УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ХЭҮК-ын шинэ гишүүдийг томилох асуудлыг хэлэлцлээ. Эл хуралдаанд 17 гишүүн ирж 89.5 хувийн ирцтэйгээр асуудлыг хэлэлцэв. Нээлттэй сонсголоор 19 хүний нэрийг дэвшүүлсэн. Харин УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор тэднээс тавыг нь дэмжиж, танилцууллаа. Учир нь 2020 оны нэгдүгээр сарын 23-нд баталсан ХЭҮК-ын хуульд зааснаар тус байгууллага гурав биш таван гишүүнтэй байхаар хуульчилсан. Энэ өдөр Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч асан Ж.Хунан, ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгч, хуульч, судлаач Б.Энхболд, Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, дэд профессор, хуульч Д.Сүнжид, Хүний эрхийн үндэсний комиссын мэргэжилтэн хуульч Х.Мөнхзул, Бие даасан шинжээч Г.Нарантуяа нарыг ХЭҮК-ын гишүүнээр сонгохыг дэмжжээ. Тэднийг ирэх баасан гарагт болох УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, гишүүдийн санал хураалтаар томилно. Мөн нэр дэвшиж сонгогдсон таван гишүүнээс нэг нь ХЭҮК-ын дарга болно. Үүнээс гадна ХЭҮК-ын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшсэн гурван хүний алийг нь ч дэмжсэнгүй. Тус сунгаанд ХЭҮК-ын даргын үүрэг гүйцэтгэгч П.Оюунчимэг, хуульч, судлаач Д.Цэнд-Аюуш, НЦУГ-ын дарга, цагдаагийн Ш.Цогбаатар нар нэрээ дэвшүүлсэн билээ.