөрсөн есдүгээр сарын 20-25-ны хооронд автобуснуудад хяналт, шалгалт хийжээ. Энэ хүрээнд 23 аж ахуйн нэгж байгууллагын 1200 автобусны камерын хэвийн ажиллагааг шалгахад цөөнгүй зөрчил, дутагдал илэрсэн байна. Тодруулбал, 666 автобус зөрчилтэй байжээ. Жолооч нар бэлэн мөнгө авах, тамхи татах, утсаар ярихын тул хяналтын камерын хянах өнцгийг өөрчилж, утсыг тасалдаг аж. Тиймээс шалгалтад хамруулсан байгууллагын удирдлагыг зөвлөгөөнд урьж камерын хяналтыг сайжруулах нэгдсэн шалгалтын дүнг танилцуулахын зэрэгцээ харилцан санал солилцжээ. Мөн зөрчлийг арилгах албан шаардлага өгсөн. 2020 оны аравдугаар сарын байдлаар нийслэлд халаасны хулгайн гэмт хэрэг 2300 бүртгэгдсэн аж. Үүний 49.7 хувь буюу 1175 нь нийтийн тээвэр, автобусны буудалд үйлдэгджээ.