“Шилдэг хэсгийн төлөөлөгч -2020” тэмцээнд шувтрах шатандаа оров. Тодруулбал, шилдгийн шилдэг хэсгийн төлөөлөгч шалгаруулах гурав дахь шатны тэмцээний нээлт өнөөдөр боллоо. Аймаг, аймгаас ирсэн шилдэг хэсгийн төлөөлөгчид энэ өдөр нийслэлд цугларч, хэн хамгийн шилдэг нь болохыг шалгаруулах том сорилгын өмнө ирэв. Цэц мэргэн байж, хурд самбаагаараа бусдаасаа ялгарсан, мэдлэг оюунаа хөвчилсөн нэг л хүн шилдгийн шилдэг болно. Хууль зүй дотоод хэргийн сайдын нэрэмжит "Шилдэг хэсгийн төлөөлөгч -2020" тэмцээний гол зорилго нь тэдний гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх арга тактик, мэдлэг чадварыг дээшлүүлэх, албандаа хандах эерэг хандлагыг нэмэгдүүлэх юм.
Д.Батсүрэн: Орон нутагт малын хулгай их гардаг
Хэнтий аймгийн Мөрөн сумын хэсгийн төлөөлөгч Д.Батсүрэнтэй цөөн хором ярилцлаа.
-Хэнтий аймгийн шилдэг хэсгийн төлөөлөгч болсонд баяр хүргэе.
-ХЗДХЯ-наас жил бүр зохион байгуулдаг шилдэг хэсгийн төлөөлөгч тэмцээнд оролцож, Хэнтий аймгийн 18 сум, гурван тосгоны хэсгийн төлөөлөгч нараа хошуучилснаар нийслэлд ирсэн. Энд гурав дахь шатны тэмцээн үргэлжилж байна. Энэ удаа гадаад хэл, хууль эрх зүйн мэдлэг, эсээ бичих чадвар, буудлага, албаны морь зүслэх шүдлэх, тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвараараа өрсөлдөж байна.
-Цагдаагийн байгууллагад хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
-2014 онд ХСИС-ийг төгссөн. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчаас ажлын гараагаа эхэлсэн. 2017 оноос Хэнтий аймгийн Мөрөнд сумд хэсгийн байцаагчаар ажиллаж байна. Сумын хэсгийн төлөөлөгч гэдэг замын осол гарвал тээврийн цагдаа, хэрэг гарвал мөрдөн байцаагч, энгийн үедээ урьдчилан сэргийлэх ажилтан, хэв журам хамгаалагч гээд бүгдийг хийдэг нэр төртэй, хариуцлагатай алба.
-Орон нутагт ямар төрлийн гэмт хэрэг их гардаг вэ?
-Малын хулгай их гардаг. Хээр талд үйлдэгддэг, эзэнгүй, гэрчгүй ул мөргүй байдгаараа малын хулгай ялгаатай. Манай сумаар төв зам дайрдаг. Тиймээс сумын зарим ажилгүй иргэн гэлтгүй дамжин өнгөрч буй хүмүүс малын хулгайн гэмт хэрэг үйлддэг. Бид хуулийг хэр чадлаараа сурталчилдаг. Мэдээлэл технологи хөгжсөн үед малчид бэлчээрээсээ 3G, 4G ашиглаад мэдээлэл авах боломж бүрдсэн. Гэхдээ орон нутагт эрэгтэйчүүд ганцаараа амьдрах нь ихэссэн. Хүүхэд нь суурин газар сурдаг, тэднийгээ дагаад эхнэр нь сумын төвд амьдардаг. Үлдсэн эрчүүд хүн хүч хүрэлцэхгүй учраас бог, бодынхоо дунд ганцаараа гүйх тохиолдол гардаг. Эсвэл эхнэр, хүүхдээ эргэхээр төв орох хооронд нь нөхдүүд малыг нь хулгайлдаг. Тиймээс малаа хариулж байхыг иргэдэд анхааруулъя.
Шилдгийн шилдэг хэсгийн төлөөлөгч шалгаруулах тэмцээний нээлтийн үеэр ЭЦА-ны Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Ц.Баярсайханаас орон нутагт ажиллаж буй хэсгийн төлөөлөгчдөө хэрхэн дэмждэг талаар тодруулахад “Засгийн газар, ЦЕГ-аас хэсгийн төлөөлөгчийг тогтвор суурьшилтай ажиллуулах үүднээс шат дараатай бодлого хэрэгжүүлж буй. Тухайлбал, орон нутагт тасралтгүй таван жил ажилласан хэсгийн төлөөлөгчид 30 сарын цалинтай тэнцэх урамшуулал нэг удаа олгодог. Мөн сум бүрд ажиллаж буй хэсгийн төлөөлөгчдийг орон сууцаар хангаж байна” хэмээсэн. Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй уг тэмцээнд 301 хэсгийн төлөөлөгч оролцсоноос шилдэг 21 нь нийслэлд иржээ. Шилдэг хэсгийн төлөөлөгчийг гурав хоногийн тодруулна.